Б.ДОЛЖИНЖАВ
Аливаа нэгэн тэмдэглэлт өдрөөр хамгийн чухал хүн нь баярлахгүй үлдэх тохиолдол олон бий. Уг нь өнөөдөр олон улсын ахмадуудын баярын өдөр. Ихэнх улс оронд энэ өдрөөр ахмад үеийнхээ хүлээн авч, залуу насандаа хийж бүтээсэн бүхнээр нь бахархаж байгаагаа илэрхийлэхийн сацуу цаашид ч эх орондоо хэрэгтэй зүйл хийж бүтээх, сэтгэл хангалуун амьдрах боломжийг нь бүрдүүлэхийн төлөө хичээн зүтгэхээ амладаг. Харин Монголд байгууллагууд ахмад ажилтнаа хүлээн авч, нэг уулзалт хийгээд шагнал гардуулснаа баярлуулж байна хэмээн итгэсээр хэдэн арван жилийг үдлээ. Ингэхэд бид жилд ганцхан өдөр л найз нөхөдтэйгээ уулзчихаад бусад 364 өдөрт нь сэтгэлээ нээх хэн ч байхгүй орчинд ганцаараа амьдарч чадах билүү. Төсөөлж үзэхэд ганцаардал, уйтгар гуниг, харуусал гэсэн сөрөг мэдрэмжүүд төрж байгаа болов уу. Гэхдээ Монгол Улсад амьдарч байгаа 300 гаруй мянган ахмад настны ихэнх нь тэтгэвэртээ гараад асар их ганцаардалд дунд хайр халамжаас ангид үлдсэн амьдралаа өнгөрүүлдэг тухай бид хөндөж хэд хэдэн цуврал нийтлэл хүргэж байв. Гадаадын орнуудад байдаг шиг ахмадуудын чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх, бие болоод сэтгэл зүйгээ эрүүл байлгахад нь туслах зорилго бүхий өдөр өнжүүлэх төв Монголд ганцхан байдаг нь Япон эмэгтэйн үүсгэн байгуулсан төв болох талаар “Монгол эмээ тэтгэвэрт гараад юу хийдэг вэ” гэсэн нийтлэлээрээ хүргэж байлаа. Харин энэ удаа Монгол хүний санаачлагаар байгуулагдсан Ахмадын өдөр өнжүүлэх төвөөс сурвалжлага бэлтгэлээ.
ӨНГӨРСӨН ЖИЛ 1200 АХМАДАД ҮЙЛЧИЛЖЭЭ
“Алдар гавьяагаа мөнхөлсөн ахмадууд минь наашаа суу. Амжилт бүтээлээр дүүрэн өнгөрсөн он жилүүдээ дурсая” гэсэн үгийг үүдний угтах хэсгийн ханандаа бичсэн нь хамгийн эхэнд нүднээ туслаа. Энэ бол “86400” Төрийн бус байгууллага буюу УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилгаар байгуулагдсан Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх төв юм. Тус төв гурван жилийн өмнөөс ахмадуудад өдрийн үйлчилгээ үзүүлж байсан ч энэ оны наймдугаар сарын 26-наас өдөр өнжүүлэх төв болон үйл ажиллагаа өргөжүүлсэн юм. Сонгинохайрхан дүүргийн гэртээ ганцаараа амьдардаг, өдөртөө ганцаараа үлддэг ахмадууд тус төвд ирж, 10 хоногийн турш эрүүл мэнд, сэтгэл зүй болон бусад өөрт хэрэгцээт үйлчилгээг авах боломжтой.
Биднийг 15:00 цагийн үед очиход цайны өрөөнд хэсэг ахмадууд хоорондоо зайтай суун хууч хөөрч байлаа. Ярианыхаа “амтанд” орсон тэд хажууд нь хүн ирснийг ч анхаарах сөхөө байсангүй. Энэ өрөөний хойд хэсэгт ахмадуудын шигтгэсэн зураг, нэхсэн бойтго, шүрээр хэлхсэн үсний боолт, даруулга гэсэн олон төрлийн гоёмсог бүтээлүүдийг эгнүүлэн тавьжээ. Нас ахиад ирэхээр хүний захын мэдрэлийн эсүүд ажиллахаа больж, хараа болон өнгө ялгах чадвар мууддаг учир шүр хэлхэх, шигтгээ наах зэрэг тэдний эрүүл мэндэд асар их тустай юм.
Цааш явбал олон төрлийн дасгалын төхөөрөмж, эмчилгээний ор байрлуулсан хэд хэдэн өрөө байх агаад өрөө тус бүрт 3-4 ахмад настан байв. Халдвар хамгааллын дэглэмийг баримтлахын тулд тэд маск зүүсэн байхын сацуу хүн хоорондын зайгаа барьж суугаа нь энэ аж. Биднийг очих үед “Өнөөдөр 46 хүн шинээр ирлээ. Ачаалал их байна. Өдөрт 40-50 хүн ирэхээр ажилчид бүгд ажиллаж завгүй гүйдэг. Сэтгэл зүйч, эмч, сувилагч, багш ажилладаг боловч хүн ихтэй үед цэцэрлэгийн багш нар тусалдаг” гэсээр Тэмүүжингийн андууд” цэцэрлэгийн менежер Э.Мөнхцэцэг угтан авч өдөр өнжүүлэх төвийн үйл ажиллагаагаа танилцуулсан юм.
Тэрбээр “Манайх ахмад настай иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулсан төв юм. Халдваргүй байхад ширээгээ тойрч суугаад цай уунгаа,тоглож, хөгжилддөг байлаа. Гэртээ ганцаараа байгаа ахмадууд ганцаараа цай ууж, хоол идэхээр сэтгэл санаа нь тавгүй байдаг. Харин энд ирээд үеийнхэнтэйгээ буу халангаа халуун хоол цай идэх нь таатай байдаг. Өглөө цэвэр Монгол сүүгээр сүүтэй цай чанаад боорцогтой өгөхөөс гадна 2-3 халуун сав аарц буцалгаж бэлтгэдэг. Ахмад настнуудын эрүүл мэндийг дэмжих 16 төрлийн аппарат бий. Өглөө ирэхээр нь даралт болон бусад биеийн зовиурыг нь үзээд өөрт нь тохирсон үйлчилгээг үзүүлнэ. Тухайлбал, хүзүү нь өвдсөн үү, хөл, гар нь чилсэн үү, хоолой нь өвдсөн үү гэдгээс хамааран эмчилгээгээ хийдэг. Тэгээд орой буцахад нь хүчилтөрөгчийн коктейль өгдөг.Халдвараас хамгаалах гээд үргэлж масктай явж хүчилтөрөгчөөр дутагдаж байгаа учир нэмэлтээр хүчилтөрөгчийн коктейль өгдөг” гэж ярилаа.
Тус төвийг зорьж ирж байгаа ахмадуудаас анкет авч,ямар асуудалтайг нь олж илрүүлэн түүнд тохирсон үйлчилгээг үзүүлдэг аж. Ямар асуудалтай ахмадууд ирдэг вэ гэвэл “Ахмадууд эрүүл мэндийн үйлчилгээ авах гэж ирнэ. Мөн гэр бүлийн болон ганцаарчилсан зөвлөгөөг мэргэжлийн сэтгэл зүйч өгдөг. Гэртээ уйтгарлаад сууж байсан хүмүүс энд яриад суухаар сайхан боллоо гэдэг.Зарим үед яриаг нь таслаад гэртээ хариарай, оройтлоо гэж сануулдаг” гэв. Тус төв өнгөрсөн жил 1200 ахмадад үйлчилсэн бол энэ жил есдүгээр сараас хойш 200 ахмад настанг хүлээн авч өдрийн үйлчилгээ үзүүлжээ. Нэг ахмад настан 10 өдрийн турш тус төвд үйлчлүүлэх боломжтой.
“Биднийг гэсэн сэтгэл нь үнэхээр агуу юм”
Ийн бид зарим ахмад настантай цөөн хором ярилцсан юм. Үйлчлүүлэгч Н.Мөнхсайхан “Энэ байгууллага руу орж ирэхэд л орчин нь цэвэр цэмцгэр, ажилчид нь зан харилцаа сайтай нь шууд мэдрэгддэг. 10 хоног бүтэн биеийн бариа хийлгэж, бумба тавиулж, толгой хүзүүний хөлний аппаратад орсноор алхаа жигдэрсэн. Өдөр бүр хүчилтөрөгчийн коктейль ууж, халуун хоол цайгаар дайлуулж үнэхээр тав тухтай сайхан байдаг. Энэ төв цаашид сайхан байртай болж, олон ахмадад хүртээмжтэй үйлчлээсэй гэж хүсч байна” гэв. Мөн Сонгинохайрхан дүүрэг XIX хорооны ахмад настан Т.Хүрэл “Удирдлагууд нь өглөө бүр настангуудтай сайхан мэндчилж угтаж, яриа хийдэг нь тааламжтай байдаг. Инээмсэглэн угтаж, зөвлөгөө өгч, биеийн байдлыг асууж байдаг төвийн хамт олондоо баярлалаа. Биднийг гэсэн та бүхний сэтгэл үнэхээр агуу юм. Та бүхний яриа, үйлчилгээнээс би эрүүл саруул, сэтгэл өндөр гардаг шүү” гэсэн бол Сонгинохайрхан дүүрэг XIX хорооны иргэн Ж.Оюун “Энэ төвд ирж анх удаагаа үйлчилгээ авч байна. Биеийн бүх хэсэгт массаж хийлгэж байгаа ба эмч, үйлчлэгч нарын харилцаа маш сайн. Эмчилгээ хийлгээд гарахад сэтгэл санаа маш өөдрөг болдог” гэж ярилаа.
“Та нэг өдөрт байдаг 86400 секундын хэдийг нь сайн үйлсэд зарцуулдаг вэ” гэсэн асуултыг гол уриалгаа болгож, сайн сайхныг түгээхийг эрхэм зорилгоо болгон ажилладаг халуун дулаан уур амьсгалтай ахмадуудад зориулсан ийм төв олон болоосой.
Цаашдын зорилгынхоо талаар менежер Э.Мөнхцэцэг “Бид дөрвөн зорилготой. Ахмад настны нэг санал бидний нэг ажил байдаг. Нэг дэмжлэг бидэнд нэг урам өгч, нэг ахмад настны оролцоо хамтын ажиллагаа болж, нэг ахмад настнаас гарсан гомдол бидний хариуцлага болдог. Солонгост 70,80 настай ахмадууд бөмбөрийн дугуйланд хичээллэж байсан. Бөмбөр нүдэхээр стресс тайлагддаг юм. Тиймээс бид цаашдаа хөгжмийн ийм клубтэй болох зорилттой ажиллаж байна” гэсэн юм. Ганцхан өдөр баярлуулаад мартдаг биш үеийнхэнтэйгээ сонин сайхнаа хуваалцангаа дасгал хөдөлгөөн хийж, эрүүл мэнд, оюун санаандаа анхаарч сэтгэл зүйг нь өөдрөг байлгадаг өдөр өнжүүлэх төв байгуулахад нийтээрээ анхаараасай хэмээн хүсэл тээн энэ сурвалжлагаа бэлтгэв.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.1 Баасан № 193 (6670)