Т.Баасансүрэн
Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч

Түрүүч нь №191 (6668), 192 (6669) -т
Монголын ард түмний амин эрх ашгаас урваж, газар шороо, эрдэс баялгаараа гадныханд найр тавин бөхөлзөөд үндэстэн дамнасан корпорациуд, эдийн засгийн алуурчидтай үгсэн хуйвалдаж эх орноо худалдаж эцэг эх, өвөг дээдсийнхээ халуун амь, бүлээн цусаар бүрэлдэн тогтсон тусгаар тогтнолоор тоглон наймаалцагч хүйтэн цуст капиталистуудын үнэн бодит дүр төрх үнэхээр ийм ажгуу. Тэд өөрсдийгөө зүгээр нэг санамсаргүйгээр “Хулгайч”, “Авлигач”, “Мафийн толгойлогч” гэж цоллосонгүй. Хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэдэг л болсон байна.
Д.Бямбасүрэн гуай Ч.Үл-Олдохтой хөөрөлдөхдөө Монголын төрд нэгэнт бүрэлдэн буй болоод байгаа мафёз ба масон бүлэглэлийн зааг ялгааг тодорхойлж сонин зүйл хэлжээ. “Мафёз бүлэглэл нь тодорхой бүлгийн ашиг сонирхлын төлөө төрд нөлөөлж, төрийн бодлогоор дамжуулж өөрөө ашиг хонжоо олох зорилготой. Масон бүлэглэл нь явцуу бүлгийн ашиг сонирхлоос давсан, улс төрийн хүрээтэй нэгдэн төрийг гартаа оруулж авах, төрийн толгойг барих сонирхолтой байдаг. Ийм бүлэглэл Монголын төрд бий болж Үндсэн хуулийн өөрчлөлтийг зүтгүүлж байна” гэжээ.
Тэдгээр бүлэглэл яаж ажиллаж олон түмнийг хуурч мэхлэн тархийг нь угааж байгааг Д.Бямбасүрэн гуай “мэдээлэлгүй хүмүүсийг цуглуулж нэг минут асуулт явуулж, хоёр минут хариулт өгсөн болоод тэрийгээ зөвлөлдөх уулзалт хийлээ гэж зарласан. Энэ нь улс орны хувь заяаг шийдэх арга биш, олон түмнийг мунхруулах, нүдийг халхлах хуурамч заль. Үндсэн хуулийг завхруулж, монгол төрийг сулруулан болж өгвөл улс үндэстнийхээ хувь заяаг даах чадваргүй болгох зорилготой бүлэглэлийн явуулсан муу арга. Нэг жишээ хэлье. Хан-Уул дүүрэгт 4750 хүнтэй хорооноос 26 хүнд нь урилга өгч цуглуулан хурал хийчихээд ард түмэнтэй зөвлөлдөв гэсэн. Ингэж болохгүй...
Хэрэв одоо Үндсэн хуулийг ийм байдлаар олон түмнээ мэхэлж төрөө доройтуулж өөрчлөлт оруулбал Ардын намынхны түүхийн өмнө хүлээх ял болж хувирна. “Галт тэрэг хөдөлсөн” гээд 1996 онд тэр үеийн МАХН-ын дарга Б.Даш-Ёндон Сонгуулийн хуулийг явуулчихсан байсан. Одоо тэгж болохгүй” хэмээн урьдчилан сануулж ухааруулан сэрэмжлүүлжээ.
Тэрээр өөрийн өгсөн ярилцлагадаа Монголын нөхцөлд хамгийн боломжтой, ашигтай хувилбар нь парламентын хоёр танхимтай тогтолцоо. Үндсэн хуульд заавал өөрчлөлт хийх гээд байгаа бол үүнийг хийх хэрэгтэй юм гэдгийг цохон тэмдэглэжээ.  Гэтэл эрх баригчид яагаад үүнийг хийхийг хүсэхгүй байна гэдгийг Монгол Улс хоёр танхимтай парламенттай болчихвол “Хэрэв Засгийн газрыг огцруулах юмуу, өөрчлөх  асуудлыг АИХ шийддэг болбол мафёз бүлэглэл, олигархиуд тэнд орох зам хаагдана. Үүнээс л Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл боловсруулагчид айж байгаа юм. Одоогийн Их Хурлын цөмийг бүрдүүлж байгаа нам, гишүүдийн олонх ч ингэж болгоомжилж байна. Энэ дотор явцуу бүлэглэлийн төлөөлөл олон бий. Дор хаяж 30-40 хувь нь байгаа” гэсэн байна.
УИХ-д суугаа 76 гишүүний хэн нь хэн бэ гэдгийг сайтар мэдэж байгаагаа дээрх үгээр Д.Бямбасүрэн илэрхийлжээ. Тэднийг арван хуруу шигээ мэддэг нь эндээс харагдаж байна. Зөвхөн шүүмжлээд өнгөрсөнгүй, ямар гарц байж болохыг хэлж өөрийн байр суурийг ойлгомжтойгоор томъёолжээ.
“Ард түмэн Үндсэн хуулиа өөрчилье гэж хүсч байгаа бол Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар зөвшилцөлд хүрсэн төсөл боловсруулах хэрэгтэй. Ингэхдээ ард түмнийхээ санал бодол, эрдэмтдийн зөвлөгөө, саналыг авах ёстой. Төслөө боловсруулаад ард түмнээрээ жинхэнэ ёсоор хэлэлцүүлэх хэрэгтэй. Нөгөө асуудал нь одоо Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж батлах гэж байгаа УИХ нь хэн билээ. УИХ-д 65 хувийн суудал авсан энэ нам жил хүрэхгүй хугацаанд 60 тэрбумын асуудалд хутгалдаж баахан шуугиан тарьсан. Өөрсдөө үүнийгээ хүлээн зөвшөөрч, Ц.Сандуй гэдэг хүнийг “60 тэрбум”-ын хэрэгтэн мөн гэж албан тушаалаас буулган хариуцлага тооцож байна гэж зарлалаа... 60 тэрбумаар төрийн эрхийг худалдаж авсан улс төрийн хүчин Үндсэн хуулийн өөрчлөлт хийх эрхтэй юу? Миний бодоход тэдэнд тийм эрх байхгүй... Тиймээс үүнийг зогсоох хэрэгтэй. Үндсэн хуулийн өөрчлөлтийг боловсруулсан бол парламентын гаднах намуудын саналыг авах ёстой. Тэд нийгэмд байгаа үзлийн төвүүд шүү дээ. Тэгж байж төслөө боловсруулна. Дээр нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ УИХ баталж болохгүй. 1999 оны арванхоёрдугаар сард Үндсэн хуулийн өөрчлөлтийг 20 минутын дотор баталсан. 2000 оны сонгуулиар “Давхар дээл” гэдэг асуудал гарч ирэнгүүт Ардын намынхан 1999 оны өөрчлөлтийг барьж аваад маш хүнд байдалд орсон. Цэц, Ерөнхийлөгчийн талаас эсэргүүцсэн ч тэр хэвээрээ 17 жил явлаа. Өнөөг хүртэл бид Үндсэн хуулийн бус Засгийн газартай явж ирлээ. Ийм байдалд орохгүйн тулд Үндсэн хуулийг бүх нийтийн санал асуулгаар батлах хэрэгтэй. Өөр зам байхгүй” хэмээн өөрийн байр суурийг маш тодорхойгоор илэрхийлжээ.
 Өргөн нэвтрүүлгийн ТВ-9 телевиз 2019-2020 онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар долоо хоногт хоёр удаа цуврал хэлэлцүүлэг явуулсан. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар, АИХ-ын дарга, орлогчоор ажиллаж байсан бараг бүх хүн оролцсон. 1992 оны Үндсэн хуулийг батлагчид, Цэцийн гишүүнээр ажиллаж байсан эрхмүүд, эрдэмтэн мэргэд, эдийн засагчид, нийгэм-улстөрийн зүтгэлтнүүд, улс төрийн намууд, олон нийтийн хөдөлгөөнийхөн бараг бүгдээрээ оролцож Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар санаа бодлоо хэлцгээсэн билээ. Дашийн Бямбасүрэн гэдэг хүний дээрх байр суурьтай цөөнгүй нь санал нэгдэж байсныг, тухайлбал Монгол Улс Ардын Их Хурал, Улсын бага хурал гэсэн хоёр шатлалтай парламенттай байх нь зүйтэйг хэлэлцүүлэгт оролцсон бараг бүх хүн хэлж байв. Зөвлөлдөх уулзалт гэдэг хуурмаг жүжиглэлээр бус харин Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд өөрчлөлт шинэчлэл оруулах асуудлыг шийдвэрлэх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа улс төрийн намууд, уулзалтад оролцогчид илэрхийлж байв. Үндсэн хуульд хэрэв гар хүрэх гэж байгаа бол үндсэн үзэл санааг нь хөндөхгүйгээр, үнэт зүйлсийг нь хадгалан үлдэж сайжруулж чанаржуулах чиглэлээр л ажиллах учиртай гэдэг дээр Монголын нийгмийн санаа бодол нэгдмэл байсан гэдэгт эргэлзэх зүйлгүй.
Харамсалтай нь үүнийг УИХ-д үнэмлэхүй олонх буюу 65 суудалтай МАН нохой хуцсан дайтайд ч авч үзэлгүйгээр өөрсдийнхөөрөө зүтгүүлж хүч түрэмгийлэн баталсан. 
Үргэлжлэл бий.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.1 Баасан № 193 (6670)