Д.Цэрэннадмид
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч
-Сайхан намаржиж байна уу хэмээн уншигч түмэнтэйгээ мэндчилье.
Та бүхний маань ширээний ном бөгөөд өдөр тутмын хэрэглээ болсон “Зууны мэдээ” сонины 30 жилийн ой тохиож байна. Энэ үед сонины удирдлагаас надад амаргүй даалгавар өглөө. Сониныхоо түүх намтрыг шингээсэн дурсамжаа бич гэж. Бодлоо. Би ер нь тэр дурсамжийг бичих хүн мөн үү гэж жаахан эргэлзлээ. Сонин нэгэнт 30 нас хүрчээ. Тэгтэл би тэр хугацааны бараг 28 жилийн түүхийг нь бичилцсэн байх юм. Тиймээс Ерөнхий эрхлэгчээс өгсөн үүргийг биелүүлэхээс гарцаагүйд автаж үзэг, цаас нийлүүлсэн минь энэ.
Би “Улаанбаатарын мэдээ” сонинд ажиллаж байхдаа 1993 оны гуравдугаар сард нэгэн бодол төрсөн нь шинээр бий болсон “Засгийн газрын мэдээ” сонинд ажиллахсан гэж бодсон. Хэн нэгэн ятгасан тал ч бий. Тэгээд л зориглож тус сонины Ерөнхий эрхлэгч Х.Цэвлээ гуайтай уулзлаа. Уг нь намайг мэднэ л дээ. МУИС-ийн оюутан байсан жилүүдэд би “Үнэн” сонинд дадлага хийдэг байв. Тэгэхэд Х.Цэвлээ гуай уг сонины нэгдүгээр орлогч эрхлэгч байсан юм.
-За яахав. Цаад нийслэлийн сониныхон чинь зөвшөөрдөг юм бол чамайг авъя л даа гэснээр би байгуулагдаад хоёр жил болж байсан “Засгийн газрын мэдээ” сонины ажилтан болов. Тэр цагаас уг сонины залгамж халаа “Зууны мэдээ” сонинд өдий хүртлээ ажиллаж ирлээ. Иймээс л сониныхоо түүхийг бичилцсэн гэж хэлээд байгаа хэрэг.
Тиймээс дурсамж бичихдээ урамтайхан үзэг хүртэл хөнгөрөх шиг болж байсан. 30 жилийн өмнө “ЗГМ” сонин мэндлэх үед Монголын нийгэм цоо шинэ тогтолцоонд шилжиж зах зээлийн эд эс бүхэн А-гаас эхэлж байсан цаг юм.
Улс орны эдийн засаг, ард түмний аж амьдрал амаргүй байлаа. Зах зээл, хувьцаа, брокер гэсэн нэр томъёо үгийн санд дөнгөж орж ирсэн, ард олон бэлтгэлгүйгээр хаалгыг нь татсан нийгэмдээ дасах гэж нийтээрээ хичээж байлаа. Энэ үед “Засгийн газрын мэдээ” сонин олон түмэн уншигчдаа гэгээрүүлэх, ухамсар мэдлэгийг нь төлөвшүүлэх том үүргийг үүрсэн юм.
Нийтлэлийн хувьд Засгийн газрын мэдээллийн гол хэрэгсэл байсан ч гэлээ улс төр, албаны мэдээгээр хязгаарлагдаж байгаагүй амьдралд байгаа зөв уур амьсгалтай гэгээн зүйлүүдийг ч өлгөн авч байсны гадна урлаг соёлын талын нийтлэлүүдэд зай талбайгаа харамладаггүй байв. Мөн алдаа дутагдалтайг хатуухан шүүмжилдэг байсан юм. Энэ нь сонины сонгодог төрхийг олж авч улмаар хөл дээрээ босоход нөлөөлсөн гэж боддог. Бас сайн сэтгүүлчдийн баг хаана байна тэдний хийсэн сонин сайн байх учиртай гэсэн зарчимтай ажилладаг байсан.
Ерөнхий эрхлэгч Х.Цэвлээ чиг шугам ч тийм. Тэгээд ч зохиолч Б.Догмид, П.Пүрэвсүрэн, Д.Цэмбэл, До.Цэнджав, Д.Урианхай, Г.Батаа, Ц.Түмэнбаяр, Н.Сүхбат, орчуулагч М.Баяртогтох, Ц.Цэрэн ярилцлагын мастер гэгдэж байсан сэтгүүлч У.Амарсайхан гэсэн номын садан жинхэнэ бичгийн хүмүүс сонины тулгын чулууг тавилцсан юм.
Намайг тэр эгнээнд багтах үед “Засгийн газрын мэдээ” сонин 110 гаруй ажилтантай том арми болж нийтлэлийн цар хүрээгээ нэмсээр байв.
Уншигчдынхаа оюуны хэрэгцээг тал бүрээр хангах үүднээс эдийн засгийн сэдэв зонхилдог “Алтан Зоос”-оос эхлээд “Соёл урлаг”, “Монголын эмэгтэйчүүд”, “Хүмүүс” бас “Маргааш” гэдэг алс хэтийн зорилгыг тодорхойлсон нийтлэл бүхий таван дагуул сонин гаргаж хүртээмжтэй мэдээллийг чиглэл чиглэлээр нийтэлж байсан юм. Энэ нь Монголын хэвлэлийн түүхэнд өмнө нь байгаагүй үзэгдэл байлаа гэж болно.
Ингээд 1998 онд “Хэвлэлийн эрх чөлөөний тухай шинэ хууль гарснаар сонин маань хувьчлагдаж өнөөгийн уншигчдад дасал болсон “Зууны мэдээ” гэдэг нэрээр гарч эхэлсэн байдаг. Ингэснээр хувийн байгууллага болж улмаар өдөр тутмын сонины менежментийг зах зээлийн нөхцөлд тохируулан хөтөлж явуулах арга зүйг баримтлан ажиллаж өдий хүрсэн юм.
“Зууны мэдээ”-гийн анхны дугаарт тухайн үеийн Ерөнхий эрхлэгч Б.Ганболд бичихдээ "Манай сонин оны эхний улирлын захиалгад “Засгийн газрын мэдээ” нэртэйгээр орсон боловч хууль ёсыг дээдлэх үүднээс “Зууны мэдээ” гэсэн шинэ нэрийг сонгож авлаа.
Хэдийгээр өнгөц харахад бүх юм хуучнаараа өөрчлөлт хийгдээгүй мэт харагдаж байгаа ч мэдээллийн орон зай, орчин цоо шинэ агуулгатай болсныг нийтээрээ хүлээн зөвшөөрөх бизээ.
Амьдрах сэтгэх, хэлэх ухааныг бид ард түмнээсээ сурна. Үнэнийг мэдээлэх бурууг засаж залруулахын төлөө тэмцэнэ. Энэ сонин хэзээд таны сонин гэсэн нь бий. “Зууны мэдээ” сонины анхны дугаар уншигчиддаа хүрсэн тэр цагаас хойш 23 жил өнгөрчихөж. Сонины түүх зузаарсан гэсэн үг л дээ.
Аливаа байгууллагын түүхэнд дурсах, бахархах юм зөндөө л байдаг. Тэр дагуу хэлэхэд манай сонин 30 жилийн түүхэндээ Х.Цэвлээ гуайгаас хойш Г.Мягмарсамбуу, Ц.Ганболд, Б.Цэнддоо, Б.Ганболд, Д.Болдхуяг гэсэн үе үеийн эрхлэгчтэй байв.
Одоо манай сониныг туршлагатай сэтгүүлч, сэтгүүл зүйн ухааны докторант Дэмчигжавын Отгонбаяр болон түүний багийнхан авч явна.
Өнгөрсөн 30 жилд дээр дурдсан зохиолчдоос гадна орчуулагч, сэтгүүлч Ж.Нэргүй, Ц.Цэрэн, сэтгүүлч Б.Батбилэг, Н.Наранбилэг, Ц.Батбаяр, Т.Оюунбилэг гээд сэтгүүл зүйн салбарын шилдгүүдийг нэгтгэж байлаа.
Цаашлаад “Болор цом”-ын эзэн яруу найрагч Б.Ичинхорлоо, Ц.Хулан, Б.Галсансүх, Г.Мөнхцэцэг, Ш.Лхамноржмаа гэсэн авьяас билэгтнүүд “Зууны мэдээ”-гийн гал тогооноос өд сөд нь ургасан юм шүү дээ. Бас Б.Өвгөнхүү, До.Цэнджав, М.Баяртогтох, Д.Цэмбэл, Б.Лигдэн, Ц.Цэцэгчулуун, Т.Цоож, Б.Ерэнтэй, Э.Сонинтогос, Т.Нэргүй нар энэ сонинг удирдалцаж явсан юм.
Тэд авьяас чадвар, арга зүйгээрээ шинэ залуу сэтгүүлчдийг сурган хүмүүжүүлж мөр зэрэгцэн бие биеэ нөхөж атаархам шамдамгай ажиллаж байсныг дурсахад бахархал төрдгийм.
Бахархууштай нэг зүйл бол “Зууны мэдээ” сонин өөрийн гэсэн дэг сургуулиараа Монголын сэтгүүл зүйн салбарт бүхэл бүтэн армийг бүрдүүлсэн гэж хэлж болно. Манай сонины бүрэлдэхүүнээс өдөр тутмын өөр сонин төрсөн түүх ч бий. Бусад сонин болон радио телевизид манай сониноор дамжин өсөж өндийсөн сэтгүүлчид ажилладаг. Тэд өөрсдийгөө “Зууны мэдээ”-гийн бүтээгдэхүүн гэх нь ч байдаг. Ардчилсан чөлөөт хэвлэлийн адармаатай үеийн гурван арваныг туулахдаа “Зууны мэдээ”-гийн хувьд Монголын ТОП гурван сонины нэг байж чадсан. Мөн бие даасан чөлөөт хэвлэлийн зарчмыг чанд сахиж олон мянган уншигчийнхаа өдөр алсалгүй уншихыг хичээдэг хайртай хэвлэл нь болсон юм. Сонин маань чөлөөт хэвлэлийн сонгодог төрхийг олж тэр чанараа хадгалсаар өдий хүрэхдээ нэг их ядралгүй өнөөгийн өндөрлөгт хүрсэн гэж хэлж болно.
Өнөөдөр уншигчид ямар хэвлэлийг таашааж байна вэ гэвэл сайныг дэмжиж, муу муухай хүнд суртал, авлига хээл хахууль болон төрийн албыг гажуудуулагчдын хэрэг явдлыг хурцаар шүүмжилдэг, амьдралд харш мэдээллийг дэлгэн тавьсан тийм сонин хэрэгтэй байна.
Тэгвэл “Зууны мэдээ” сонин тэр үүргийг биелүүлж ирсэн, биелүүлсээр байгаа юм. Манай сонины “Амьдралын тойрог”, “Хүмүүн судар”, Leader ships forum”, “Нэгдүгээр хүн”, “Зууны хүн” гэсэн тогтмол буланг уншигчид хүсэн хүлээдэг болсон төдийгүй “Өдөр тутмын сонинуудын эрэн сурвалжлах нэгдэл”-ийн нийтлэлүүд өнөө үеийн эрэлт хэрэгцээг сайн хангаж байгаа билээ. Нөгөө талаар аливаа зөв алхам тогтсон уламжлалыг бид үргэлжлүүлж ирсэн. “Засгийн газрын мэдээ” олон дагуул сонинтой байсан. Тэр уламжлалыг “Зууны мэдээ” ч алдаагүй ээ.
“Эдийн засгийн мэдээ”, “Бөхийн мэдээ”, “Өөр мэдээ” гээд дагуул сонин гаргаж байв. Энэ нь сонины уншигчдын эгнээг өргөтгөх, оюуны хэрэгцээг хангахад сүрхий нөлөөлсөн юм шүү.
Сүүлийн үед тэдгээрийг сониндоо шингээж ээлжит нүүр болгон гаргаж байна. Нийтлэлийн бодлого нь дайвж гуйвдаггүй өөрийн гэсэн өнгө төрх, чиг шугамтай явж ирсэн учир “Зууны мэдээ” гэдэг нэр уншигчдад зөөлөн хийгээд өөриймсөг сонсогддог байх. Иймээс сонины маань нийтлэлүүд олон түмэндээ хүрч байна. Оюун санааг нь сэргээж зөв тийш залж чадаж байгаа, мэдлэгийнх нь дархлаа болж буй гэж хэлж болно. Сонин бол олон түмнийхээ өмнөөс дуугарч ямагт дуу хоолой нь болж явах ёстой. Иймээс бид сониныхоо толгойд “Иргэдээ өмөөрч бичнэ” гэсэн уриатай ажилладаг. Энэ нь “Зууны мэдээ” бол уншигч та бүхний санал, сэтгэгдлийн индэр юм шүү гэсэн үг л дээ. За ингээд сониныхоо өнөөгийн тухайд нэг их тайлан тавиад байх нь илүүц биз. Яагаад гэвэл өглөө бүр сонин маань уншигчдын гарт очдог. Сонин хэр сайн гарч байна вэ. Нийтлэлийн чиг шугам нь юу юм бэ гэдэг нь бэлхнээ харагддаг болохоор нуршимгүй юмсан уу.
“Зууны мэдээ”-гийн түүх нь Монгол Улсын ардчилсан замаар явж ирсэн 30 жилийн түүхийн нэг томоохон хэсэг нь гэж хэлж болно.
Уншигч түмэндээ сониныхоо
30 жилийн ойн мэнд дэвшүүлье.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.1 Баасан № 193 (6670)