Д.ДАРАМБАЗАР 

Манай улсад сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байгаа спортын төрөл бол таеквондо юм. Тус спортоор хичээллэснээр бие хамгаалах техникийг эзэмшдэг. Энэ удаа бид “Амжилтын эзэн” буландаа таеквондогийн улсын аваргын тэмцээнд 10 удаа түрүүлсэн үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Э.Буяншагайг урилаа. Тэрбээр 2013, 2015 онд БНСУ-ын нээлттэй тэмцээнээс алт, 2015 онд Жонжу олон улсын тэмцээнээс алт, 2018 онд Оюутны дэлхийн аваргаас мөнгө, Цэргийн таеквондогийн ДАШТ-ий V байр, 2019 оны Армийн наадмын V байр эзэлж байсан юм.

-Анх хэдэн онд таеквондогоор хичээллэж эхлэв?
-2011 оны есдүгээр сарын 1-нд “Олимп-таеквондо” клубээс гараагаа эхлүүлсэн ч тухайн үедээ ямар нэгэн зорилгогүйгээр элсэж байсан. Хичээлийн өдөр байсан болохоор санаандгүй явж байгаад орсон. Энэ спортоор хичээллэснээр хамгийн эхэнд хүмүүжил, төлөвшил гэх зүйлийг сурсан. Мөн хүндлэл гэх зүйлийг зодолдохоос илүүтэй заадаг. 
-Зарим эцэг эх энэ төрлийн спортоор хичээллэнэ гэхээр болгоомжлоод байдаг?
-Таеквондо харагдах байдлаасаа ч их үзүүштэй, тэсрэлт шаардсан спорт болохоор хүмүүс сонирхох нь элбэг байдаг. Гэвч зарим эцэг эх гэмтэж бэртэх зүйл их байдаг гэж ойлгодог. Бие халаалт, бэлтгэлээ сайн хийгээд явахад асуудалтай зүйл байхгүй. Ер нь толгойдоо цохиулах нь бокстой харьцуулахад хамаагүй бага, биеийн хамгаалалтыг дээд зэргээр хангаж тоглодог. Тухайлбал, эмзэг эрхтэний хамгаалалт, гар, шуу, шилбэ, толгойн хамгаалалт гэх мэт. Мөн өөрийгөө бусдаас хамгаалах хүсэлтэй хүүхдүүд манай төвд хандаж байлаа. Гэхдээ тууштай хичээллээд ирснийхээ дараа тулааны урлаг гэж юу болох талаар ойлголт аваад, ур чадвар нь мөн адил дээшлээд ирэхээр хүүхдүүд, тэр зодоон цохион гэсэн дэмий бодлоо орхидог. Харин ч ийм зүйлсээс хол байхыг хичээдэг. Бусдын арга эвийг олдог, сурсан мэдсэн зүйлээ зөвхөн тэмцээн дээр л гаргадаг. Багш болон ахмад хүнийг хүндлэнэ, сурсан мэдсэн зүйлээ гадуур ашиглахгүй гэсэн тангараг өргөдөг. Үүнийгээ хатуу чанд баримтлаад хичээл зүтгэл гаргах нь хамгийн чухал байдаг. Ер нь хоёр сар тууштай хичээллээд ирэхээр хүүхэд өөр болдог. Тухайн спортдоо чин сэтгэлээсээ хандаж, шинэ арга техникүүдийг эзэмшихдээ улам урамшиж, сонирхолтой, зорилготой болдог. Тууштай хичээллэж чадвал цаашдаа амьдралд нь их хэрэг болдог.
-2019 оны Армийн наадмаар бэртэлтэй байсан хэдий ч тэмцээнээ дуусгасан гэсэн. Энэ талаар?
-Тамирчин хүнд тэмцээн болгон хүнд байдаг. Тухайн үед бэртэл гэмтэл аваад эдгэж байхдаа тус тэмцээнд ороод олон тоглолт хийсэн. Үүнээс шалтгаалаад бэртэл маань сэдрээд хүнд байдалд орсон. Гэсэн хэдий ч тэмцээнээ амжилтай дуусгасан. 
-Тамирчин хүний хувьд өөрт тавьсан хамгийн том зорилго?
-Таеквондо бол тэвчээр шаарддаг спорт. Зарим хүүхэд шантраад орхидог. Хамгийн гол нь хүсэл мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Миний хувьд 2024 оны Парисын олимп байгаа.  Мөн он гараад дэлхийн аварга, Азийн аварга, Армийн тэмцээн хүлээж байна. Энэ бүхэнд амжилттай оролцож медаль хүртэх нь хамгийн том зорилго гэж бодож байгаа.  

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.22  ЛХАГВА № 186 (6663)