НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцож буй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний түүхт 60 жилийн ойгоор НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцож байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн тэрбээр “НҮБ, түүний системийн байгууллагууд Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг чухал түнш” гэдгийг онцлон тэмдэглэв. Мөн Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын дэмжлэг, хамтын ажиллагааг өндрөөр үнэлдэг бөгөөд ялангуяа цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг тууштай дэмжиж, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлэв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг Монгол Улсад албан ёсны айлчлал хийхийг урилаа.
Үүнээс гадна Төрийн тэргүүний хувиар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол, ган зэрэгт онцгой анхаарал хандуулж байгаагаа тэмдэглэлээ. Энэ хүрээнд ирэх арваннэгдүгээр сард Глазгоу хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 26 дугаар бага хурлын үеэр Манлайлагчдын дээд хэмжээний уулзалтад оролцохоор төлөвлөж байгааг дурдав.
Түүнчлэн Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад оруулах үндэсний хувь нэмрээ 27.2 хувь болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Цаашид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хөгжингүй орнууд 100 тэрбум ам.доллар зарцуулах амлалтаа ойрын хугацаанд биелүүлнэ гэдэгт найдаж байгаа. Монгол Улс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаан дахь оролцоогоо өргөжүүлэх бодлого баримталж, НҮБ-ын чадавхийн бэлэн байдлын системд цэргийн дөрвөн нэгж бүртгүүлсэн. Мөн цэргийн багуудаа ойрын хугацаанд илгээх сонирхолтой байна. Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийг түшиглэн “Энхийг дэмжих ажиллагааны олон улсын хүрээлэн” байгуулах саналыг Энхийг сахиулах үйл ажиллагааны асуудлаарх санаачилгынхаа хүрээнд дэмжинэ гэдэгт найдаж байна. Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энхтайван, аюулгүй байдал” тогтоолын дагуу НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй алба хаагчдын тоог нэмж, 15 хувьд хүргэх чиглэл баримталж байгаа. Энэ дагуу энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй алба хаагчдын оролцооны талаар бүс нутгийн орнуудын олон улсын хурлыг ирэх онд Улаанбаатар хотод зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүсэв.
Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг Монгол Улсад албан ёсны айлчлал хийхийг урилаа.
Хүмүүнлэгийн чиглэлээр Буянт-Ухаад хүмүүнлэгийн агуулах, нийлүүлэлтийн логистикийн төв барихад дэмжлэг үзүүлэх хүсэлтийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нааштай хүлээж авлаа.
Мөн НҮБ-ын системийн байгууллагын үйл ажиллагаанд Монгол Улс идэвхтэй оролцдогт талархлаа илэрхийлэн, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжсөөр байгааг цохон тэмдэглэж, НҮБ Монгол Улсад дэмжлэг үзүүлнэ гэдгийг хэлэв.
Тэрбээр “Улс орнууд илүү сайн ойлголцож, бие биенээ харилцан дэмжиж, хамтарч ажиллахгүй бол наад захын хүндрэл, бэрхшээлд өвдөг сөхрөх сургамжийг өнгөрсөн хоёр жил авлаа. Тиймээс тодорхой ажлаа ярьж, саналаа солилцон, байгаа боломжоо дээд зэргээр ашиглаж байж цар тахал болон байгалийн гамшгийг даван туулах ёстой” гэлээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.22 ЛХАГВА № 186 (6663)