Б.ДОЛЖИНЖАВ
Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3x3 дэлхийн чансааг энэ сарын 18-нд шинэчилжээ.Дэлхийн 212 орныг эгнээндээ нэгтгэсэн ОУСБХ буюу ФИБА-гийн 3х3 чансааны U23 хүртэлх эмэгтэй чансааг Монгол Улс тэргүүлж эхэлсэн байна. Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо U21, U23 насны ангиллын хоёр багаа ФИБА-гийн өндөр чансаа оноо олгох тэмцээнүүдэд өрсөлдүүлсэн юм.
U21 хүртэлх насны шигшээ баг Франц, Румын улсуудад болсон Европын бүсийн FIBA 3x3 U21 Nations League цуврал тэмцээнд амжилттай оролцож, улсынхаа оноог ахиулсан байна.
Харин С.Төгсжаргал дасгалжуулагчтай U23 насны эмэгтэй шигшээ баг Египет улсын Кайр хотод болсон Ази, Африкийн бүсийн FIBA 3x3 U23 Nations League-ийн зургаан цуврал тэмцээнд өрсөлдөж гурав түрүүлж, гурван удаа хоёрт орсон.
Тус тэмцээнд оролцсон нийт 26 орноос манай баг Румын улсын Бухарест хотод болсон FIBA 3x3 Nations League-ийн Финалын шилдэг найман багийн нэгээр шалгарч VI байранд орлоо.
Финалын тэмцээнд Ази тивээс шалгарч, тивээ төлөөлөн орсон цор ганц баг нь Монголын U23 эмэгтэй шигшээ баг байлаа. Дээрх цуврал тэмцээнд өндөр амжилттай оролцон ФИБА-гийн чансааны оноо 748763 болж Монгол Улс Дэлхийн чансааны тэргүүнд дээдэд жагсаж эхэллээ.
Эх сурвалж:www.polit.mn