Д.ДАРАМБАЗАР
Манай улсад усан спорт хөгжсөн хэдий ч тив, дэлхийн наадмаас медаль хүртэж чадаагүй байгаа. Энэ удаагийн “Утасны анд” булангийн зочноор Усан спорт сонирхогчдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Х.Энхмандахыг урьж ярилцлаа.
-Манай улсын усан спортын хөгжлийн талаар танилцуулбал?
-Усан спорт сонирхогчдын холбоо 1991 онд битүү дээвэртэй усан бассейнд анх бий болсон түүхтэй. Тухайн үед ямар нэгэн мэдлэггүй байлаа. Оросоос ирсэн багш нар зааж байсан. Мөн түүнчлэн Орос улсад багш нарыг бэлтгэдэг байсан. 1996 онд олон улсын усан спорт буюу олимпийн хороонд элсэж, “Сидней-2020”-д эрэгтэй, эмэгтэй нэг тамирчнаа цагаан хуудсаар оруулсан нь энэ спортын хөгжлийн эхлэл болсон.
-Тамирчин усанд сэлж сурахын тулд ямар чанар, техникийг эзэмшсэн байх ёстой юм бол?
-Миний бодлоор уян хатан чанартай, ямар нэгэн дасгал хөдөлгөөн байнга хийдэг, айдасгүй байх хэрэгтэй. Ер нь усан дотор хөвөгчтэй байгаа тохиолдолд живэхгүй. Хүмүүс айхаараа биеэ бариад дасгал хөдөлгөөн хийж чаддаггүй. Зарим хүн ямар нэгэн дасгал хөдөлгөөн хийдэггүй болохоор уян хатан биш улмаар үндсэн дасгалуудыг хийж чадахгүй байх тохиолдол бий. Техникийн хувьд эхлээд хөвөгчтөйгөө усанд дасах хэрэгтэй. Үүний дараа амьсгалын дасгал хийнэ. Тэгээд хөл, гарны дасгалыг хийж гэмээнэ л сэлж сурна.
-Усанд сэлэх үед хүний биеийн бүх булчин ажилладаг. Өөр ямар ач тустай вэ?
-Нурууны суулттай хүмүүсийг усан сэлэлтээр хичээллэхийг зөвлөдөг. Усанд сэлэх үед хэвтээ байрлалд шилжиж ямар ч даралт авдаггүй болохоор хүний биед зөвөөр нөлөөлдөг гэж үздэг. Зүрх судсанд хүртэл сайнаар нөлөөлдөг. Мөн спорт өөрөө хүмүүжил дагаж явдаг учир хүмүүсийг төлөвшүүлдэг.
-Монголд усан спорт хэр хөгжиж байгаа вэ?
-Нэлээд доогуур хөгжилтэй байгаа. Усан спорт өндөр өртөгтэй. Мөн усгүй бол бэлтгэл сургуулилт хийхгүй. Хэчнээн хуурай бэлтгэл хийсэн ч усанд орохгүй бол үр дүн нь гарахгүй. Энэ спортоор хичээллэхэд бассейны төлбөр өндөр. Улсаас усан спортыг дэмждэггүй. Ганц байсан бассейныг нь улс хувийн өмч болгоод зарсан. Тиймээс гадаад руу тэмцээнд явахад хэцүү байдаг. Сайн тамирчин байлаа ч явах боломж олддоггүй. Холбооноос ДАШТ болгонд тамирчнаа оролцуулахад бүх талаар нь дэмждэг. Гэвч ямар нэгэн санхүүгийн тусламж, дэмжлэг байхгүй бол энэ спортоор амжилт гаргаж чадахгүй байна. Тэмцээнд оролцох гэхээр зардлыг нь дийлэхгүй. Бассейн байвал усан спорт хөгжих боломжтой.
-Манайд хэдэн клуб үйл ажиллагаагаа явуулж, хэрхэн амжилт гаргав?
-26 клуб байна. Тамирчид хуваагдаж “Орчлон”, “Хангарьд” клубт бэлтгэлээ хийдэг. УАШТ-д амжилттай оролцдог. 2010 оноос өмнө дөрвөн төрлийн 100 метрийн тэмцээнд оролцдог байсан бол түүнээс хойш олимпийн бүх төрөлд сэлж амжилт гаргахуйц болсон.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.20 ДАВАА № 184 (6661)