Б.Дэмбэрэлням
Монгол түмний дэлхийд ондооших өв соёлын нэг нь адуу эдлэх соёл. Адуу эдлэх соёлын дээд нь хурдан морины уралдаан. Морин уралдаанд монгол адууны гайхамшигт чанар, уяачийн эрдмийг баталсан олон гоц амжилт гардаг. Улсын баяр наадмын амжилтыг харгалзан үзэж үнэмлэхүй үзүүлэлтүүдийг уншигчиддаа хүргэж байна.
АМГАЛАН ТӨРИЙН АЖНАЙ ШАРГА
Хоёр зуун дамжин хурдалж, морин уралдааны түүхэн дээд амжилт тогтоосон нэгэн гайхамшигт түмэн эх бол тод манлай уяач Э.Эрдэнэчулууны шарга азарга. Амгалан төрийн ажнай шарга улсын наадамд зургаан удаа түрүүлж үнэмлэхүй дээд амжилтыг тогтоосон юм.
Мөн хязааландаа болон нас нийлсэн хойноо нэг айрагдаж төрийн наадмын найман медалийг зүүсэн аварга хүлэг. Мөн Монголын морины их олимп “Их хурд” уралдаанд нэг түрүүлж айрагдсан эгэлгүй амжилтыг үзүүлжээ.
21 ЖИЛИЙН ЗАВСАРГҮЙ АЙРАГ
Тод манлай уяач Д.Онон анх 1989 оны улсын баяр наадамд зээрд халзан их нас аман хүзүүдүүлж төрийн наадмын анхны айргаа авч байжээ.
Их уяач 1998 онд “Өлгөр” ухаа үрээгээ төрийн наадамд түрүүлгэснээс хойш өнөөг хүртэл завсаргүй улсын баяр наадамд айрагдуулж түрүүлж байна.
НЭГ НААДМААС 11 МЕДАЛЬ
1985 онд тод манлай уяач Д.Даваахүүд морины цагаан хийморь буусан жил байлаа. Тэр жил түүний уясан “Солонго” цавьдар түрүү, “Ажнай”, “Алтангадас” азарга айрагдсан байна. Мөн их морь айрагдаж, гурван соёолон айрагдаж түрүүлсэн байна. ХХ зууны манлай уяач Д.Даваахүү хязаалан, шүдлэн, хоёр даага айрагдуулж урамтай сайхан нааджээ. Зургаан насны морь уралдаж байх үеийн дээд амжилт нь энэ юм.
ХАМГИЙН ОЛОН АЗАРГА ТҮРҮҮЛГЭСЭН УЯАЧ
Тод манлай уяач, Хөдөлмөрийн баатар Д.Даваахүүгийн уясан болон зөвлөсөн азарга 14 удаа түрүүлж үнэмлэхүй дээд амжилтыг тогтоожээ. “Ажнай” хүрэн гурав, “Солонго” цавьдар хоёр, “Тогоруу” халтар хоёр, “Алтангадас”, “Өндөр зул”, “Цолмон” халтар, У.Буяндэлгэрийн “Гуулин”, н.Цэнгэлийн саарал, Г.Батхүүгийн “Толин хул”, хүү Д.Баянбатын “Наран” хонгор гэсэн аварга хүлгүүд их хүлэгчийн шон дээрээс мордож алтан тэлүүр магнайгаа айраг цагаагаар мялаалгаж байсан юм.
АВАРГА ЗЭЭРДИЙН АВАРГА АМЖИЛТ
ХХ зууны манлай түмэн эх их насны морь бол С.Банзрагчийн “Аварга” зээрд юм. Богдын их сүргийн алаг хэмээгч аварга морины дараа орох хамгийн өндөр амжилтыг Баянцагааны энэ хүлэг гаргажээ. Бага насандаа Мааньтын агтанд илгээсэн ч унаган нутагтаа гүйн ирж хэдэн эзэн дамжаад эцэст нь төрийн баяр наадамд уралдсаар зард гарсан юм. Улсын баяр наадамд найман удаа ирж уралдахдаа бүгдэд нь айрагдаж түрүүлж, 1961, 1971 онд буюу ардын хувьсгалын хоёр түүхт ойд түрүүлж айрагдан бас нэгэн ховор амжилтыг гаргасан юм.
ДАРВИЙН ТҮВДЭНГИЙН ДААМАЙ АМЖИЛТ
Монгол Улсын анхны 10 алдарт уяачийн нэг Д.Түвдэн Ховд аймгийн Дарви суманд төржээ. Улаанбаатар хотын Партизанд суурьшиж хүлгийн дээд хурдлуулсаар нэрд гарчээ. Их уяач 1981 онд Ардын хувьсгалын түүхт 60 жилийн ойн баяр наадамд гурван түрүү авч хосгүй амжилт харуулав. Тэгш ойд ийм олон түрүү авсан түүнээс өөр уяач байхгүй.
ЗАСАГ ТӨРИЙН ЗАНДАН ШИРЭЭ
ХХ зууны аварга түмэн эх Ж.Шийтэрийн цавьдар азарганд төрөөс “Засаг төрийн зандан ширээ” хэмээх цолыг олгосон юм. Төв аймгийн Баян сумаас төрсөн аварга түмэн эх улсын баяр наадамд долоо уралдахдаа дөрөв түрүүлж, гурван удаа аман хүзүүджээ. Төрийн наадамд ид үедээ ийм олон, бас зөвхөн түрүү аман хүзүүнээс өөр байрт давхиж байсан хүлэг үгүй юм.
“ТҮМНИЙ ЭХ” ГАЛЫН ТОД АМЖИЛТ
2015 оны гантай зунаар тод манлай уяач Д.Онон, Д.Ганбаатар нар хамт морьдоо уясан юм. Есөн нас уралдаж эхэлсэн цагаас хамгийн өндөр амжилтыг энэ гал уяа үзүүлжээ. Таван түрүүг “Түмний эх” галынхан хүртэв. Д.Ганбаатарын зээрд соёолон, Ө.Пүрэвбаатарын загал хязаалан, эрлийз дээд насанд Д.Жамъяаны халиун, дунд насанд О.Батбилэгийн үзмэн бор, бага насанд Ө.Пүрэвбаатарын бор халзан түрүүлжээ.
МОРИНЫ ОЛИМПИЙН ХОЁР ТҮРҮҮ
2004 оны “Их хурд” уралдаанд Э.Эрдэнэчулуун манлай хоёр түрүү авч нэгэн гайхамшигт амжилтыг үзүүлсэн. Түүний уясан “Амгалан төрийн ажнай шарга” азарганд, Б.Эрдэнэгэрэлийн хүрэн халзан их насанд түрүүлж, энэ хоёрыг нэг унаач унаж уралдсан түүхтэй.
БАГА НАСАНДАА ГУРВАН ТҮРҮҮ
Төв аймгийн Жаргалант сумын уяач Ц.Чойжамц 1960-аад оны сүүлчээр нэгэн өвөрмөц амжилтыг толилуулжээ. Нэгэн эрлийз цагаан гүүний үр гурван хээр адууг төрийн их баяр наадамд дараалан айрагдаж түрүүлүүлжээ. Түүний их хээр гэгч хурдан хүлэг нь шүдлэн, хязаалан, соёолондоо төрийн их наадамд дараалан түрүүлж гоц амжилтыг гаргажээ. Түүнээс өөр бага гурван насандаа төрд түрүүлсэн аргамаг үгүй юм. Их хээр 1971 онд хамгийн сүүлд төрийн наадамд түрүүлж байжээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.16 ПҮРЭВ № 182 (6659)