Д.ДАРАМБАЗАР

\Монголын үндэсний паралимпийн хороо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн идэвхтэй амьдралд татан оролцуулах, спортоор хичээллэж амжилтад хүрэх хүсэл сонирхлыг дэмжиж ирсэн түүхэн ойн босгон дээр Монголын паралимпийн өдрийг тэмдэглэлээ. “Бээжин-2008” зуны паралимпийн 13 дугаар наадамд байт харваагаар Д.Баатаржав түрүүлж, пара спортын түүхэн амжилтын алтан хуудсыг нээсэн билээ. Тэрбээр энэ амжилтыг 2008 оны есдүгээр сарын 14-ний өдөр үзүүлж байсан юм. Тиймээс энэ ялалтын өдрийг тохиолдуулан “Монголын үндэсний паралимпийн өдөр” болгон жил бүр тэмдэглэж ирсэн билээ. Манай улс паралимпод оролцож ирснээс хойш хоёр алт, хоёр хүрэл медалийг хүртээд байгаа юм. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын асуудлыг хариуцсан төрийн бус байгууллагыг анх 1989 онд Тахир дутуу хүмүүсийн Биеийн тамир, спортын холбоо нэртэй байгуулсан. Харин 1995 оноос Монголын паралимпийн хороо хэмээх нэртэй болж албан ёсоор байгуулагдсан бөгөөд 2000 онд Олон улсын паралимпийн хорооны гишүүнээр элсэж байсан түүхтэй.

 

ПАРАЛИМПТОЙ ХОЛБОГДСОН ОН ЖИЛҮҮД  

v2000 он Австралийн Сидней хотноо болсон зуны паралимпийн 11 дүгээр наадмаас эхлэн оролцож эхэлсэн. Улсаа төлөөлж холын зайн гүйлтийн төрөлд Ж.Лхагважав, байт харваанд Д.Баатаржав нар оролцсон. Энэ наадамд хоёр тамирчин маань амжилттай оролцож шагналт V байр эзэлсэн.

v2004 он Грекийн нийслэл Афины XI паралимпод, манай тамирчдаас байт харваагаар Д.Баатаржав, хөнгөн атлетикч Ж.Лхагважав холын зайн гүйлтэд  шагналт байр эзэлж байсан.

v2008 он Хятадын нийслэл Бээжинд болсон XIII паралимпийн наадамд дөрвөн тамирчин оролцож  байт харваагаар Д.Баатаржав алтан медаль хүртэж эх орныхоо нэрийг паралимпийн тэнгэрт мандуулсан. Энэ нь манай улсын пара спортын тамирчдын түүхэн амжилтын алтан хуудсыг нээсэн билээ.

v2012 он Английн нийслэл Лондонд зохиосон XIV паралимпийн наадамд манай тамирчдаас байт харваанд ОУХМ Б.Жавзмаа IV байр эзлэв.

v2016 он Бразилийн нийслэл Рио-де-Женейрод болсон XV паралимпод найман тамирчин оролцож, жүдоч Б.Ууганхүү, пара пауэрлифтингийн тамирчин Э.Содномпилжээ нар хүрэл медаль хүртэж Төрийн далбаагаа мандуулсан юм. Мөн байт харвааны эрэгтэй, эмэгтэй холимог багийн төрөлд Хөдөлмөрийн баатар, паралимпийн аварга Д.Баатаржав, ОУХМ Б.Оюун-Эрдэнэ нар шагналт IV байр эзэлсэн бол хөнгөн атлетикч Г.Цоггэрэл бөөрөнцөг түлхэлтээр V байр эзэлж Ази тивийн дээд амжилтыг тогтоож, медалийн оосроос атгаад алдсан юм.

vЯпоны Токио хотноо болсон “Токио-2020” паралимпийн наадамд манай улсаас 11 тамирчин оролцож  гавьяат тамирчин Э.Содномпилжээ түрүүлсэн. Тэрбээр пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн -107 кг-д 245 кг өргөснөөр аварга болж дэлхийн дээд амжилтыг тогтоосон юм. Мөн манай тамирчдын ихэнх нь амжилттай оролцож дэлхийн чансаанд 59 дүгээр байранд жагссан түүхэн амжилттай жил болж өндөрлөлөө.

 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2021.9.15 ЛХАГВА № 181 (6658)