С.САРУУЛ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд болж байна. Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн үгнээс онцлох эшлэлүүдийг хүргэе.

-Төр, засаг багагүй төсөв, хөрөнгө зарцуулсны дүнд тодорхой эерэг үзүүлэлт гарч байгаа хэдий ч цар тахлын аюул хэзээ дуусах нь тодорхойгүй байна.

-Цаашид иргэдийн бодит орлогыг өсгөх, үнийн өсөлтийг хязгаарлах, хил гаалийн асуудлыг шийдвэрлэх, экспортыг богино хугацаанд сэргээх, бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудал тулгарч байна.

-Төрийн албаны дунд, доод шатны хүнд суртал, авлига, хээл хахуулийг таслан зогсоох, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх, баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдээ дэмжих зэрэг тулгамдсан олон асуудал байна.

-Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх эрх зүйн шинэ орчныг бий болгож, халамжаас хөдөлмөрт, олборлолтоос боловсруулалтад, импортоос экспортод шилжих стратегийн зорилтыг хэрэгжүүлэх нь чухал.

-“Стратегийн ач холбогдолтой дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтуудыг эрчимжүүлж, экспортын чиглэлтэй боловсруулах үйлдвэрүүд барьж, ажлын байр олноор бий болгон, үйлдвэрлэгч, экспортлогч улс болох шаардлагатай байна.

-Төсөв, мөнгөний бодлогын оновчтой хослол, макро эдийн засгийн тогтвортой байдлыг чанд хадгалах, түүн дотроо гадаад валютын хангалттай нөөц бүрдүүлэх, өрийн тогтвортой байдлыг тууштай мөрдөх зэрэг эдийн засгийн суурь зарчмыг онцгой анхаарах ёстой.

-Цар тахлыг хохирол багатай даван туулж, эдийн засгийн сэргэлтээ эрчимжүүлэхэд төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын нягт, үр дүнтэй, нэгдмэл хамтын ажиллагаа, харилцан ойлголцол чухал.

-Ажилдаа эзний ёсоор хандаж, хийрхсэн улс төр, хэрүүл тэмцлээс ангид байж, бүх шатны төрийн байгууллагын хүнд суртал, дарамт шахалтыг халж, сахилга бат, дэг журмыг чанд сахих хэрэгтэй.

-Бүх шатны төрийн байгууллагууд харилцан уялдаа холбоотой, мэдрэмжтэй, түргэн шуурхай, хариуцлагатай байх шаардлагатай.

-Цар тахлын үед орлого багатай иргэдийн амьжиргааг хамгаалах, ажлын байрыг хадгалах, шинээр бий болгоход онцгой анхаарч ажиллая.

Эх сурвалж: www.polit.mn