Д.ДАРАМБАЗАР
Пара спортын шинэ төрлүүдийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж Японы Шёовагийн эмэгтэйчүүдийн их сургуулийн профессор 99999 иенийн сэтгэлийн хандив өргөжээ. Тэрбээр ӨМӨЗО-ы иргэн бөгөөд Япон улсад 30 гаруй жил ажиллаж, амьдарч буй юм. "Токио 2020" паралимпод оролцож буй баг тамирчдаа дэмжиж, пауэрлифтингийн төрөлд алтан медаль хүртсэн бахдам сайхан амжилтад талархал илэрхийлэн энэ хандивыг өргөсөн байна.
Тэрбээр нэрээ нууцалж Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга О.Цэрэнжаргалаар дамжуулан Паралимпийн хорооны ерөнхийлөгч, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Нямхүүд энэ сэтгэлийн хандивыг гардуулан өгчээ. Энэ үеэр Монголын Үндэсний паралимпийн хорооны ерөнхийлөгч Д.Нямхүү Монголын баг тамирчдыг дэмжсэн монгол угсаатан эрхэмд халуун талархал илэрхийллээ. Тэрбээр "Паралимпийн багаа дэмжиж байгаа болон дэмжлэг үзүүлэх хүсэлтэй олон хүн бий. Тэдний дэмжлэгийг бид хүлээн авах болно. Тиймээс Үндэсний паралимпийн тамирчдаа дэмжихийг уриалж байна. Та бүхний хандив тусламжийг Монгол Улсад пара спортын шинэ төрлүүдийг хөгжүүлэхэд бүрэн дүүрэн, ил тод байдлаар зарцуулна" гэж ярьжээ.
Эх сурвалж www.polit.mn