Б.БЯМБАЖАРГАЛ

 

Дунджаар 12-хон минут ашиглагддаг хэрнээ байгальд 525.6 сая минут оршиж хөрс, усыг бохирдуулж байдаг аюултай хаягдал бол гялгар уут. Тэгвэл улсын хэмжээнд жилд 105 мянган тонн гялгар уутны хаягдал гардаг бол үүний 41.9 хувийг нь  нийслэлийн 1.6 сая иргэн хаядаг гэсэн судалгаа бий. Үүнээс хамгийн ноцтой нь 105 мянган тонн хаягдал гялгар уутны ердөө дөрөв хүрэхгүй хувийг дахин боловсруулдагт байгаа юм. Тэгэхээр дөрвөн хувь буюу 3800 тонн гялгар уутны хог хаягдлыг дахин боловсруулдаг гэж үзвэл 101.2 мянган тонн нь төвлөрсөн хогийн цэгт болон ил задгай хаягдаж байгаль, экологид сөргөөр нөлөөлж байна. Тухайлбал, гялгар уут газрын хөрсөнд задралд орохын тулд 200-1000 жил зарцуулдаг. Энэ урт хугацаанд химийн олон төрлийн хорт бодисыг ялгаруулж агаар, хөрс, усыг бохирдуулж хөрсний бохирдол, доройтол, цөлжилтөд нөлөөлдөг гол хүчин зүйл болдог. Тиймээс нийгэмд тулгамдаж буй чухал асуудлын нэг болох хог хаягдлыг дахин боловсруулж “Асуудлаар асуудлыг шийдье”  уриатай  “Зүгээр битгий хая” аян эхэлжээ.

 

Нийгмийн олон асуудлыг шийдэхэд оролцох боломжтой

 

“Зүгээр битгий хая” аяныг “Өнгө нэм”, “Лантуун дохио”  ТББ, “Пластик центр” компани хамтран нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна. Аяны хүрээнд хаягдал гялгар уутыг цуглуулж дахин боловсруулах үйлдвэрт борлуулан ашгаар нь нь “Ид шидийн орон”-д хүүхдийн тоглоомын талбай байгуулах зорилготой юм байна. Өөрөөр хэлбэл, иргэд тус аянд нэгдсэнээр зөвхөн хог хаягдлыг бууруулахад туслаад зогсохгүй хүүхдийн тоглоомын талбай байгуулах хүмүүнлэгийн ажилд хувь нэмрээ оруулна гэсэн үг юм. Энэ талаар “Өнгө нэм” ТББ-ын үүсгэн байгуулагч Н.Амгалан-Эрдэнэ “Дахин боловсруулах үйлдвэрүүдэд хамгийн түрүүнд тулгардаг асуудал нь түүхий эдийн хомсдол байдаг. Бид “Пластик центр” компанитай 2017 оноос түүхий эд цуглуулахад хамтран ажиллаж ирсэн. Одоо ч энэ үйл ажиллагаа маань хэвийн үргэлжилж  гялгар уут цуглуулах хогийн саванд болон ААН-үүдэд цугларсан хог хаягдлыг “Пластик центр” дахин боловсруулах үйлдвэрт борлуулж, ашгаар нь хүүхдийн тоглоомын талбай барих зорилготой ажиллаж байна. Бид тоглоомын талбайгаа барихын тулд 100 мянган тонн хог хаягдал цуглуулж 100 сая төгрөгийн борлуулалт хийх ёстой. Аянаа урт хугацаанд хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна. Ойролцоогоор таван жил үргэлжилнэ гэж тооцоолсон” гэв. Мөн  зохион байгуулагчдын зүгээс хог хаягдлыг “Зүгээр битгий хая” гэж уриалахаас гадна нийгмийн аливаа олон асуудлыг зүгээр битгий өнгөрөөж байгаасай гэдгийг уриалж байлаа.

Аяны хүрээнд “Зүби” нэртэй гялгар уут цуглуулах хогийн савнуудыг сүлжээ дэлгүүрүүдээр байршуулж байгаа юм байна. Мөн хүүхдүүдэд зориулсан нөлөөллийн ажил болгож “Зүби” хүүхэлдэйн баатрыг бүтээхээр ажиллаж байгаа аж.

 

Орон нутгаас “Зүби”-г худалдан авч аянд нэгдэхийг уриалж байна

 

Аянд бүх аж ахуйн нэгж, байгууллага, иргэд нээлттэй оролцох боломжтой. Одоогийн байдлаар Улаанбаатар хотын иргэд “Зүби” хогийн саванд цуглуулсан гялгар уутаа хандивлаж нэгдэнэ. Харин орон нутгаас нэгдэхийг хүссэн ААН-үүд “Өнгө нэм” ТББ-аас “Зүби” хогийн савыг 330 мянган төгрөгөөр худалдан авч нэгдэх боломжтой аж. “Зүгээр битгий хая” аяныг БОАЖЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Европын холбооны дэмжлэгтэй хэрэгжиж буй “Монгол Улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах”-аар хамтран ажиллаж байна.

Сүлжээ дэлгүүрүүдэд байрлах “Зүби” саванд LDPE, LLDPE, HDPE тэмдэглэгээтэй зөөлөн гялгар уутыг хийнэ. Харин эдгээр тэмдэглэгээ байхгүй уутыг урахад зөөлөн зууралдаж урагддаг, дуу чимээ багатай байвал зөөлөн гялгар уутны төрөл гэж таних боломжтой. Зөөлөн гялгар уут нь ихэвчлэн хүүхдийн живх, талхны уут, дэлгүүрийн тор, ариун цэврийн цаасны гадуурх уут, хуурай салфетка, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, ундаа, усны пакет, хүнсний скочонд ашиглагддаг. Үүнээс харахад өдөр тутмын хэрэглээний олон төрлийн бараа бүтээгдэхүүнд хэрэглэдэг учир хүн бүр зөөлөн гялгар уутаа “Зүби” гялгар уут цуглуулах хогийн саванд хийж, байгаль дэлхийгээ хамгаалах үйлсэд нэгдэхийг аяны зохион байгуулагчдаас уриалж байна. Мөн иргэд “Зүби” саванд гялгар уут хийхдээ доторх бохирдлыг нь цэвэрлэж хийх хэрэгтэй. Өрхийн хэрэглээнээс гарсан зөөлөн гялгар уутны хог хаягдлаа зүгээр л шууд байгальд хаяж амьдрах орчноо бохирдуулалгүй “Зүгээр битгий хая” аянд нэгдэж “Зүби”-д өгөөрэй.

 

“Зүби”-ийн байршлууд

Гялгар уут цуглуулах “Зүби” хогийн сав иргэдийн олноор үйлчлүүлдэг сүлжээ дэлгүүрүүдэд байршсан тул иргэд өөрсдөдөө ойрхон байршлыг сонгож зөөлөн гялгар уутыг өгөх боломжтой. Тухайлбал, 
 

“Өнгө нэм”, Пластик центрийн оффис

      Бөхийн өргөөнд байрлах “Efes” худалдааны төв 

         Хан-Уул дүүрэгт байрлах “Emart” худалдааны төв  

             Хан-Уул дүүрэгт байрлах Номин Юнайтед салбар

                Blue Sky-ийн зүүн талын “Cu Mongolia” салбар

                Blue Sky-ийн баруун талын “Nitro B coffee”

              СХД, Содон хорооллын “Сансар” сүлжээ

         СХД, Цамбагаравт байрлах “M mart” сүлжээ дэлгүүр

      БЗД, Нарны зам дагуу “Миний” дэлгүүр

Хорооллын эцэст байрлах “Жүр үр” бэйкери.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.9.2 ПҮРЭВ № 172 (6649)