ЗГ: “Рио Тинто” 350 сая доллар төллөө гээд маргааныг зогсоохгүй

 

С.УЯНГА

Монгол Улсын Засгийн газрын Оюутолгойн төсөлтэй холбоотой байр суурийг Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо нар илэрхийллээ.

 

ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо: Далд уурхайн бүтээн байгуулалтыг зогсоох тухай  яриагүй

 

-“Оюутолгой” компани хоёр удаа зардлаа хэтрүүлсэн. Анх ил уурхайд зардлаа хэтрүүлэхэд бид хүлээн зөвшөөрсөн. Харин гүний уурхайн зардал нэг тэрбум 450 сая ам.доллараар нэмэгдсэн. Үүний шалтгааныг хөндлөнгийн шинжээчдээр шалгуулахад 157 хуудас, дэлгэрэнгүй тайланг  өгcөн. Тайланд санхүүгийн аудит хийлгэхийг зөвлөсөн. Бид цаашдаа “Оюутолгой” компанид хяналт тавьж ажиллах ёстой. “Оюутолгой” компанийн байгуулсан Тусгай хороо маш сайн ажиллалаа. “Эрдэнэс Оюутолгой” компанид “Оюутолгой”-гоос өгдөг мэдээлэл маш ерөнхий байна. Иймд нарийвчилсан мэдээлэл авдаг байх саналаа тус компанид гаргасан. Татварын хоёр акттай холбоотой маргаан Лондоны Арбитрын шүүхэд үргэлжилнэ. Энэ маргааныг бид биш “Оюутолгой” компани эхлүүлсэн.

“Рио Тинто” групп 350 сая ам.доллар төллөө гээд энэ маргааныг зогсоохгүй. Гүний уурхайн ашиглалт хойшилсноор Монгол Улсын төсөвт их сөргөөр нөлөөллөө. Цар тахлын улмаас улсын төсөв буурсан. Иймд манай талд төлөх ногдол ашгийг “Рио Тинто” урьдчилан төлөх санал тавьсан. Далд уурхайн бүтээн байгуулалтыг зогсоох тухай бид огт яриагүй. Далд уурхайг ашиглах нь аль аль талдаа ашигтай. Засгийн газар ногдол ашиг авах нь битгий хэл 22 тэрбум ам.долларын өрөнд орох тайланг “Рио Тинто” групп бидэнд ирүүлсэн. Хэцүү тайлан байсан учраас бид тус группэд хэлэлцээ хийх санал тавьсан. Үл ойлголцол үүссэн асуудлуудаа ярилцаж байна. Хоёр тийшээ хараад сууж болохгүй. Одоогоор бид 34 хувийн эзэмшлийг цаашид хэрхэх талаар шийдээгүй байгаа.

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: “Оюутолгой”-н 34 хувийн талаар зөвлөж болохыг захидалд тусгасан

 

-”Рио Тинто” групп Ерөнхий сайдад ирүүлсэн захидалд дурдсанаар тус групп гүний уурхайн ашиглалтад орох хугацааг хойшлуулсандаа уучлал гуйсан. Үүнтэй холбогдуулж Засгийн газарт одоо төлж байгаа татварын орлогоос гадна гурван жилийн хугацаанд нэг их наяд төгрөг төвлөрүүлж, төсөвт нэмэлт орлого оруулах саналтай байгаагаа дурдсан байсан. Мөн Засгийн газрын эзэмшиж буй “Оюутолгой” компанийн 34 хувийн хувьцааг цаашид хэрхэх талаар бидэнтэй зөвлөж болно гэсэн санааг захидалд тусгасан.

Мөн “Оюутолгой” компанийн одоо төлж буй татварын орлогоос гадна нэмэлтээр 350 сая ам.долларын орлого төвлөрүүлэх боломжтойг онцолсон. Монгол Улсын Засгийн газарт ирэх үр өгөөжийг хурдасгахын тулд Оюутолгойгоос “Эрдэнэс Оюутолгой”-д төлөх ногдол ашгийг хугацаанаас нь наашлуулж, хөрөнгө оруулалтад ногдож хуримтлагдахаар байсан өрийн хэмжээг бууруулж шийдэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, бидний 34 хувьд ногдох өр буюу 2.3 орчим тэрбум ам.долларыг айлын талаас бичилт хийж бууруулах, энэ талаар хэлэлцээр хийхэд бэлэн байна гэсэн үг. “Оюутолгой” компани урд хөршөөс цахилгаанаа худалдан авдаг. Дотоодоос урт хугацаанд цахилгаан эрчим хүчээ худалдан авах гэрээг эцэслэх саналаа Б.Болд захирал илэрхийлсэн. Лондоны Арбитрын шүүхэд Засгийн газар сөрөг нэхэмжлэл гаргасан. Тиймээс Лондоны Арбитрт гаргасан сөрөг нэхэмжлэлээ хойш тавиад, маргаанаа түр царцаавал яасан юм бэ гэдэг саналыг илэрхийлсэн. Иймд ойрын хугацаанд хэлэлцээр эхэлнэ. Хэлэлцээр 2-3 жил үргэлжлэх болов уу. Б.Болд захирал тэргүүтэй “Рио Тинто” группийн захирлууд Монголд ирсэн. Иймд ойрын хугацаанд хэлэлцээр эхэлнэ.

 

 

“Рио Тинто”: зардал хэтэрснээ хүлээн зөвшөөрнө

 

Ц.БАЯР

“Рио Тинто” компаниас хөрөнгө оруулалтын зардал өссөн болон хөндлөнгийн шинжээчдийн  дүгнэлт дээр тайлбар өгнө үү гэсэн хүсэлтийг удаа дараа илэрхийлсний эцэст дараах асуултуудад манай  сонин өмнө нь “Рио Тинто”-ноос тайлбар аваад байсан юм. Энэхүү тайлбарыг  хүргэж байна. Мөн  өчигдөр Засгийн газраас “Рио Тинто”-гоос тавьсан саналд байр сууриа илэрхийлсний дараа Х.Амаржаргал захирал өөрийн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлснийг хүргэж байна.

-Зардал өссөнөө танайх хүлээн зөвшөөрсөн гээд байгаа  хариу тайлбар, байр сууриа илэрхийлнэ үү?

-Томоохон төслийг, энэ дундаа уул уурхайн мега төслийг хэрэгжүүлэхэд зардлын хэтрэлт гарах нь түгээмэл тохиолддог. Оюутолгой төслийн зардал хэтрэлт нь маш нарийн төвөгтэй асуудлуудыг хамарсан бөгөөд үүнийг бид “Оюутолгой” компанийн ТУЗ-өөр дамжуулан хэлэлцэж шийдвэрлэнэ. Бид Монгол Улсын Засгийн газартай урт хугацаанд түншилж ажиллахыг зорьж ирсэн бөгөөд гүний уурхайн бүтээн байгуулалтын явцад тулгамдаж ирсэн асуудлаа ажил хэрэгчээр шийдвэрлэж, төслийн бүтээн байгуулалтыг дуусгаж, гүний уурхайн олборлолтоо эхлүүлэхээр зорин ажиллаж байна.

-Зардал хэтэрсэн, хугацаа хойшлоход нөлөөлсөн гол асуудал нь геотехникийн хүндрэлээс болсон гэж удаа дараа хэлж байсан. Геотехникийн хүндрэл гэж яг ямар хүндрэлийг хэлж байна вэ?

-Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар танай компани 2016 онд л геотехникийн хүндрэлийн тухай мэдэж байсан талаар мэдээлэл байна. Гүний уурхайн бүтээн байгуулалт, барилга угсралтын явцад тулгарсан хүндрэл бэрхшээлийн талаар бид цаг тухай бүрд нь нээлттэйгээр мэдээлж ирсэн. Ийм том, ашиглахад нарийн төвөгтэй төслийг хэрэгжүүлэх нь амаргүй бөгөөд төслийн бүх үе шатанд урьдчилан тооцоолох боломжгүй төрөл бүрийн нөхцөл, бэрхшээл үүсдэг. Тэдгээрээс шалтгаалан төслийн хугацаа болон зардалд учирч болох нөлөөллийг нь нарийн тооцоолж, хэрэв нөлөө үзүүлэхээр бол түүнийг саармагжуулахын тулд бид холбогдох арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлдэг. Бид хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй компанийн хувиар төслийн хугацааг хойшлуулах хэмжээний нөлөөлөл учирсан нь тогтоогдсон даруйд буюу 2018 оноос хойш энэ талаар тогтмол ил тод тайлагнаж, мэдээлж ирсэн билээ.

-Зардлын хэтрэлтийн алдаа гаргахгүй байх боломж байсан уу?

-Бид нөөц бололцоогоо бүрэн дайчилж, төслийн оролцогч талуудын ашиг сонирхолд хамгийн сайн нийцсэн арга шийдлүүдийг цаг үргэлж сонгон ажиллаж ирсэн. Төслийн зардал, хугацаанд орсон өөрчлөлтүүд нь төслийн бүхий л хамтрагч талуудад нөлөөлсөн гэдгийг ойлгож байна. Сүүлийн 15 жилд олон улсад хэрэгжсэн зэсийн уурхайн төслүүдийн зардал хэтрэлтийн дундажтай харьцуулахад Оюутолгой төслийн зардал хэтрэлт харьцангуй бага байгаа. Зардал хэтэрсэн явдалд Засгийн газар шүүмжлэлтэй хандаж байгааг бид сайн ойлгож байгаа төдийгүй хамтрагчдын хувиар бид нэг л завин дээр байгаа учраас яриа хэлэлцээний замаар дараа дараагийн алхмаа тодорхойлж, гүний уурхайн төслийн бүтээн байгуулалтыг гүйцээн, Оюутолгойн гүний уурхайн ашиглалтад оруулж бүх талуудын хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

-Гүний уурхай яг хэзээ ажиллаж эхлэх вэ?

-Бид аль болох ойрын хугацаанд гүний уурхайн бүтээн байгуулалтыг бүрэн дуусгаж, Оюутолгойн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийг зорин ажиллаж байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.9.1 ЛХАГВА № 171 (6648)