Б.ДАМДИН-ОЧИР

 

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг анх бүрдэж байхад сайд нараас нь БОАЖ-ын Н.Уртнасан хэвлэл, олон нийтийн сүлжээгээр хамгийн их нүдүүлсэн. Гологдож байсан хэрэг л дээ. Салбар нь сайхан хүлээж аваагүй. Олон нийт бол ойлгомжтой. Аль аль нь “...Хэнээр хаалгадуулж, яаж яваад сайдын сэнтийд суучихав” гээд л эхэлсэн. Хүнийг нь шүүж, бизнесийг нь ухсан. Ингэж энэ Засгийн газрын хамгийн адлагдсан, доожоо муутай сайд гэсэн шошготой болж хоцорсон. Түүнээс хойш 200 гаруй хонов.

 Н.Уртнасангийн хариуцаж очсон салбар нь том л доо. Зорилгыг нь “...Байгаль орчин, аялал жуулчлалын яамны эрхэм зорилго нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн хандлагыг экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй байхад чиглүүлж, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах, жам ёсоор нөхөн сэргэх боломжийг бүрдүүлэх, байгальд ээлтэй тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар хүрээлэн байгаа орчны тогвортой байдлыг хадгалж, ногоон хөгжлийг хангах үйл ажиллагаанд төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хамтын ажиллагаа, хүчин чармайлтыг өрнүүлж хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад оршино” хэмээн тодорхойлсон. “Хар” ойлголтоор болохоор дархан газрын маргаан, ховор амьтдын бизнесээс эхлээд эрүүгийн ертөнцийн шалтаг шалтгаанууд энэ салбараас эхтэй.

Тэр утгаараа байгаль орчны салбарт хэн хэн сайдаар ажиллаж ирснийг бид бэлхнээ мэднэ. Буусных нь дараа, араас нь нөгөө л дархан цаазат газар, аргаль, шонхрын зөвшөөрлийн асуудал чирэгддэг. Нэмээд аялал жуулчлалын салбарыг харгиуцдаг. Бас л асуудал ихтэй, ажлыг нь урагшлуулахад хэцүү салбар байдаг. Товчдоо БОАЖЯ ийм л хэл амтай асуудал эрхэлдэг.

Саяхнаас Н.Уртнасанг дахин “балбаад” эхлэв. “...БОАЖЯ-ныхныг рекетэлдэг”, “...Өөрөө ховор амьтдын зөвшөөрөл “сонирхдог” гэсэн мэдээллүүд хөврөв. Нягталлаа.

Ер нь бол Н.Уртнасан ширүүн сайд ажээ. Гэхдээ тэр нь сайд хүнд байх ёстой “ааш” гэхэд болно. БОАЖЯ-нд удаан жил ажилласан, хэн ч үг хэлдэггүй, хэний хүүхэд байх нь түүнд хамаагүй. “Бааварлаад” байвал ширүүхэн хэлчихдэг. Болохгүй бол хариуцлага тооцдог. Тэгсэн л юм байна. Арваад хоногийн өмнө тус яаманд газрын дарга хийдэг дархлагдсан нэг нөхөр, бас нэг газрын даргаар ажилладаг нөлөө бүхий улстөрчийн хүүхдийг ажлаас нь халчихсан байгаа юм.

Гэнэт “балбуулаад” эхэлсний нэг шалтаг нь энэ юм байна. Гэхдээ үүнээс том нэг шалтгаан байна.

Тэр шийдвэр гаргажээ. Ажиллаад эхэлсэн байна. Уг нь тэр шийдвэр нь улсын хийгээд нийтийн эрх ашгийн тухайд тун “урагштай” мэдээ болоод байгаа юм. 

Яасан гэвэл тэрбээр 2013 оны Засгийн газрын 93 дугаар тогтоолоор батлагдсан Ховор амьтан, агнах барих тусгай зөвшөөрөл олгох журмын хүрээнд холбогдох байгууллагын шалгуур үзүүлэлт, нөхцөл шаардлагыг ил тод болгож, тусгай зөвшөөрлийг цахим хэлбэрт шилжүүлэх, орон нутагт төвлөрч байгаа орлого, түүний зарцуулалт БНАТ-ын хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж, мэдээллийг ил тод болгохоор болсон юм байна. Мөн 2011 оны Экологи эдийн засгийн үнэлгээг шинэчлэн тогтоож, ховор амьтан хамгааллын зардлын төсвийг нэмэгдүүлэхээр болжээ. Энэ нь Засгийн газрынхаа дэмжлэгийг авч, биеллээ олж эхэлсэн байгаа юм.

Чухам энэ нь төдийгөөс өдийг хүртэл шонхрын наймаа, аргаль угалз буудуулах зөвшөөрлийг барьж ирсэн мафи маягийн зохион байгуулалт бүхий бүлэг хүний дургүйг хүргэчихсэн хэрэг ажээ. Н.Уртнасангийн дээрх шийдвэр ажил хэрэг болоод, ховор ан амьтдыг агнах, барих зөвшөөрөл “шилэн” болчихвол энэ хууль бус үйл ажиллагаа устана. Хууль хяналтынхны ч нуруу амарна.

Энэ талаар Н.Уртнасан өөрөө “...Ховор ан амьтан агнах, барихтай холбоотой тусгай зөвшөөрлийн асуудал олон жил яригдаж ирсэн. Нэн ховор амьтдаа хайрлахгүй байна гэсэн иргэдийн шүүмжлэл ч их байдаг. Өмнө нь ховор ан амьтан агнах зөвшөөрөл ердөө нэг хэлтсийн хэмжээнд л яригдаж, Монгол Улсын бүх ан амьтанг агнах, барих эсэх нь хоёр гуравхан хүний мэдэлд байсан зэрэг буруу тогтолцоо оршсоор ирсэн. Энэ байдлыг одоогийн Засгийн газар, салбарын яам өөрчилж, ямар ан амьтныг хэн хаана, хэдэн төгрөг төлж, яаж агнах, барих гэж байгааг ил тод, нээлттэй, цахим болгох бодлогыг баримталсан” гэж байна. Бас дархлагдсан нөхдүүдийг ажлаас нь чөлөөлсөн талаараа “...Төрийн албан хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, авах гээд бүх хөдөлгөөн тодорхой хуулийн дагуу хийгддэг. Хэрвээ албан тушаалтныг буруугүй байхад нь хэлмэгдүүлсэн, шалтгаангүйгээр ажлаас нь чөлөөлсөн бол хууль шүүхийн байгууллагад хандах эрх нь нээлттэй” гэв.

БОАЖЯ, түүний сайдын тухайд ийм л зүйл болоод байгаа ажээ.

Үнэнийг хэлэхэд ховор ан амьтдаар хууль бус бизнес хийдэг бүлэглэлд нөлөө бүхий улстөрчид, хууль хяналтын байгууллагын удирдах түвшинд ажилладаг хүмүүс хамаатай байдаг. Барим тавим мэдээллүүд зөндөө л бий. Тийм учраас өнөөг хүртэл Н.Уртнасангаас өөр сайд энэ “сэдэв”-ийг хөндөж үзээгүй юм. Чадах ч үгүй. “.:.Улс төрд удаан жил хамт явсан”, “...Журмын нөхөд” гэдэг хамаарал энэ бүгдийг нууж эдүгээг хүргэсэн. Харин Н.Уртнасанд тэгж сүжрэх түүх байхгүй. Тийм учраас тэр зөвхөн энэ шийдвэрийг гаргаснаараа л БОАЖ-ын сайдаар ажилласныхаа хэргийг гаргачихаж байгаа юм.

Бод доо, ганцхан шонхор бариулах, нэгхэн угалз буудуулах зөвшөөрлийн ард хэдэн төгрөгийн “бизнес” явдаг, тэрийг хэн хэн, ямар байдлаар хувааж хүртдэг вэ гэдгийг бид бүгдээрээ мэдэхгүй. Мэдвэл бослого болж ч мэднэ. Тэр утгаараа Н.Уртнасангийн энэ шийдвэр түүхэн үнэ цэнтэй юм.

Одоо Н.Уртнасан эмх замбараагүй олгогдож, авлигын хэргийн “алим” болсон дархан газруудыг цэгцлэхэд анхаарвал ч...

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.30 ДАВАА № 169 (6646)