Т.САЙХАН

Ерөнхийлөгчийн захирамжаар “Цэргийн цол олгох журам”-ыг шинэчлэн боловсруулах ажлын хэсэг байгуулагджээ.  Ажлын хэсгийн даргаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, орлогч даргаар нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх Ц.Тогоо, бүрэлдэхүүнд нь Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Батлан хамгаалах яам, Хууль зүй дотоод хэргийн яам болон Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдах албан тушаалтнууд томилогдон ажиллаж байна.

Сүүлийн үед цэрэг, цагдаагийн байгууллагуудад цэргийн цолны зохистой харьцаа алдагдаж, түүний дотор ахлах офицеруудын эзлэх хувь нийт офицеруудын тоонд харьцуулахад өндөр, тэрчлэн офицерын цолны зэрэг дэвийн шаардлагыг хангаагүй, цэргийн зохих ёсны боловсрол эзэмшээгүй, цэргийн алба хаагаагүй, офицерын албанд элсүүлэх насны дээд хязгаар хэтэрсэн иргэд, спорт, урлагийнханд цэргийн цолыг хавтгайруулан олгож байгаа зэрэгт иргэд, олон нийт шүүмжлэлтэй хандаж, мэргэжлийн армийн ноён нуруу болсон офицерын бүрэлдэхүүний алба хаах хүсэл зориг, итгэл үнэмшлийг бууруулж байгаа юм. Иймд тус ажлын хэсэг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн баталдаг одоогийн мөрдөж байгаа “Цэргийн цол олгох журам”, дайчилгааны болон цэрэг-стратегийн сургалтад оролцсон цэргийн бэлтгэл үүрэгтэнд цэргийн цол олгодог хууль эрх зүйн зохицуулалтад өөрчлөлт оруулж дээрх гажуудлыг засахаар ажиллах юм. 

Эх сурвалж:www.polit.mn