Б.ЖАВХЛАН

“Утгын чимэг-2024” оны шилдэг богино өгүүллэг шалгаруулах наадам өчигдөр (2025.02.09) амжилттай болж өндөрлөлөө. Энэ жил уг наадмыг Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн ухааны доктор, эрдэмтэн зохиолч Лодонгийн Түдэвийн мэндэлсний 90 жилийн ойд зориулан зохион байгуулсан. 

"Утгын чимэг-2024" наадамд зохиолч, сэтгүүлч, соёлын гавьяат зүтгэлтэн Б.Сарантуяагийн "Рэгдэндагва" өгүүллэг шалгарлаа. Өгүүллэгийг хүргэж байна.

Рэгдэндагва

Алтан тэвшийн хөндийгөөс урсан ирэх хатан Туулын сэвшээ салхи аяс намуухан үлээж, бурхдын сүр хүчин бүрдсэн хийдийн хаалгаар урсан орж, арц хүжний анхилам үнэртэй сүлэлдэн байлаа. Гэтэл агаар мандлын хүчирхэг салхи хуйлран хийдийн хойморт залаастай догшин дүрт бурхдын өмнө залбирч буй өргөн магнайгаа чимсэн буурал үстэй ахимаг эрийн сонирхлыг гойд татах нэгэн бурхны гэгээн дүрийг нуусан хадаг самбай бүтээлгийг хуу татав. Гэнэтийн салхинд цохиулсан бурхнаас цочин хойш алхам ухарсан мөнөөх эрийн толигор магнай цалин мөнгөн сахал, цэнхэр нүдийг харваас харь нутгийн сүсэгтэн байлаа. Хийдийн тахилч лам сандран бүтээлгийг засахдаа

-Өршөөгөөрэй багшийн минь дуусгаж амжаагүй бүтээл гэгээн дүрээ танд л харуулчихлаа даа хэмээн сүжиглэнгүй хэлээд алдуурсан хадгаар дахин ороохоор завдахад нь,

-Хүлээгээрэй та. Энэ ямар учиртай зураг вэ хэмээн асуулаа.

-Шамбалын хааныг бүтээж байсан юмаа гэж хэлсэн тахилч лам өөд аядуухан хараад

- Би тухтайхан үзэж болох уу хэмээн гуйгаад машид удаан харж сууснаа,

-Юм гэдэг учиртай ажээ. Шамбалын орныг үзэхээр нутгаасаа гарсан би энд хийдэд оюун санаатай нь холбогдох учиртай байжээ хэмээн хэлээд,

-Үүнийг би өөрийнхөөрөө зурж болох уу гэж асуухад залуу лам гайхаж эргэлзсэн янзтай толгой дохин,

- Багш маань сансрын хүрдэнд шингэхдээ дараа нэг өдөр эзэн нь ирж гүйцээнэ гэсэн төлөг үлдээсэн юм аа гэж хэлэв.

Хурын усан татрах намрын эхэн сарын энэ өдрөөс яг гурван жилийн өмнө гандан зуугийн урдаа барих зурхайчдын нэг гэж олноо хүндлэгдсэн Жамбаа гавжийн сэтгэл ихэд чилэнгүй сууснаа, өмнөө тавьсан майга хөлтэй модон ширээнийхээ зээ бадаар чимсэн шургуулганаас шоголтой судар, хулсан үзэг, зурхайн модон самбартайгаа гарган ирээд, жижигхэн савтай нунтаг үнснээс чимх төдийг цацаж, хааш яйш хэдэн тоо нэмж хасан, ганц нэг зураас татаад судрын хуудас эргүүлэн харж бодолд автав.

“Ардын засгийн газрын ерөнхий сайд Цэрэндорж гүн учиртай үг зуулган зарлага хөвгүүнээ гүйлгэв. Өндөр гэгээний шав тавьж, шүншиг өргөн тамгалсан Сэлбэ голын хүн чулууны хонхор ч угаасаа өвгөдийн хөл амрах сайхан л нутаг юмсан. Гэтэл миний буулгасан зурхай дээр лам нарын тасга хаях Тасганы овооны Заан хошуугаа сэвтээчихгүй бол нэгэн жарандаа элбэг хүрэлцэх амуу буудай бий гэсэн төлөг буудаг нь ямар учиртай хэрэг билээ. Энэ тухай Балингийн хүүд хэлэх үү болих уу? Хамаг л ихэс дээдсээ шороонд булчихсан цөвүүн цаг дор хуучны хашир өвгөдийн сүүл мушгиж үлдсэн Цэрэндоржтон шинэ төрд ч нүүр алдалгүй өнөө үед төрийн сайдын сэнтий түшиж байна. Түүнд итгэх арга үгүй. Гэтэл үнсэн самбар дээр гүйх хулсан үзэгний үзүүр Цэрэндоржоос цэрвэх хэрэггүй гэж хэлээд байдаг нь юуных вэ хө” хэмээн бодол болж сууснаа шавиа дуудав.

-Цэрэндоржийн зарлага хүүд хэл дуулга. Түүнтэй уулзахыг алгуурлаж боломгүй төлөг буулаа хэмээгээд хоймор голлосон бурхдын зүг наманчлан залбирав.

-Шамбалын хаан Рэгдэндагва бурхны тиг гаргах гэж толгой өндийх завгүй, нүд улайн суусаар сайдтай уулзах товоо мартах шахжээ. За яахав. Маргааш нөгөөдрөөс тухтайхан сууна даа. Дараа нэг өдөр эзэн нь ирж мэлмийг нь нээж, гүйцэд дүүргэх ч юм бил үү хэмээн ганцаараа ярьснаа,

- Гүй хүү минь, гүйгээд ир хэмээн яаруулан гаргав.

Маргааш өдөр нь нар хэвийж байхад өвгөн гавжийн бор гэрийн гадаа хэдэн хүн ирээд хоорондоо ярилцаж буй бололтой чимээ гарч байснаа төдөлгүй үүд сөхөн нэгэн хүн орж ирсэн нь хичээнгүй сайд Цэрэндорж байлаа. Тэрбээр өвгөн ламтай мэнд мэдэн хөөрөглөөд,

-Халхын их хутагт өндөр гэгээнтэн хүй мандлаас хүн чулууны хонхорт нүүлгэж ирсэн нийслэл хүрээний алдар нэрийг цоо шинээр оноон өгөхөөр толгой гашилгаж явна. Алтан тэвшийн хөндий дайн самууны хөлд дарагдах учиргүй л юмсан хэмээн төлөгдсөн Өндөр Богд минь юунд санаагаа чилээснийг мэдэх хүн үлдсэнгүй. Үлдээсэн ч үгүй дээ хэмээн уртаар шүүрс алдаж монхор хамрынхаа угалз, махлаг дүүрэн царайгаа илбэж байлаа.

- Ээ гэгээн минь. Ядуу хувраг миний сурсан сонссон хоёр өчүүхэн бага гэдгийг та юу эс андах вэ. Сайн лам ховордсон үед сангас үнэд орно гэгч нь болох вий гэж хэлээд мушийн инээмсэглэн өвгөн зурхайчийн үгийг үл сонссон мэт,

- Улаан оросын санаанд нийцэх хэрнээ улс орныхоо хожим хойчийг билэгдсэн онц сайхан нэр хайн хэл хүргүүлсэн билээ танд хэмээн хөмсөг зангидан суух нь төрийн хүний сэтгэл чилээсэн байдал аргагүй харагдах ажээ.

-Улс хотын сайн сайхныг төсөөлөн билэгдэж, улаан оросын санаа сэтгэлийг баясгаж Шамбалын хаан Рэгдэндагва бурхны нэрийг өгвөл алсдаа өлзийтэй, өнөр их хот балгад болох ерөөлтэй гэж төлөгт буув хэмээн Жамбаа гавж хэлэв.

Цэрэндорж сайд ширээний өнцөг тогшин бодолд автан,

-Бавуу мааравын дончир оо хэмээн хэлээд нүдээ хагас анин зүүрмэглэх мэт хэсэг сууснаа түнтгэр хүрэн царайндаа инээмсэглэл тодруулан,

-Орос цэргийн комиссар Рыскуловийн толгойг эргүүлдэг хэрэг ээ хө хэмээн хэлээд яриа дууссаны дохио болгон дахин нэг тамхилах зуур,

-Хана гэдэг чихтэй тул хамар доорхоо мэдэж явах нь та бидэнд өлзийтэй хэмээн нухацтай сануулаад саарал даавуун дээлнийхээ хормойг сөхөн босоод гарч одов.

Энэ өдрөөс хойш долоохон хоногийн дараа нэгэн мянга есөн зуун хорин дөрвөн оны намрын тэр өдөр хотол олны амнаас ам дамжин яригдсан нэгэн нэрийн тухай Алтан тэвшийн хөндийгөөр учир мэдэх хүмүүс хэлэлцэн суулаа.

-Аливаа бүхэн билэг ерөөлтэй ажээ. Хамаг юм хоосорч мунхагийн харанхуй үүрлэхэд Рэгдэндагва хаан их цэргийнхээ хамт Шамбалын орноос гарч ирэн оюун санааны их тулаан хийж амар амгаланг авч ирэх ерөөлтэй Бавуу мааравын дончир буюу монголчилбол Улаанбаатар их балгад нэрээр нийслэл хүрээгээ нэрлэсэн нь хэний ухаанд багтав аа хэмээн хэлэлцэж байлаа.

-Шинэ засаг маань аргагүйн эрхэнд улаан Оросыг налахдаа Өндөр гэгээнийхээ соёмбо үсгийг төрийнхөө туг далбаанд алтан таван хошуугаар сондор нэмэн оруулжээ. Соёмбо нь гэрэлтэж яваа цагт монголын заяа өөдөө байх нь дамжиггүй хэмээхэд учир мэдэх зарим нэг нь,

-Монгол төрийн сүлдэнд морио унасан монгол хүн уургаа суналзуулан давхиж явааг үзвэл, амгалан цаг ирсний тэмдэг биз. Билэг ерөөл нь хаачих вэ хэмээн ярилцаж байлаа.

Харин тэр өдөр Цэрэндорж сайдын араас бодол болон суусан Жамбаа гавж гадаалж Богд хан уулын зүг хараа бэлчээн зогсохдоо “Хэтдээ төр шашин хоёр салж л таарах бий вий. Төр хурах, Шажин хурах гэсэн зэргэлдээ хоёр амны модон төгөл нэгэн агаараар амьсгалж нэгэн салхиар илбүүлэвч хоёр өөр ертөнцийн хил хязгаартай мэт ижилгүй харагдах нь юуных вэ? Түүх шастираа түймэрдэж, төрөл садангаа түйвээх цөвүүн цагийн айсуй зөн ойртож байх шиг хэмээн бодож Рэгдэндагва хааны хөргийг бүтээгээд улсын сан хөмрөгт тушаачихья гэж бодсон ч амжихгүй ч юм шиг совин татаад байх юм хэмээн бодож зогссон Жамбаа гавж төгсгөлөө төлөгтөө харсан мэт долоо хоногийн дараа л насан хутгийг олсон байлаа.

Тэр цагаас хойш гурван жилийн хойно хийдийн хойморт буй бурхдын дундаас хэрмэл салхины үзүүрээр нууцаа нээсэн зургийг өөрийнхөөрөө гүйцээн зурсан Оросын аялагч Николай Рерихын өмнө Богд хан уулын хормойд ногоон зүлгэн дээрх сүм хийд, монгол гэр, идээшин буй адуу малын дээгүүр тэнгэрийн орноос улаан хөлөгт, улаан баатрын дүрээр салхи татуулан энэ л газар орныг хамгаалахаар ирж яваа гурван мэлмийтэй, догшин дүртэй, зүүн гартаа дайсны зүрх, баруун гартаа жад атгасан, ээтэн гуталтай Рэгдэндагва хааны хөрөг тийш бахархалтайгаар харан зогсож байлаа.

- Их Улаанбаатар балгадын шүтээн энд миний гараар бүтэх учиртай байжээ. Энэ хүртэл явсан эрэл хайгуулынхаа эцэст Шамбалын орны Рэгдэндагва хаантай энд учирлаа. Энэ монголчууд үнэхээр билэг ерөөлтэй улс ажээ хэмээн хэлээд инээмсэглэж байв аа.