М.АРИУНЖАРГАЛ

 

Өвлийг өнөтэй, давж урин хаврыг угтан азай буурлууд ах дүүсээрээ мэнд мэдэлцэн өв уламжлалаа сэргээн Монгол үндэсний хувцсаараа гангаран золгох “Сар шинийн баяр”-ын өдөр удахгүй болох гэж байна. Манай сурвалжлах баг Нарантуул олон улсын худалдааны төвийг зорьсон юм.

Сар шинийн баяр дөхсөн энэ өдрүүдэд ууц, хэвийн боов, гарын бэлгээс гадна үндэсний дээл хувцасны эрэлт хэрэгцээ их байгааг худалдаачид хэлж байна. Бид Нарантуул захын үндэсний хувцас борлуулагчидтай хэсэг хөөрөлдсөн юм.  Тэнд оёдлын цех, салонуудаас эхлээд гэрээрээ оёдог оёдолчдын дээлийг ч борлуулдаг аж.

Энэ жилийн тухайд торгоны үнэ чамгүй өссөн учраас дээлийн үнэ ч дагаад өсөж байгааг худалдаачид болоод худалдан авагчид хэлж байна. “Нарантуул зах дээр хурган дээл 2-2.5 сая төгрөгийн үнэтэй байгаа бол хос дээл 580 мянган төгрөгөөс эхэлж байна. Харин дан дээл 250-300 мянга, дотортой дээл 280-380 мянгаар борлуулж байгаа” хэмээн худалдаачин Г.Сумъяа хэлэв. “Энэ жил торгон дээлээс илүү энгийн даавуун дээлийг хүмүүс их сонирхож байна” хэмээн тэрээр нэмж хэлсэн юм.

Дан дээлийн эрэлт цагаан сар хаврын урь орсон өдрүүдэд болж байгаатай холбоотой хэмээн худалдаачид үзэж буй. Худалдаачин Г.Сумъяа “Манайх нударгатай гоёлын дээлийг 200 мянган төгрөгөөр борлуулж байгаа. Том хүний монгол цамц 95 мянга, 10 хүртэлх насны хүүхдийн цамц 65 мянгаар худалдаалж байна. Энэ жил дээлийн үнэ багагүй нэмэгдсэн. Учир нь бүх бараа бүтээгдэхүүн, тог цахилгаан нэмэгдсэн шүү дээ. Бид ч гэсэн олсон орлогоосоо татвар төлж, хэрэглээгээ хангаж байгаа. Энд зарагдаж байгаа дээлийн үнэ нь манай зах даяараа тогтсон үнэ. Гэхдээ лангуунууд байгаа үнээсээ буулгаж буюу хямдруулж худалддаг. Жил ирэх бүр үнэ нэмэгдэх нь тодорхой. Тэр тусмаа түүхий эдээр хийдэг хурган болон булган дээлүүдийн үнэ нэмэгдээд л байна” гэж байлаа. Бүсний хувьд эрэгтэй арьсан бүс 100 мянган төгрөгөөс эхэлж байсан бол эмэгтэй бүс 60 мянган төгрөгөөс эхэлж байлаа. Даавуун гоёлын бүснүүд 20-35 мянган төгрөгөөр зарагдаж байв.

Харин иргэдийн хувьд үндэсний хувцсаараа гоёх сонирхол их байгаа ч үнэ нэмэгдсэн нь худалдан авахад хүндрэлтэй байна гэж байлаа. Энэ талаар иргэн Д.Дарь-Эх-сүрэн “Манайх ам бүл тавуулаа. Нөхөртөө дээл, хүүхдүүдээ монгол цамц авахаар хайж байна. Хамгийн боломжийн буюу хямд үнэтэй дээлийг нь сонгож авахад 1.2 сая төгрөг болохоор байна. Өнгөрсөн жилээс даруй 100-200 мянган төгрөгөөр нэмэгдсэн байх шиг байна. Энэ нь үндэсний хувцсаараа гоёход хүндрэл учруулж байна” гэсэн юм.

Монгол үндэсний хувцас ганц дээлээр хэмжигдэхгүй. Мандах төрийн малгай, бүтээх төрийн бүс, тулах төрийн гутал гээд үргэлжилнэ. Нарантуул захад үнэгэн малгай 150 мянга, лоовууз 100-200 мянган төгрөгийн ханштай байсан бол жинхэнэ ангийн үс буюу булга, үнэг, хярсны үсээр хийсэн малгайнууд 250-1.5 сая төгрөг. Хос булган малгай 450 мянган төгрөгөөс эхэлж байлаа.

Үндэсний дээл нь өв уламжлалын чухал хэсэг ч сүүлийн жилүүдэд зах зээлд үнэ нь их өссөн. Тансаг хийцтэй дээл, үнэтэй материалуудыг сонгох нь айл өрхүүдэд нэмэлт дарамт болж байна. Хүмүүс жил бүр шинэ дээл, гоёл авахыг шаардлагатай гэж үздэг нь санхүүгийн ачааллыг нэмэгдүүлдэг байна. Тэгвэл зарим иргэдийн хувьд энгийн дээл худалдан, 2-3 жил өмссөн нь дээр гэж бодож байна гэж байлаа. Энэ тухай иргэн Ө.Өлзийсайхан “Залуу хүний хувьд жил бүр шинэ дээл худалдаж авах бус даруухан сонголт хийж олон жилийн турш өмсөх боломжтой, чанартай, хэт үнэтэй биш дээл сонгохыг илүүд үзэж байна. Энэ нь зардлыг ч хэмнэнэ. Тухайлбал, уламжлалт гар оёдолтой гэхээс илүү энгийн материалтай, өдөр тутам өмсөхөд тохиромжтой дээл авбал дараа нь хаана ч өмсөх боломжтой. Эсвэл шинэ дээл заавал авалгүйгээр хуучин дээлээ сэргээн засварлаж, янзалж, загвар оруулж өмсөх нь эдийн засагт хэмнэлттэй гэж боддог. Гэхдээ манай монголчууд ийм хандлагатай болоход урт хугацаа шаардлагатай.  Магадгүй энэ чигээрээ ч байсаар байх болов уу” гэсэн юм.

Монгол гутлын хувьд хийц, дотор, хэмжээнээс хамаараад 200-500 мянга, хүүхдийнх нь 120-150 мянга, хромон гутал 100-150 мянган төгрөгийн хооронд зарагдаж байгааг худалдаачид хэлж байсан юм. Гутлын материалын олдоц сайн байгаа тул урьд жилүүдээс үнэ нэмэгдээгүй гэдгийг мөн хэлж байсан.

Харин дээлийн гол гоёл болох мөнгөн тоногтой гэх бүс 20-120 мянган төгрөгөөр зарагдаж байлаа. Жинхэнэ мөнгөөр бүрсэн бүс зарагдахаа байсан тул хатуу хуванцар материалыг будаж бүрсэн оруулгатай арьсан бүснүүд төрөл төрлөөрөө лангуун дээр өрөөтэй харагдаж байв.

Нарантуул олон улсын худалдааны төвийн гадаа талбайд гарын бэлгийн үзэсгэлэн худалдаа, ааруул цагаан идээний худалдаа гарсан байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 10. ДАВАА ГАРАГ. № 26 (7522)