Ч.ЗОТОЛ
УИХ-ын Тамгын газар, ТАЗ хамтран "Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилгын тухай хуулийн төсөл болон төрийн жинхэнэ албанд чадахуйд үндэслэн сонгон шалгаруулах тухай хуулийн төслүүд"-ийн боловсруулах явцтай танилцах уулзалтыг өнөөдөр Их тэнгэрийн аманд хийлээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар хуулийн ажлын хэсгийнхэнд хандаж “Өнөөдөр ёс зүй, сахилга хариуцлагын тухай ойлголт нийгмийг хүсэмжлэл болсон. Төрийн албанд ёс зүй байтугай сахилга хариуцлагын тухай ярих боломжгүй болжээ. Тиймээс төрийн албанаасаа эхэлж ёс зүй сахилга хариуцлагыг буй болгон хуульчилж байна. Өөрөөр хэлбэл, дүрэм, журмаар ёс зүй, сахилга хариуцлага зохицуулах ямар ч боломжгүй учраас ийн хуульчлан тогтоох хэрэгтэй байна.
Төр хамгийн хамгийн том бизнес эрхлэгч, ажил олгогч, худалдан авагч болжээ. Тиймээс төр хамгийн шилдэг нь байхаас өөр гарцгүй. Төрийн албаны шинэчлэл бол хүнийг өөрчлөх бус сэтгэлгээ , хандлага, бодлогыг нь өөрчлөх ёстой. Монгол хүний төлөө ажилладаг жинхэнэ төрийн алба хаагчийг буй болгоход Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилгын тухай хуулийн төсөл болон төрийн жинхэнэ албаны сонгон шалгаруулалтын тухай хуулийн зорилго чиглэх юм” гэв. Мөн тэрээр “Төрийн албанд танил тал, арын хаалгаар орж, сонгон шалгаруулалт нэр төдий болж, улстөржсөн гэх гомдол тасрахгүй байна. Чадвартай, чадалтай нь төрд ажиллаж байж, төр төмбөгөр ёс ёмбогор зарчим биеллээ олно. Гэтэл монгол төрийн албан хаагч гэхээсээ илүү “энэний хүн, тэрний хүн” гэсэн шошготой болжээ. Сонгон шалгаруулалтын хуулиар энэхүү буруу, шударга бус байдлыг өөрчилнө. Хууль батлагдснаар төрийн албаны зөвлөлийн нэр хүнд, үйл ажиллага шинэ шатанд гарах учиртай” –г онцлон тэмдэглэлээ.
Эх сурвалж: www.polit.mn