Т.САЙХАН

 

УИХ-ын дарга Г.Занданшатар Шүүхийн багц хуулийн хэрэгжилтийн талаар хууль санаачлагчид болон албаны хүмүүсийг дуудан мэдээлэл сонсчээ.   Парламент өнгөрсөн нэгдүгээр сард  Шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталсан. Шүүхийн бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлж, шүүхийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй болгож, шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг баталгаажуулсан хэмээн үзэж буй.  Тэгвэл хууль хэрэгжсэнээс дээрх зорилгоо хэрхэн биелүүлж байгаа талаар талууд байр сууриа ингэж илэрхийлжээ.  

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Шүүхийн сахилгын хороо байгуулах ажил Цэцийн дүгнэлтээс үүдэн гацсан

-Шүүхийн сахилгын хороог нээлттэй сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж байна. Парламентаас томилох 10 орон тоон дээр 50 гаруй хүний материал хүлээн аваад байгаа. Тус үйл ажиллагаа Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтээс үүдэн саатаад байна. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны дээрх дүгнэлтийг УИХ хүлээн аваагүй тул Дээд суудлын хуралдаан болох ёстой.  Түүнээс ямар шийдвэр гаргахыг хүлээж байна.

 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Цэц энэ сард багтаж хуралдах ёстой

-Шүүхийн тухай хууль хэрэгжээд зургаан сар болсон.  Энэ хугацаанд Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтээс болж Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороог байгуулах ажил гацаад байна.  Үндсэн хуулийн цэц өнөөдрийг хүртэл дээд суудлын хуралдаанаа хийгээгүй, хэзээ хийх нь тодорхойгүй. Цэцийн энэхүү үйлдлээс үүдэн шүүхийн эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг хангах, шүүгчдийг сонгон шалгаруулах чиг үүргийг хэрэгжүүлэх Шүүхийн ерөнхий зөвлөл,шүүгчийн алдаа оноог дэнслэх Шүүхийн сахилгын хороо зэрэг “шударга ёсны араа шүд” болж байх ёстой хоёр байгууллага нь байгуулагдаж чадахгүй өнөөдрийг хүрлээ.  Тиймээс шүүхийн шинэтгэлийг үргэлжлүүлэхийн тулд Үндсэн хуулийн цэц энэ сард багтаан дээд суудлын хуралдаанаа хийж, шийдвэрээ гаргах шаардлагатай.

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр: Шүүгч нарыг шилжүүлэн томилохыг хуулиар хязгаарласан учраас бэрхшээл үүссэн

-Шүүхийн Ерөнхий шүүгчийг шүүгчид дотроосоо сонгохоор хуульд заасны дагуу энэ оны гуравдугаар сарын 1-нээс 15-ны өдрийн хооронд нийт шүүхийн Ерөнхий шүүгчээ сонгосон.  Мөн шүүхийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, байршлыг тогтоох асуудлыг боловсруулахад харгалзан үзэх шалгуур үзүүлэлтийг батлаж Улсын дээд шүүхтэй зөвшилцөхөөр саналаа хүргүүлсэн. Энэ  шалгуур үзүүлэлтийг баталсны дараа Засгийн газарт холбогдох саналаа хүргүүлж, УИХ-д танилцуулан шийдвэрлүүлснээр Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн чухал хэсэг болох тойргийн болон дагнасан шүүх байгуулна.  Гэхдээ шүүгчид эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж шалгахтай холбогдуулан бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай эрх бүхий байгууллагаас ирүүлсэн саналыг хянан үзээд түдгэлзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх Шүүхийн сахилгын хороо байгуулагдаагүйн улмаас энэ төрлийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон.  Мөн шүүгч нарыг шилжүүлэн томилох бололцоог хуулиар хязгаарласан учраас боловсон хүчний нөөц хуваарилалтад бэрхшээл үүсээд байна.  Хуульд “сэлгэн ажиллуулах” гэсэн шинэ арга хэлбэрийг тодорхойлсон, холбогдох судалгаа, бэлтгэлийг ханган ажиллаж байгаа

 

Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Амардэлгэр: Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх саналаа удахгүй хүргүүлнэ

-Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг холбогдох дүрэм, журмын хүрээнд зохион байгуулсан бөгөөд ойрын хугацаанд саналыг хүргүүлэхээр төлөвлөсөн.  Мөн Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнг Улсын дээд шүүхийн дэргэд ажиллуулахаар заасан.

Эл хүрээлэнг байгуулж, шүүхийн шийдвэрийг мэдээлэх, олон нийтэд түгээх ажлыг зохион байгуулна.

 

УИХ-ын дарга Г.Занданшатар: Авлигын хэргийн дагнасан шүүх байгуулна

- Нэн тэргүүнд Шүүхийн ерөнхий зөвлөлийг байгуулах шаардлагатай. Олон жилийн турш бид бүгдийн ярьж ирсэн “Шударга бусын хонгил”-ыг нураах зорилгоор, шүүх засаглалыг нэг албан тушаалаас хамааралтай байдаг байдлыг халах зорилготой заалтыг хэрэгжүүлэх ёстой. Тус зөвлөлийг олон улсын жишгээр нийтэд ил тодоор, нээлттэй, хараат бусаар сонгон шалгаруулж байгуулах юм. Хамгийн гол энэ заалт хэрэгжихгүй байгаа нь шүүхийн нэр хүндийг ч бууруулж байна. “Шударга бусын хонгил”-ыг нураах эл зохицуулалтыг хэрэгжүүлэхийн тулд парламент онцгой анхаарал хандуулна. Мөн авлигын асуудлыг таслан зогсоодог хамгийн сайн жишиг бол авлигын хэргийг дагнан шийдвэрлэдэг шүүх байгуулах юм. Авлигын хэргүүдийг цэгцэлдэг олон улсын ийм туршлага байдаг, судлаач эрдэмтэд нь ч үүнийг зөвлөдөг.  Тиймээс авлигын хэргийг дагнан шийдвэрлэдэг шүүх байгуулах асуудлыг судалж, шаардлагатай бол эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр шуурхай ажиллаарай.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.23 ДАВАА № 164 (6641)