Т.САЙХАН
Монгол Улс 2030 онд дөрвөн сая, 2040 онд 4.6 сая, 2050 онд 5.4 сая хүн амтай байна. Мөн эдийн засгийн олон бүтэц бүхий хэрэглэгчээс үйлдвэрлэгч, импортлогчоос экспортлогч улс болно. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 2030 онд 12 мянга, 2050 онд 38 мянган ам.доллараас дээш болгоно. Энэ нь УИХ-ын чуулганы 2020 оны тавдугаар сарын 13-ны нэгдсэн хуралдаанаар баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын гол зорилтуудын нэгэн хэсэг юм. Тэгвэл “Алсын хараа-2050” хэмээх галт тэрэг нэгэнт хөдөлж, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх үйл ажиллагаа эхэлсэн энэ цаг үед дээрх хөгжлийн баримт бичгийн онцлох таван зорилтыг хүргэж байна.
Хөгжлийн цөм нь Монгол хүн
Аливаа нийгмийн хөдөлгөгч хүч бол дундаж давхаргын иргэд байдаг. Дэлхийн улс орнууд чинээлэг дундаж давхаргын нийт хүн амд эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэхэд голлон анхаарч байна. Харин Монгол Улсад дундаж давхаргын иргэдийн тоо бага, улмаар нийгмийн тэгш бус байдал үүсэх хандлага ажиглагдаж ирсэн нь 30 жилийн өмнө иргэдийн хүсэлтээр сонгосон ардчилсан нийгмийн үнэт зүйлд ч сөргөөр нөлөөлөх болов. Монгол Улс хүний хөгжлийн үзүүлэлтээр дэлхийн 177 орноос 92 дугаар байрт жагсаж байгаа нь ч үүний илрэл. Тиймээс ч Монгол Улсын хөгжлийн бодлогын цөм нь боловсролтой, эрүүл, монгол хүн байна хэмээн “Алсын хараа-2050”-д онцолж байна.
Монгол хүүхэд дэлхийд оюуны чадавхаар долдугаарт жагсдаг ч оюуны чадавхаа хэрэглэх ур чадвараар 49 дүгээрт, хэрэглэх чадвараа хөгжүүлэх байдлаар 59 дүгээрт, бүтээх үзүүлэлтээр 111 дүгээрт байгаад бид дүгнэлт хийх ёстой. Энэ хүрээнд хүн бүрт чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, боловсролыг хувь хүний хөгжил, гэр бүлийн амьдралын баталгаа, улс орны хөгжлийн суурь болгон авч үзжээ. Улмаар эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, үр дүнтэй тогтолцоог хөгжүүлэх, иргэн бүрийг хоёр жил тутамд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд тогтмол хамруулдаг болох, яаралтай түргэн тусламжийн үйлчилгээнд онгоц, агаарын тээвэр ашиглах гэсэн үйлчилгээг тусламж, үйлчилгээнд нэвтрүүлэх зэргээр иргэдээ дэмжих бүхий л бодлогыг цогцоор нь тусгасан байна.
Хэрэглэгчээс үйлдвэрлэгч, импортлогчоос экспортлогч улс руу
Монгол Улс өнгөрсөн хугацаанд уул уурхайд тулгуурласан эдийн засагтай байсан.
Одоо ч ийм хэвээр бөгөөд дэлхийн зах зээл дэх уул уурхайн түүхий эдийн ханшийн өсөлт, бууралт нь манай улсын эдийн засагт шууд нөлөөлдөг. Тиймээс ирэх 30 жилийн бодлогод
1. Эдийн засгийн өрөөсгөл бүтэц, тогтворгүй өсөлтийг шийдвэрлэхийн тулд нэмүү өртөг шингээсэн уул уурхай, түүнийг холбосон дэд бүтцийн мега төслүүд,
2. Хүнд, хөнгөн, хүнс гэсэн гурван төрөлжилттэйгөөр хөдөө аж ахуйн салбарыг багтаасан боловсруулах аж үйлдвэр,
3. Эрчим хүчний салбар,
4. Тээвэр, логистикийн салбар,
5. Төрөлжсөн аялал жуулчлал ба түүнийг дагасан йлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэл,
6. Мэдлэгжсэн, бүтээлч эдийн засгийн салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбараар зарлаж, төрийн бодлогоор онцгойлон дэмжихээр тусгасан байна. Энэ нь хэрэглэгчээс үйлдвэрлэгч, импортлогчоос экспортлогч улс байх томоохон зорилтыг агуулж байгаа юм.
Тухайлбал, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох бодлого баримтална. Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барьж дуусган, уул уурхайн томоохон төслүүдийг дэд бүтцээр холбож, боловсруулах үйлдвэрүүд байгуулна. Тавантолгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг шинээр барих, эрчим хүчний эх үүсвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Газрын тос боловсруулах цогцолбор байгуулж, улсынхаа шатахууны хэрэгцээг дотоодоос хангах төсөл ч бас энд төлөвлөгдсөн.
Үндэсний баялгийн сан байгуулна
Уул уурхайн орлогын тодорхой хувийг Үндэсний баялгийн сан байгуулахад хуримтлуулж, эдийн засгийн тэргүүлэх салбаруудаа дэмжих, стратегийн хувьд ач холбогдолтой мега төслүүдээ санхүүжүүлэх, улмаар байгалийн баялгийг иргэн бүрт тэгш хүргэх тогтолцоог бүрдүүлэхээр төлөвлөсөн байна. Манай улсын нийт хөдөлмөр эрхлэгчдийн 30 хувь нь мал аж ахуйн салбарт ажилладаг ч бүтээмж муугаас орлого бага байдгийг өөрчилж, эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлнэ. Улмаар нэмүү өртөг буюу үнэ цэн шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд онцгой анхаарч импортлогч улсаас экспортлогч улс болох зорилт дэвшүүлжээ. Энэ хүрээнд хөдөө аж ахуй, дотоодын боловсруулах үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих юм. Эрчим хүч бол хүний судастай ижил. Эрчим хүч, дулааны дэд бүтцийг хөгжүүлснээр бусад салбар хөгжих боломж бүрдэх тул тус салбарыг Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдож, олон улсын зах зээлд экспортлох боломж байгаа. Мөн бүс, орон нутгийн онцлогт нийцүүлж, байгаль, түүх, соёлын өвд түшиглэн баруун бүсэд адал явдалт, тусгай сонирхлын, хангайн бүсэд-байгалийн, амралт зугаалгын, говийн бүсэд палентологийн, төвийн болон Улаанбаатарын бүсэд соёлын болон бизнесийн, зүүн бүсэд түүхэн төрөлжсөн аялал жуулчлал, түүнийг дагасан жижиг, дунд үйлдвэрлэл, үндэсний брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж хөгжүүлнэ. Түүнчлэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, чанар, стандартыг сайжруулж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, Монголын нүүдлийн соёлын онцлогт тохирсон үндэсний шинэлэг, сор бүтээл, брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих юм.
Хөрөнгө оруулалт болон нээлттэй гадаад бодлого
Монгол Улсыг хөгжүүлэх Үндсэн чиглэлд тусгагдаж байсан зорилт, арга хэмжээнүүд нь хэт ерөнхий, шалгуур үзүүлэлтийг хэмжих боломжгүй, санхүү, эдийн засгийн тооцоололгүй байсан олон жишээ бий. Харин “Алсын хараа-2050”-д санхүү, хөрөнгө оруулалтын асуудлыг тодорхой шийдвэрлэсэн байна. Хөтөлбөрийн хүрээнд санхүүжилтийн эх үүсвэр нь шийдэгдсэн нийт 49.7 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 150 төсөл, арга хэмжээ байна. Харин санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэх шаардлагатай 18.6 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 88, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах шаардлагатай 98 төсөл байгаа аж. Эдгээр төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг эх үүсвэрээр нь ангилж харвал Хөгжлийн банкны санхүүжилтээр 30, улсын төсвөөр 7.5, концесс, төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 20.3 хувийг шийдвэрлэх аж. Улмаар улсын төсөв, гадаад зээл тусламж бүхий холимог эх үүсвэр болон дан гадаадийн зээл тусламжаар 36.6 хувийг шийдвэрлэх бол үлдсэнийг нь хэсэгчлэн шийдвэрлэх юм.
Мөн E-Mongolia цахим төслийн хүрээнд хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт сонирхсон хэн боловч дэлхийн хаанаас ч хүссэн үйлчилгээгээ авах боломжийг хангахаар ажиллаж байгаа юм. Улмаар гадаадын хөрөнгө оруулалтын төрийн захиргааны байгууллагын тогтвортой ажиллагааг хангана. Хөрөнгө оруулагч нар энэ байгууллагад биечлэн очиж эсвэл утсаар зөвлөгөө авч болно. Энэ ажлыг 2024 он гэхэд хийж, гадны хөрөнгө оруулалттай холбоотой хууль эрх зүйн орчинг ойлгомжтой болгохоор төлөвлөсөн байна.
Агаарын бохирдлыг 80 хувь бууруулах боломж
Монголчуудын хувьд нүүдлийн уламжлалт соёл иргэншил дээрээ суурилж, орчин үеийн үр ашиг өндөртэй технологид суурилсан ногоон хөгжил бүхий соёл иргэншил рүү шилжих бүрэн боломжтой гэж үздэг. Тиймээс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод өнөө үе төдийгүй үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө байгаль орчноо хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх үүргээ хэрэгжүүлэх зорилгоор нийт газар нутгийн 35, гол мөрний 75, ойн 60 хувийг улсын тусгай хамгаалалтад авахаар төлөвлөжээ. Улмаар ховордсон ан амьтан, ургамлыг өсгөн үржүүлэх үндэсний парк болон байгаль орчны шинжилгээний төв лаборатори байгуулах, ойн хэмжээг есөн хувьд хүргэж, усны ай сав газрын хамгаалалтын тоог гурав дахин нэмэх төлөвлөгөөг гаргасан байна.
Дэлхийн хэмжээнд агаарын чанар муудахад нэг хүнд учрах хохирол жилд 500 ам.доллар байдгийг OECD тогтоосон. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2019 оны тавдугаар сараас нийслэлийн төвийн зургаан дүүрэгт түүхий нүүрс түлэхийг хориглож, “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр 2019-2020 онд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50 хувь бууруулж чадсан. Харин саяхан шахмал түлшний дахин нэг үйлдвэр ашиглалтад оруулсан бөгөөд ингэснээр нийслэлийн бүх дүүргийн өрхийг уг түлшээр хангаж, агаарын бохирдлыг цаашид 80 хувь хүртэл бууруулах боломж бүрдэх юм байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.8.20 БААСАН № 163 (6640)