Т.САЙХАН
2021 оны наймдугаар сарын 11-ний өдөр Өмнөд Африкийн улсаас 989.2 гр буюу их хэмжээний метафитамин “мөс” гэх нэршилтэй бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг илрүүлэн хуулийн байгууллагаас шалгаж байгаа билээ. Тэгвэл энэ асуудлаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. Тус хэрэгт Б, Э нарыг холбогдуулан шалгаж, Э-д таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Тухайн этгээд нь шалгалтын явцад урд өмнө Хонконгт хар тамхи мансууруулах бодисыг зөөвөрлөсөн хэргээр 10 жилийн ял эдэлж, Монгол Улсад 2020 онд орж ирээд дээрх гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байжээ. Хар тамхитай тэмцэх газраас гадаад улсын интерпол болон хар тамхитай тэмцэх байгууллагуудтай мэдээлэл солилцож Монгол Улс руу гадаадаас нэвтрүүлсэн этгээдийг олж тогтоохоор ажиллаж байгаа юм байна. Энэхүү гэмт хэрэгт ЭХ-ийн 20.7.3-т заасны дагуу 5-12 жилийн хорих ялаар шийтгэдэг гэлээ.
ЦЕГ-ын ХМТ-ийн дарга Б.Баатархүү: -Хар тамхитай холбоотой хэрэгт хэвлэлээр дээрх хэрэгт холбогдсон этгээд эмч байсан гэх мэдээлэл гарсан. Хоёрдугаарт, их хэмжээний хар тамхи оруулж ирсэн захиалагчийг цагдаагийн байгууллага гараагүй байна гэдэг мэдээлэл гарсан. Үүнд тайлбар хийхэд гол захиалагчийг баривчилсан. Цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг хүргүүлсэн. Одоогоор хойшлуулшгүйгээр саатуулсан байна. Дээрх этгээд нь 2010 онд Хонконгт хар тамхины хэргээр 10 жилийн хорих ял эдлээд Монгол Улсад ирсэн. Уг хар тамхийг Монгол Улс руу захиалсан хүлээн авагч байж болзошгүй хүмүүсийг шалгаж байгаа гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn