Хүмүүн төрөлхийтний соёл гэгээрлийн охь манлай бидний Бурхан багш нирваан болсноос зуун жилийн дараа Их Монгол орон дор Буддын ном дэлгэрсэн ба түүхэндээ эхэн үеийн дэлгэрэлт, дунд үеийн дэлгэрэлт, хойч үеийн дэлгэрэлт хэмээн гарсан бөгөөд тэрхүү цэцэглэн хөгжилт үеүд дор тоолш үгүй төрөлхийтэн төгс гэгээрэл болон аливаа дээд онолыг олж сансрын хүрднээс гэтэлсэн буй. Буддын ном дор чухаг гурван хүрдэн буйгаас нэгдүгээр дор унших, сонсох, санахуйн хүрдэн, хоёрдугаар дор тэвчихүй бясалгалын хүрдэн, гуравдугаар дор үйлсийн үйлийн хүрдэн хэмээх буй. Эдгээр гурван хүрд дор Буддын номын үйл хэрэг багтах агаад тэдгээр хүрдэнг залуурдан эргүүлэх хамгийн чухал зүйл бол номын хүрдэн эргүүлэх буюу ном номлохуй зохионгуй хэмээжээ. Бурхан багш энэ дэлхий дор арван хоёр их зохионгуйг үзүүлсний дотроос хамгийн эрхэм чухаг нь "номын хүрдэнг эргүүлсэн зохионгуй" хэмээдэг. "Эрт морилсон багш нарын намтар хойч үеийн шавь нарын анхааран авлага" хэмээн айлдсан агаад тэрхүү номыг айлдахуй дор хөтөлбөр, даган соёрхол, авшиг хайрлах, увдис дамжлага тэргүүтэй олон зарчмаар явах ба басхүү судар, тантрийн номлолын үндэс уламжлал их мөрөн голын урсгал мэт болоод их алтан ургийн хүйн холбоо тасарч үл болохуй лугаа нэгэн адил буй. Тиймийн тул бидэн бээр өвгөн богд багш нараасаа уламжилж авсан судар болон тантрийн номуудаас соёл гэгээрлийг эгээрэгч ард олон дор жил бүр Цагаан сараар тавьж айлдсаар эдүгээ арван хоёр жилийн нүүр үзжээ. Энэ могой жил тавих ном болбаас Эгээрлийг Хангагч Чандмань Эрдэнийн даган соёрхол тавих бөгөөд ийн тавих болсон шалтгаан нь манай Анхдугаар Богд Жэвзүндамба Хутагт Өндөр Гэгээний өөрийн мутраар хувилгаан урласан нандин шүтээн Ногоон Дарь Эхийг номын үндэс уламжлал лугаа сэлтээр монголчууд бидэн дор үлдээсэн учир бидэн бээр тэрхүү эрхэм нандин шүтээнээ гагц урлаг талаас ану үзээд зогсохгүй өдөр тутмын гарын авлага болон анхааран авлага болгож өөр хийгээд өрөөл бусдын энэ хийгээд хойчийн амгалан тусыг бүтээх номын авшиг, увдис соёрхох юм. Ногоон Дарь Эх болбаас арван зүгийн гурван цагийн бурхадын эх болон үйлсийн эх хэмээн дээрээ үгүй тантрийн ном дор алдаршсан агаад энэхүү Чандмань Эрдэнийн Ногоон Дарь Эхийн "даган соёрхол" болбаас Дээрээ үгүй Очирт хөлгөний ёсны уламжлал ажгуу. Энэ ном дор сууж авшиг хүртсэнээр гарын авлага буюу өдөр тутам унших уншлага болон тарнь, зарим нэгэн чухал зан үйлд суралцах ба анхааран авлага буюу оюун санаандаа яаж адистид авч, яаж бясалгал бүтээл үйлдэх тэргүүтэй гүн нарийн ном дор суралцах эрхийг авах ба эдгээрийг ч багш бээр түргэн мөрийн хөтөлбөрөөр соёрхох болой. Та бүхэн Өндөр Гэгээний нандин шүтээний ач тусыг үнэхээр хүртэж, соёл гэгээрлийг зоривоос энэ жилийн болон энэ насны, цаашлаад ирэх төрлүүдийн жинхэнэ засал болох тул чин сүсэг, чин зоригийг үүсгэж номын авшиг дор хүрэлцэн ирээрэй! Зава Дамдин ринбүчи
Хэзээ: 2025 оны 3-р сарын 09-нд буюу ЦАГААН САРЫН ШИНИЙН 10-нд 11:00 цагт
Хаана: Улаанбаатар Палас-ын их танхимд (UB PALACE)
Зохион байгуулагч байгууллага: Гүрү Дэва Хүрээлэн, Зава Дамдин Судар Бичгийн Хүрээлэн, Дэлгэрийн Чойрын Хийд
Ивээн тэтгэгч: Зи Ди Монголиан Рояал Классикс ХХК