Б.БАЯР

Монголын улс төр мөнхийн зөрчил дунд өрнөдөг. 
Сонгох, томилох, халах, огцруулах... гээд Монголын улс төрийн үйл явдлууд тасралтгүй үргэлжилдэг. 
Улс төрд хутгалдсан хүмүүст энэ сонирхолтой байдаг шиг байгаа юм. 
Харин олон түмэнд бол үгүй. 
Улстөрчдийн эдгээр "наадаан"-аас үүдсэн хямрал бүрийн ачааг ард түмэн л үүрдэг болохоор тэр.
Өнөөдөр нэг мэдээлэл цахим сүлжээнд цацагджээ. 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулахаар АН, бие даагчаас гадна МАН-ын дөрвөн гишүүн гарын үсэг зурсан гэсэн байх юм. 
Энэ худлаа бололтой. 
Учир нь энэ зунжин М.Энхболдын явуулсан акцын сүүлийнх нь ажээ. 
Л.Оюун-Эрдэнэ нь М.Энхболдыг албан тушаал, хамаг байдгаас нь авч хаясан. Тэгэхээр М.Энхболд нэг насаараа гомдох эрхтэй юм. 
Тиймээс "Л.Оюун-Эрдэнийг огцруулах" хүсэлдээ 
хөтлөгдөж зунжин элдвийн акц явуулаад эцэст нь бүтэлгүйтлээ гэсэн яриа улс төрийн хүрээнд, ялангуяа МАН-д нь яригдаж байна. 
Яагаад гэвэл мань эр Л.Оюун-Эрдэнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй, УИХ-ын дарга Г.Занданшатартай, МАН-ын генсек Д.Амарбаясгалантай зөрчилтэй болсон мэтээр харагдуулах гэж ихээхэн хичээсэн гэнэ. 
Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнэ У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ Д.Амарбаясгалан гэх мэтээр хооронд нь зөрчил үүсгэх гэж зуны турш ажилласан нь бүтэлгүйтэв бололтой. 
Түүнийг энэ хүслээ гүйцэлдүүлэхийн тулд Ц.Элбэгдоржийг, Б.Хурцыг хөдөлгөх гээд бүтэлгүйтсэн гэх яриа бас байна. 
Цэцээс үүдэж Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай хагаралдуулах гэсэн нь мөн л болоогүй байна. Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга нар 20-иод хоногийн өмнө Японд уулзаад эвлэрчихжээ.
Хамгийн гол нь дээр нэр дурдсан хүмүүс бүгдээрээ ийм ойлголттой байгаа юм байна. Нөгөөтэйгүүр Монгол жижигхэн, М.Энхболдын "хөдөлгөөн"-ийг бүгд мэддэг байна. 
Түүнчлэн Л.Оюун-Эрдэнийн хувьд өнгөрсөн зуныг ашиглаж, намынхаа болоод бусад хүчийг нэлээд "зузаалж" авсан гэх сураг сонсогдож байна. 
Тэгэхээр "Л.Оюун-Эрдэнийг огцруулах гарын үсэг" гэх мэдээлэл нь худлаа бөгөөд М.Энхболдын энэ зуны акцын "сүүлчийн сум" нь бололтой. 
Эцэст нь, давтан хэлэхэд, эдгээр мэдээлэл нь улс төрийн хүрээнд, тодорхой хэлэх юм бол Төрийн ордон, Тусгаар тогтнолын ордноор хүчтэй яригдаж байгаа болно. Амтай болгон ярьж байгааг дуулгая.

Эх сурвалж: www.polit.mn