Т.САЙХАН

 

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан цагаасаа эхлэн  анхаарлын тэмдэгтэй, асуудалтай  явж ирсэн.  Монгол Улсад ашгаа өгөх эсэх дээр байнга маргаан дагуулж байв.  Үеийн үеийн төр, засгийн удирдлагууд энэ төсөлд анхаарал хандуулж ирсэн ч асуудлыг нэг талд гаргасан нь үгүй.  Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Оюутолгойн гэрээний асуудалд нэлээд анхаарал хандуулж, шуурхай ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газраас Оюутолгойн төслийн асуудлаар олон улсын нэр хүндтэй шинжээчдийн багаар дүгнэлт гаргуулжээ. Олон улсын шинжээчид өмнө нь маргаан дагуулаад байсан асуудлуудад үнэлэлт дүгнэлт өгсөн байна. Хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтэд Оюутолгойн гэрээ монголчуудад ашиггүй болсон төдийгүй “монголчуудын маргаад байсан нь зөв” болохыг баталгаажуулсан байна. Олон улсын шинжээчдийн албан ёсны дүгнэлт маш чухал юм. Энэ дүгнэлт олон улсын арбитрын шүүх дээр “Рио Тинто”-той заргалдаж ялах гол түлхүүр болно гэдгийг ч Монгол Улсын Засгийн газраас хүлээн зөвшөөрч олон нийтэд мэдэгдлээ.

Оюутолгойд хийсэн хөндлөнгийн хяналт дүгнэлтийн талаар Оюутолгойн гэрээг сайжруулах ажлын хэсгийн ахлагч, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго нар өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийсэн.

Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал нэг тэрбум 450 сая ам.доллараар хэтэрсэн.  Мөн гүний уурхай ашиглалтад орох хугацаа 22 сараар хоцорсон асуудлаар Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн ТУЗ-д удаа дараа хүсэлт тавьсны эцэст дэлхийн нэр хүндтэй шинжээчдээр уг хоёр асуудал дээр дүгнэлт гаргуулъя гэдэг асуудлыг тавьсан. Хөндлөнгийн шинжээчид 2021 оны гуравдугаар сард томилогдоод, таван сар гаруй хугацаанд ажиллаад, албан ёсоор дүгнэлтээ ирүүллээ. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтээр гүний уурхайн ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшилж, хөрөнгө оруулалтын зардал нэг тэрбум 450 сая ам.доллараар нэмэгдсэн нь төслийн гүйцэтгэлийн явцад илрүүлсэн геотехникийн асуудлаас болоогүй” гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Оюутолгойн төслийн менежментийн багаас удаа дараа Засгийн газарт ямар тайлбар хийж байсан гэдгийг та бүхэн мэднэ. Гүний уурхайн ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшилж, хөрөнгө оруулалтын зардал нэг тэрбум 450 сая ам.доллараар нэмэгдсэн нь геотехникийн асуудлаас шалтгаалсан гэдэг тайлбарыг удаа дараа ирүүлж байсан. Тэгвэл дэлхийн нэр хүндтэй шинжээчдийн баг Оюутолгойн төслийн гүний уурхайн хугацаа хойшилсон болон зардал нэмэгдсэн асуудал нь ямар нэгэн геотехникийн асуудлаас болоогүй гэдэг дүгнэлтийг хийж байна. Оюутолгойн хэлэлцээрийг урагшлуулах үйл явц үргэлжилж байгаа. Ямартай ч эхний шатанд бидэнд сайн мэдээлэл, дүгнэлт ирлээ. Энэ нь хэлэлцээрийг урагшлуулахад тодорхой нэмэр оруулна” гэдгийг тодотгож байв. 

“Рио Тинто” компани Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээ гэх баримт бичгийг 2015 оны тавдугаар сард тухайн үеийн Ч.Сайханбилэгийн Засгийн газартай байгуулж байв. Нийт зургаан тэрбум орчим ам.долларын санхүүжилтийн зээлийг тэр үед авсан бөгөөд ингэснээр Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх боломж бүрдлээ гэж хөрөнгө оруулагчид мэдэгдэж байсан юм. Гэвч 2019 оны долдугаар сард “Рио Тинто” компаниас Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.2-1.9 тэрбум ам.доллараар нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа 16-30 сараар хойшилно гэж мэдэгдэв. Түүнчлэн өнгөрсөн арванхоёрдугаар сард гүний уурхайн илүү нарийвчилсан тооцоог танилцуулж, бүтээн байгуулалтын зардал 1.4 тэрбум ам.доллараар нэмэгдэж, үйл ажиллагаа эхлэх хугацаа 2022 оны аравдугаар сар хүртэл хойшлох тухай ярьж эхлэв. “Рио Тинто” компани ийнхүү зардал их хэмжээгээр нэмэгдэж, хугацаа хойшилсон шалтгаанаа хөрсний чулуулгийн нөхцөл байдал буюу геотехникийн нөхцөл байдалтай холбоотой гэж тайлбарлаж байв.

Тэгвэл энэ удаагийн дүгнэлтээр урьдчилан тооцох аргагүй, геотехникийн нөхцөл байдал, гүний уурхайн чулуулгийн нөхцөл байдлаас улбаатай гэж удаа дараа “Рио Тинто” мэдэгдэж байсан нь шууд хамааралгүй, менежментийн алдаанаас үүдэн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал нэмэгдэж, хугацаа хойшилсон гэдгийг дүгнэлтээр тогтоочихлоо.  Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт болон “Рио Тинто” компанийн өгч буй тайлбарууд яагаад зөрүүтэй байгаа талаар албан ёсны тайлбарыг Засгийн газар “Рио Тинто”-гоос шаардах нь зүйн хэрэг боллоо. Засгийн газрын Ажлын хэсэг цаашид Оюутолгой ХХК-ийн үнэ цэнийг нэмэгдүүлж, Оюутолгой төсөл бүх хувьцаа эзэмшигчдийн хувьд урт хугацаанд үр ашигтай, ил тод, тогтвортой байдлаар хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэх  ёстой. Нэмж хэлэхэд Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалттай холбогдуулж “Туркойс Хилл” компанийн жижиг хувьцаа эзэмшигчид Нью-Йоркийн шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа бөгөөд “шүгэл үлээгчид” АНУ, Их Британийн зохицуулах байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа аж. Их Британийн Үнэт цаасны зохицуулах газраас “Рио Тинто”-гийн эсрэг албан ёсны хянан шалгах ажиллагаа эхлүүлсэн талаар мэдээлэл ч мөн гарсныг хэлэх хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.16 ДАВАА № 159 (6636)