Гэрэл зургуудыг “Өнөөдөр” сонины архиваас.
Ч.ҮЛ-ОЛДОХ
Цацаа цалгиа ихтэй олимпийн өдрүүд биднийг цэнхэр дэлгэцийн өмнө “уяж”, уухай хадааж, уулга алдан дэвхцэж, баярлан хөөрөх, бас харамслын нулимс унагах гэх мэт олон өнгөөр сүлсэн он цагийн гэгээн дундуур түүнээс ч гэрэлтэй нэгэн эрхмийг “Амьдралын тойрог” буландаа онцлон урьсан юм. Энэ хүн бол Соёлын гавьяат зүтгэлтэн, спортын нэрт сэтгүүлч, гэрэл зурагчин Р.Чулуун гуай юм.
Түүний тухай мэргэжил нэгт нөхөд, ойр дотныхон нь “Өнөөдөр”-ийн Чулуун, “Чулуу биш хүн сонирхдог Чулуун”, “Гэгээн үйлсийн гэрч”, “Спортын Чулуун”, “Гэрэл зургийн Чулуун” хэмээн бичсэн нь бий. Монголын үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн, Соёлын гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор Д.Данзан түүнийг “Бөхчүүдийг гавьяат болгодог гавьяат” хэмээгээд “Бичиж байгаа зүйлийнхээ талаар юу ч дутаадаггүй тэгсэн хэрнээ илүү нэг ч өгүүлбэр бичдэггүй. Тов тодорхой бичдэг өвөрмөц авьяастай, содон арга барилтай. Энэ үүднээсээ бардам хэлж болох нэг үг бол Р.Чулуун ахынхаа бичсэн сонины тасархай дээр байгаа хэдхэн өгүүлбэрийг харахад л таниад хэлж чадна. Ганц би ч ингэж хэлж байгаа юм биш. Миний хамтран зүтгэгч Үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж маань түүний тухай нэг санаанаас нөгөө санаанд нуршихгүй шууд ордог гайхалтай гэж хэлдэг юм” хэмээн бичсэн байдаг. Тэгвэл Хөглөгөр Алтайн хөх эрчүүдийн нэг, Хөдөлмөрийн баатар Л.Түдэв агсан түүнтэй нутаг, сэтгэл, бүтээлээр ойрчлон дотносож, ном гаргах тоолондоо дээжийг нь түүнд барьж “Чухал хүмүүсийг сурвалжлагч Чулуун шинжээчид дурсгав”, “Үнэний байлдагч Чулуундаа үүнийг дурсгав” , Чулуужсан хүний тухай номоо чулуужаагүй Чулуун анддаа дурсгав” хэмээн өөрийн гараар өмнөтгөлд нь бичсэн байх нь олонтаа. Мөн “Баруун Алтайн нутагт эрдэнийн чулуу олон бий. Баруун чихийг минь хангинуулдаг Чулуун гэж сэтгүүлч ганцхан бий” хэмээн бичээд дурсгасан нь ч байх. Энэ бүхнээс үзсэн ч, өнөө хүртэлх бүтээл туурвилаас нь шинжсэн ч тэрбээр Монголын их спортын үнэн түүхийг, түүнд түүчээ болж тив, дэлхийд алдраа дуурсгасан аваргуудын гавьяатай хамт дархалсан үгийн урлагийн их мастер “инжаан” гэдэг нь тод харагдана. “Инжаан” хэмээх үгийн утгыг Монгол хэлний их тайлбар тольд “Алтаар уран эдлэл хийх хүн, алтны дархан” хэмээжээ. Их спортод амжилт гаргаж, тив дэлхийн дэвжээ, олимпийн наадмаас алт, мөнгө, хүрэл медальт аваргуудын тухай Р.Чулуун гуайн бичснийг унших л амттай байдаг. Учир нь хэний ч олж хараагүй сонин содон өнцгөөс, тэрхүү тамирчны урсгасан хөлсний үнэр сэнхийтэл, давсан даваа бүхэн өмнө үзэгдэх шиг бичсэн, “Олимпийн медальт монголчууд” цувралаас өгсүүлээд 20 гаруй ном бүтээсэн уран бүтээлч. Нэрт сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Дашдондов абугай нэгэнтээ “Бийрээр бичсэнийг балтаар цавчсан ч үл балармой” гэсэн нь бий. Түүн лугаа их спортын түүхийг тултал бүтээсэн Р.Чулуун гуайгаа бид инжаан гэхийн учир энэ юм. Мөн түүнийг Монголын их спортын эрдэнийн нэгэн шигтгээ нь гэвэл эндүүрсэн болохгүй.
Сутай хайрханы бэлээс Олимпийн оргил өөд

“Олимп бол спортын оргил юм. Монголчууд харьцангуй цөөхөн хүн амтай атал олимпод хүн нь цөөддөггүй” хэмээн ярьж буй Р.Чулуун гуай өөрөө Монголын их уулсын нэгэн сайхан оргил, Говь-Алтай аймгийн Дарви сумын нутаг, Сутай хайрханы нөмөрт, Цаст Богд, Ихэс нуурыг нэг цэгээс харж болдог Харгана түрүүний намаржаанд 1941 онд мэндэлсэн, айлын таван хүүхдийн дээрээсээ хоёр дахь нь юм. 11 настайдаа Тонхил сумын бага сургуулийн босгоор алхаж, 20 дөхсөн насандаа долдугаар анги дүүргээд Архангайн багшийн сургуульд хуваарилагдан хоёр жил суралцаад, сүүлийн хоёр жилд нь ар гэрийн гачигдлаар хотод ирж төгсчээ. Анх Багшийн сургуульд явахад аавынх нь захисан сургааль “Худал хэлж, хулгай хийх муухай шүү. Архи балгавч ууж болохгүй. Тамхи бол хор. Заяаны хань зам дээр гэцгээдэг нь юу бол. Гэхдээ Завханаас битгий гэрлээрэй. Яаран гэрлэхийн оронд эрдэмд шамдан сурч боловсрохыг эрхэмлэвэл зүгээр дээ. Олонтой газар үгээ, ганцаар явахдаа өөрийгөө цэгнэж сураарай” гэжээ. Ийнхүү тэрбээр анх Нийслэлийн 23 дугаар сургуульд бага ангийн багшаар хуваарилагдаж, Эвлэлийн хорооны даргын ажлыг давхар хийх болжээ. Жилийн дараа шинээр байгуулагдсан 28 дугаар сургуульд бага ангийн хичээлийн эрхлэгчээр хоёр жил ажиллаад пионерийн удирдагч болов. Харин спорт бол түүнийг бага залуугаас эхлэн соронзон мэт татсан цэвэр хобби нь бөгөөд хожим мэргэшил нь болж уншигчдад таниулж, алдрын тавцанд хүргэсэн алтан аргамж юм. Тухайн үед залуу багш төвийн хэвлэлүүдэд мэдээ их бичнэ. 1963 онд зуны даалгавраа давуулан биелүүлсэн сурагч хүүгийн тухай түүний бичсэн “Хоёр зуун хувьтан хүү” гэсэн анхны мэдээ “Залуучуудын үнэн” сонинд гарсан бөгөөд дандаа сонирхолтой өнцгөөс, хүний санаанд тов хийтэл буухаар бичдэг нь хүмүүсийн анхаарлыг татаж “Залуучуудын үнэн”, МҮОНР-ийн “Хүүхдийн редакци”-ийнхан түүнд даалгавар өгч хамтран ажиллах болжээ.
Хүүхэд шуугисан өргөөнөөс мэдээллийн түүчээ рүү

Ийнхүү эхэлсэн тэрбээр яваандаа сэтгүүлч болох хүсэлд хөтлөгдсөн бөгөөд 1973 оноос МУИС сэтгүүлчийн ангид элсэлт авахаа больсон байсан тул Намын дээд сургуулийн сэтгүүлчийн ангид орж, ангийн дарга яруу найрагч Дөнгөтийн Цоодол тэргүүтэй номын садангуудтайгаа уулзан учирч дөрвөн жил бужигнаж төгсөөд улмаар сэтгүүлч, уран бүтээлчийн замд шуудран орсон байна. Төгсөх үед “Хаана ажиллах вэ” гэж асуухад нь “Спортын мэдээ” сонинд юм уу, МҮОНР-ийн “Хүүхдийн редакци”-д орох саналөө өгөөд байтал “Үнэн” сонинд спортын тоймч авах болж дуудав. Хүрээд очтол “Шалгалт авна” гэж. Мань хүн орос хэлэнд сайнгүй, Намын төв хорооны хэлтсийн дарга Лувсанцэрэн түүнээс шалгалт авах юм болж “Правда” сонин өгөөд “Чи наадахаа харж байгаад утгыг нь яриадах” гэв. Тэр нь өмнө олоод үзчихсэн, тэр тухайгаа Монцамэ, МҮОНР-д мэдээ бичсэн шатрын тухай материал байж таарсан тул торолгүй яриад орхив. Гэтэл “Сүрхий орос хэлтэй хүн байна” гэж бодсон уу, ямартай ч “Үнэн” сонинд хуваарилжээ. Ийнхүү “Үнэн” сонинд спортын тоймчоор чамгүй хэдэн жил ажиллахдаа мэдээ, материалаа бичихээс гадна зургаа өөрөө авчихна. Ийн байтал мэдээгээ ч бичээд зургаа ч авчихдаг тул сурвалжлагад ганцааранг нь явуулдаг болж, удалгүй гэрэл зургийн албаны даргаар томилжээ. Тэгснээ нэг өдөр Намын төв хорооноос дуудаж “Үнэн” сонины утга зохиолын ажилтан, нарийн бичгийн дарга болгочих нь тэр. Ийнхүү тэрбээр Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, Ц.Гайтав, Л.Түдэв нарын хийж байсан ажлыг үргэлжлүүлэх үүргийг гүйцэтгэсэн түүхтэй.
Агуу Л.Түдэвийн дэргэдээс Ц.Балдоржийн цэрэг болсон нь

Ардчиллын эхний он жилүүдэд “Үнэн” сонин хөдөлгөөнд орж, цалин багасч, бие нь ч чилээрхэх болсон тул “Ардын Эрх” сонин руу хамт ажиллаж байсан Ц.Балдорж дээрээ яваад очтол “Та хүрээд ир л дээ, хамгийн гол нь Л.Түдэв гуайгаас салаад ирж чадах юм уу. Ирж чадвал цалинг чинь хоёр дахин нэмж өгье, та гэрэл зургийн албанд ир ” гэснээр манай “Амьдралын тойрог”-ийн зочин, ахмад сэтгүүлч Р.Чулуун гуайн “Өнөөдөр” сониноор овоглосон өөр нэгэн түүх эхэлжээ.
Тухайн үед Л.Түдэв эрхлэгчийнхээ өрөөний хаалгыг тогшиж ороод учраа хэлэхэд нь “Тэг тэг, хүний амьдрал чухал шүү дээ. Чи бид хоёр сайхан хамтарч ажилласан шүү” гэжээ. Ийнхүү тэрбээр агуу Л.Түдэвийн дэргэдээс Монголын хэвлэлийн магнатуудын нэг, нэрт сэтгүүлч Ц.Балдоржийн хажууд очиж хамтран зүтгэх болсноор “Өнөөдөр” сониноор овоглох их үйлсийн эхлэлийг тавьсан байна. Тэрбээр энэ л хамт олон дотроос Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор энгэрээ мялаасан сэтгүүлч, уран бүтээлчдийн нэг юм.
Сутай хайрханы бэлд төрж, багш, сэтгүүлч, гэрэл зурагчин, утга зохиолын ажилтан, спортын тоймч гээд солонго мэт олон өнгөтэй атал зэрэгцэн оршигч ажил мэргэжлийн хэдэн салаа замаар өнө холыг туулж ирсэн Р.Чулуун гавьяатын зам ийм өрнөлөөр өнөөдрийг хүрч иржээ. Тэрбээр аавынхаа захиснаар хожуу гэрлэхдээ Төв аймгийн хүргэн болсон. Яагаад Завханаас эхнэр бүү аваарай гэсэн нь өвгөд дээдсийн номтой лам нар хэлмэгдүүлэлтийн шуурганд өртөж Завхан нутагт ясаа тавьсан учраас тийн захиж байсныг хожуу олж мэдсэн гэдэг.
Сэтгүүлчийн үзгээр бүтээсэн номон суварга

Р.Чулуун гуай сэтгүүлчийн үзгээр 20 гаруй номон суварга бүтээжээ. Тэр бүхэн тусдаа түүхтэй. Түүх бүхэн өвөрмөц бөгөөд давтагдашгүй ажээ. Анхны бүтээл нь “Хүүхдийн бүтээсэн түүх” нэртэйгээр 28 дугаар сургуулийн пионерийн удирдагчаар ажиллаж байхдаа сургуулийнхаа тухай сонинд гарсан материалуудыг нэгтгэсэн эмхэтгэл юм. Монголчуудын оролцсон анхны олимпийн наадмаас эхлэн “Олимпийн медальт монголчууд” ном бичсэн нь өдгөө үргэлжлээд явж байна. Монголын тамирчид хамгийн анх 1964 оны олимпод оролцсон бөгөөд 1968 оны олимпоос дөрвөн медальтай ирсэн түүхтэй. Анхны медалийг Ж.Мөнхбат аварга авсан хэмээн зарим нь бичдэг бол түүний номд “Монголчуудаас олимпийн медаль анх авсан Ч.Дамдиншарав” гээд үнэн түүх нь байж байх жишээтэй. Харин Ж.Мөнхбат аваргын тухай “Мехикогийн олимпод ялагдаагүй бөх” гэж бичсэн байх аж. Түүнчлэн “20 жилийн дараа гавьяат болсон Т.Артаг”, “Цол, шагналдаа ахадсан бөх Д.Сэрээтэр”, “Олимпийн таван наадамд зодоглосон Х.Баянмөнх”, “Олимпийн аваргыг ч хаядаг З.Ойдов”, “Москвагийн олимпод үзүүрлэсэн Ж.Даваажав”, “Гавьяат цолтойдоо олимпийн мөнгөн медаль авсан Ц.Дамдин”, “Жүдочдоос олимпийн медалийн салхийг хагалсан анхдагч Р.Даваадалай” гээд гарчигнаасаа хүний сэтгэл сэрхийтэл санаа хэлсэн, нээрээ юу билээ гэж бодогдох сэдэв сөхсөн хөрөг нийтлэлүүд түүнийх. Олимпийн медальтнуудын тухай цуврал ном нь хэзээ ч сөхөөд уншсан мөрөөр нь мөшгиж, сонин сайхан олныг бичиж болох сэтгүүлчдэд өгөөжтэй, залууст мэдлэг нэмсэн, спортын түүхийг арвижуулсан бүтээл ажээ. “Олимпийн түүхийг цэгцтэй буулгая” гэж анхны номоо бичснийг нь Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Бажуудайн Ганбат агсан ихэд үнэлж “Энэ сэдвээ үргэлжлүүлээд яваарай. Энэ сайхан сэдвийг алдаж болохгүй” гэснээр Алтай нутгийнхаа залуу сэтгүүлч Баярсайхантай хамтран удаах цувралыг гаргаснаар таслалгүй бичиж иржээ. Монголын эмэгтэй тамирчдын тухай ном тэр бүр байхгүй. Тэгвэл Р.Чулуун гуай “Алтан соёмбот далбааг намируулагчид” нэртэй ховор сайхан бүтээл гаргажээ. Үндэсний бөхийн холбоо байгуулагдсаны 10 жилийн ойгоор “Монгол бөхийн тэргүүн” нэртэй ном гаргасан нь үндэсний бөхийн холбооноос баримталж бодлого, амжилтуудыг өгүүлсэн ховор түүх юм. Бөхийн холбоог анх хэрхэн байгуулсан түүхийг зарим хүн мэдэхгүй бол уг номыг сөхөөд харахад бүгд он дарааллаараа, тэр байтугай сонин содон үйл явдлын талаар өгүүлсэн баримтаар баялаг аж. Оюуны спортын амжилтаар монгол түмнээ баярлуулсан Б.Мөнгөнтуул их мастерын тухай түүний аав н.Батхуяг агсантай хамтран бичсэн номыг нь сөхөхөд “Шатрыг төгсгөлөөс нь сурах төвөгтэй ч өгөөжтэй” гэхчлэн санаанд торхийтэл буух гарчигаас өгсүүлээд шатарчид болоод эхлэн суралцагчдад гарын авлага, сурах бичиг болох бүтээл болжээ. Тэрбээр мөн Алтай нутгийнхныхаа тухай “Алтайн хөх харчууд” ном бичсэн нь найман цуврал болжээ. Сүүлд сэтгүүл зүйн бүтээлүүдээрээ “Шилдэг нийтлэл” цувралын 68 дахь боть, “Цэндийн Намсрай” номоо гаргасан бол “Сэтгүүлчийн үзэг ичимхий” хэмээх ном нь спортын сэтгүүлчдийн гарын авлага болох тун сонирхолтой бүтээл юм. Энэ номд “Нэг гэрийн хоёр мэргэн”, “Даваахүү мэргэн дөрвөн медальтай буцав” гээд сдортын мэдээг яаж часхийсэн амттай бичиж болохыг харуулсан дан мэдээ орсон байдаг юм. Их спортод зориулсан Р.Чулуун гуайн сэтгэл, зүтгэл зөвхөн сэтгүүлчийн хөдөлмөрөөр үл хязгаарлагдах бөгөөд түүнийг их спортын зүтгэлтэн гэвэл үнэнд дөхөж очно. Тэр спортыг тоймлоод зогсохгүй, тамирчдын хөдөлмөрийг зөв үнэлүүлэхийн төлөө тэмцэж байсан спортын зүтгэлтэн. Тухайлбал, ардчиллын он жилүүдэд Монголын төр дэлхийн аварга болсон Х.Баттулга, Н.Бүргэдээ, Д.Цэнд-Аюуш нарын таван залуу тамирчны цол, шагналыг өгөхгүй хойрго хандаж байсан бөгөөд тухайн цаг үе нь бөхийн самбо барилдааныг төдий л дэмждэггүй байв. Иймд ардчилсан Ерөнхийлөгч П.Очирбат гуай дээр ороод шуудхан хэлж байсан удаатай.
Энэ цагийн сэтгүүлчид, хойч үеийнхний сурах бичиг болсон тэрбээр “Спортын сэтгүүлчдээс хамгийн сайн мэдээлэлтэй нь миний шавь Ж.Отгонцагаан юм. Олон хэлтэй, үзсэн харсан юм ч ихтэй. Мөн Л.Цагаандалай өөрөө морь, сурыг гайхалтай мэддэг, тийм ч учраас маш сайн бичиж, мэдээлж байна. МҮОНРТ-ийн Батжаргал, Баярсайхан нарын олон залуу спортын мэдээг сайн тоймлодог. Спортын сэтгүүлчдэд хувийн лавлах чухал, ихэнхэд нь байгаа байх. Би бол хэдэн номоо л онгичдог юм” хэмээн ярьж байна. Алтайн хөх эрчүүдийн үргэлжлэл, сэтгүүл зүйн ноён оргилуудын нэг, ахмад сэтгүүлч Р.Чулуун гуайн “Амьдралын тойрог”-оор аялахад хэдэн боть ном уншсан мэт, сэтгүүл зүйн түүхээр аялж, их спортын архивыг уудлах мэт сэтгэгдэл төрж байлаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.8.16 ДАВАА № 159 (6636)