Ч.ЗОТОЛ
“Өөр зочин” булангийн энэ удаагийн дугаарт “Nina Brand”-ийн үүсгэн байгуулагч А.Номингэрэлийг урилаа.
-Монголд шинэ тутам салбарыг хэрхэн эхлүүлж, brand болгож хөгжүүлжээ. Хэрхэн эхэлсэн түүхээсээ ярьж өгөөч?
-Би Говь-Алтай аймагт төрж өссөн хөдөөний охин шүү дээ. Оюутан болж хотод ирсэн. Анхны хүүхдээ төрүүлчихээд гэртээ байж байхдаа дотуур хувцас хийх санаагаа олсон. Хийж эхэлж байхдаа brand болно гэж санаагүй. Оёж буй зүйлдээ сэтгэлээ шингээж, олон гоё охид, бүсгүйчүүдэд биед нь эвтэйхэн, бас тансаг мэдрэмж төрүүлээсэй гэж бодсон минь өнөөдөр “Nina Brand” болж тогтвортой үйл ажиллагаа явуулж ирлээ.
Мэдээж анхны бүтээл бол өөртөө оёсон, одоо эргээд бодоход оёдол нь болхи байсан. Гэхдээ биед эвтэйхэн тухтай мэдрэмж төрүүлсэн.
Түүнийгээ “Би ийм зүйл хийлээ” гээд нүүр номдоо оруултал санаанд оромгүй их хандалт авч, энд тэндээс захиалга ирснээр оёж эхэлсэн дээ.
-Тэгэхээр өөрийгөө голох хэрэггүй юм байна. Тийм ээ ?
-Би бас тэгж хэлэх дуртай. Хэрэв би нүүр номдоо зураг авч оруулаагүй бол, өөрийн хийсэн зүйлийг үнэтэй, чанартай, чамин эд биш гэж дотроо голоод орхичихсон бол хэн ч мэдэхгүй өнгөрөх байсан. Мөн надад хандсан хүмүүсийн итгэлийг алдахгүй чанартай, биед нь эвтэйхэн бүтээгдэхүүн хийгээгүй бол бизнес маань ингэтэл урагш ахихгүй байсан биз. Тэгэхээр бас хүмүүсийн итгэлийг алдахгүй чанартай зүйл хийх хэрэгтэй.
- Зарим хүнд бусад хувцсыг оёхоос амархан юм шиг санагдаж болох юм?
-Дотуур хувцас хийнэ гэдэг торгон мэдрэмж шаарддаг ажил. Нэг том даавуугаар цамц, өмд юу ч хийж болно. Тэгвэл нэг хөхний даруулганд 8-10 төрлийн жижиг хэрэглэл ордог.
Зөөлөвч, өргөгч төмөр, түгжээ, мөрний резин тохируулагчны тоног, зориулалтын торон материал гээд бүгдийг донжийг нь олж, нийлүүлж оёно. Яг л эвлүүлдэг тоглоомтой адил. Торон материалыг нэг буруу оёход л хаягдал болно. Яагаад гэвэл ханзлаад дахиж оёно гэсэн ойлголт байхгүй, оёдол авахгүй учраас хаягдал их гарна. Тэгэхээр нарийн мэдрэмж шаарддаг.
-Материал, бэлдэц хэр олдоцтой байдаг вэ?
-Одоогоос дөрвөн жлийн өмнө дотуур хувцасны материал маш ховор, олдоц муутай байлаа. Зөөлөвч авахаар явахад энийг хөх рүүгээ хийж яах гэж байгаа юм бэ гэж гайхдаг хүн ч мэр сэр байсан. Гэтэл тэр чинь хувцасны онцлог шүү дээ. Үүнээс харахад манайх үйлдвэрлэгч орон биш гэдэг нь харагдаж байгаа юм. Анхны бүтээгдэхүүнээ хар, цагаан гэсэн хоёр өнгөний сонголттой гаргаж байсан. Өөр өнгөөр хийх гэхээр түгжээ, мөрний резин тоноглол олдохгүй. Төрийн зүгээс үйлдвэрлэгчдээ дэмжихэд бодлого сул байдгаас материал авчирдаг хүмүүс ч хэнд найдаж хэдэн зуун өнгөний сонголттойгоор авчрах билээ. Ингээд эрэл хайгуул хийж, БНСУ, БНХАУ руу материалын судалгаа хийж, тэнд байдаг хүмүүсээр дамжуулан материалаа татуулж өнөөдөр бол загвар, өнгөний сонголт олон болсон. Материалын олдоц үндэсний хувцас эсвэл гадуур хувцасны материал шиг элбэг байдаггүй. Их төлөв хувь хүмүүстэй хамтран түүхий эдээ оруулж ирдэг. Одоогоор манай нэрийн 3-4 төрлийн бараа бүтээгдхүүн гарч байна. Мэдээж цаашаа төрөлжүүлэх зорилготой байгаа. Ер нь бол ажиллагаа багатай амархан загвар гэж байдаггүй, харин сэтгэл дутсан зүйл л гэж байдаг байх. Бас гоё чамин байхаас илүүтэй материал ын чанар, мөн биед эвтэйхэн байдал нь чухал байдаг даа.
-Тийм болохоор л материалын сонголтод их цаг зарцуулдаг байх?
-Өдөржингөө гүйж, хөлийнхөө улаа хорстол явж материалаа цуглуулдаг. Тэгж явахад сэтгэлд таарах чанартай болоод өнгө үзэмжтэйг нь сонгоно гэдэг од шүүрэхтэй л адил. Хаа таарсан хямдхан материалаар хүний нүд хуурсан юм хийж болохгүй шүү дээ. Хэрэв тэгдэг байсан бол өнөөдрийг хүртэл оршин тогтнохгүй, хүмүүсийн сонголт гэдэг шалгуурт торохгүй дорхноо шүүрдэгдээд л хаягдана. Тийм болохоор үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг алдахгүй гэж улам л хичээж байна.
-Загвараа гаргах хэцүү ажил биз?
-Мэдээж эхлээд загвараа гаргана, өнгөний хослолуудаа сонгоно. Манай бусдаас ялгарах онцлог давуу талууд бол өнгөний хослолууд, Жижиг деталь чимэглэлүүд гар ажиллагаа ихтэй байдаг. Өнгө, загвар, материалын сонголт бол их болсон. Дээр хэлсэнчлэн олон төрлийн тоног бүтээгдэхүүн орно. Хүний биед хамгийн эхэнд өмсөгддөг хувцас учраас өдөржингөө явахад биед нь тухтай байхаас гадна гадуур хувцсыг гоё харагдуулах, өөртөө итгэлтэй байхад тусалж өгдөг чухал зүйл. Тиймээс эсгүүр, оёдол, загвар хийц гээд бүх зүйл нь нарийн хэмжээгээр явагддаг.
-Бизнесээ босгоход нууц биш бол хэдэн төгрөгөөр эхэлж байв?
-Санхүүгийн хувьд ёстой жинхэнэ өөрөөсөө нуун байж цуглуулсан мөнгөөрөө л анх дэлгүүр, үйлдвэрээ нээж байлаа. Төрөөд удаагүй оюутан ээж өдөр шөнөгүй оёдлын машинаа тачигнуулж суусны эцэст, аав ээж, ах эгч хэнээс ч санхүүгийн тусламж авалгүйгээр бизнесээ эхлүүлж чадсандаа одоо баяртай байдаг. Шинэ ажилчдаа бага ч болов дэмжих зорилгоор ажилчдынхаа хоолыг хийх гээд гэрээсээ мах төмс ногоогоо цүнхлээд явдаг байлаа. Гарын хоолоо хийгээд идэх амттай бас мөнгө хэмнэнэ. Дөнгөж гарааны бизнес эхэлж байгаа залуу хүнд овойж оцойтол нв хуримтлуулсан хөрөнгө байх биш, ямарч байсан хүнээс гуйхгүй, хүнд дараа болчихгүй бүх санхүүгээ зөв цэгцтэй зохицуулаад л явж байнадаа.
Үйлчлүүлэгчийн худалдан авалт хийсэн нэг барааны үнийн дүн цаашаа үйлдвэрийн түрээсийн төлбөр, дэлгүүрийн түрээсийн төлбөр, ажилчдын цалин, материалын үнэ гээд задраад зарцуулагдаад явна.
Нэг дотуур хувцсанд 8-10 төрлийн жижиг хэрэгсэл ордог, дээр нь тээвэрлэлт тээшний төлбөр , тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл , уут сав баглаа боодол, шошго, хаяг гээд бусад урсгал зардалд ашиглагддаг. Гэтэл зарим хүн үнэтэй зарж байна гэж хардаг байх. Эндээс ашиг гаргаж авна гэдэг амархан зүйл биш. Хятадын үйлдвэрүүдийн шалаар хөглөрөөд байж байдаг хэдэн зуун дотуур хувцсыг нэг ширхэгийг нь бараг 5000 төгрөгөөр бөөндөж авчраад энд 30-40 мянган төгрөгөөр үнэлж худалдах, үйлдвэрлэх гэдэг хоорондоо адилгүй. Гэхдээ энд хэн нэгний хөдөлмөрийг үгүйсгэх гэсэнгүй. Зүгээр л ялгаа нь тийм байгаа юм.
-Нэг үеэ бодвол монголчууд нэг нэгнээ дэмжиж, нэгдэж чаддаг болсон. Энэ дэмжлэг, урмыг хэр мэдэрч байна?
-Монгол охид бүсгүйчүүд үнэхээр гайхалтай, нэгнийгээ дэмжиж урамшуулж чаддаг. Үндэсний үйлдвэрлэлээ , тэр дотроо биднийг маш сайн дэмждэг. Тэр нь бидэнд том урам зориг өгдөг. Манайх 21 аймаг руу захиалга авч бүтээгдхүүнээ явуулж байгаа. Мөн Солонгос, Япон, Америк, Швед зэрэг гадаад улс орноос үндэсний үйлдвэрлэлээ дэмжин захиалдаг хэрэглэгчидтэй болсон.
Эцэст нь залуустаа хандаж нэг л зүйлийг хэлье, жижиг гэлтгүй өөрийн санааг дэлгэрүүлж, түүнээ усалж тордож амжилтад хүрээрэй. Өөрийгөө битгий гол, бусдын төлөө сэтгэлээ зориул. Амжилт чамд ирнэ ээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.8.13 БААСАН № 158 (6635)