Т.САЙХАН
Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдээс “Хамба номун хан” гавж, Дэмбэрэлийн Чойжамц ламд “Бат-Оршил” өргөх ёслолыг өнөөдөр /08.12/ зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд лам хуваргууд, төрийн өндөр дээд албан тушаалтан, Элчин сайдуудын төлөөлөл, уяачид, бөхчүүд сүсэгтнүүдийн төлөөлөл оролцсон юм.
Хорин есдүгээр Хамба Номун хан, гавж Дэмбэрэлийн Чойжамц нь Гандантэгчэнлин хийдийн дэд хамба, Да ламын мяндаг тушаалыг 1986-1992 онд хариуцлагатайгаар хашиж байсан. Монголын бурханы шашинтны төвийн тэргүүн лам нарын зөвлөлийн хурлын 2018 оны есдүгээр сарын 29-ний өдрийн нэгдүгээр тогтоолоор Өндөр гэгээний үеэс улиран залгамжлагдсан Хамба номун ханы дамжлага, Гандантэгчэнлин хийдийн шашинд зүтгэсэн гавъяа, тус хийдийг тэргүүлж байсан тэргүүн хамба нарын үйлс бүтээл зэргийг үнэлэн дүгнэж 1944 оноос тус хийд тэргүүн хамба ламын өндөр мяндаг тушаалыг хашиж байсан хамба лам нарт Хамба номун хан цол хэргэмийг нөхөн өргөмжилөн олгосон түүхтэй.
Уг тогтоолыг дэмжиж Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2021 оны зургадугаар сарын 14–ний өдөр зарлиг буулган Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба ламд “Хамба номун хан” цол хэргэм өргөжилснийг соёрхож баталсан билээ.
Энэ талаар Гандантэгчинлэн хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан лам Ц.Бямбажаргал "Хамба Номун хан ламтан Д.Чойжамцад бат оршил өргөх хурал хийж байна. Энэ нь нас өндөр гарсан нийт лам нарт эрүүл энх байх, урт удаан наслах, цаашдын ажил үйлсийг нь ерөөж хийдэг хурал. Дээр үеэсээ бурхан хүрээний хамбыг Номун ханд өргөмжилдөг байсан гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn