Т.САЙХАН
Соёлын өвийн хулгай болон соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын асуудлаар ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны цагдаагийн хошууч С.Бямбадэлгэр, Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн нар мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны III хэлтсийн тасгийн дарга, цагдаагийн хошууч С.Бямбадэлгэр “2021 оны эхний найман сарын байдлаар соёлын өв, түүх соёлын эд зүйлсийг хулгайлсан гэмт хэрэг долоо гарсан. Үүнээс зургааг нь цагдаагийн байгууллага илрүүлэн, холбогдох этгээдүүдийг барьсан. Одоо нэг хэрэг дээр нь ажиллаж байна. Таван этгээд зургаан удаагийн үйлдлээр Архангай, Завхан, Өвөрхангай гэсэн гурван аймаг, Сонгинохайрхан, Багануур дүүргийн хийдүүдээс Майдар бурхан гурав, Богдзонхав бурхан хоёр, Занабазар бурхан нэг, зэс бурхан нэг, Алтангэрэл судар, эмээлийн тоноглол зэрийг хулгайлсан болохыг тогтоосон. Тэдний хоёр нь өмнө нь хоригдож байсан бөгөөд өршөөлөөр суллагдсан. Эдгээр этгээд аялал зугаалгаар явах нэрийдлээр музей, хийд зэрэгт орж хулгайлах зүйлсээ судалдаг байна. Соёлын өвийн хулгайг эртний эдлэлийн ченжүүд хийж байна. Мөн энэ төрлийн гэмт хэргээр удаа дараа ял шийтгэл авч байсан иргэд гэмт хэрэг үйлдэж байна. Монголд түр хугацаагаар оршин сууж байгаа гадаадын иргэдийн захиалгаар соёлын өвийг хулгайлж байна. Музей, соёлын өв хадгалах газруудын харуул хамгаалалт сул байгаа нь хулгай гарах үндэс болж байна. Аливаа иргэн өөрийн эзэмшдэг соёлын өвийг бүртгүүлэх ёстой. Үүнийг мэдэхгүй, бүртгэлгүй байгаагийн улмаас цагдаагийн байгууллагын ажилд хүндрэлд учирдаг. Соёлын өвийн гэмт хэргүүд зохион байгуулалттай болсон. Мэдээж худалдан авагч, худалдаалагч байна. Тэднийг холбодог зуучлагч бий. Энэ тал дээр бид олон улсын байгууллагатай харилцаж байна” гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn