Б.ОД
Улаанбаатар хотын цэвэр усны нөөц 2030 онд хомстоно гэсэн судалгаа байдаг.Үүнээс урьтаж ухаалаг шийдлүүдийн тусламжтайгаар усаа хэмнэж, саарал усны хэрэглээг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий. Иймээс нийслэлийн хэмжээнд цэвэр ус хэмнэх, саарал усны хэрэглээг нэмэгдүүлэх инновац, технологийн шийдлийг судлан нэвтрүүлэх, холбогдох эрх зүйн орчны судалгаа хийх Ажлын хэсэг байгуулагдсан. Тус Ажлын хэсгийн Хууль эрх зүйн асуудал хариуцсан Дэд ажлын хэсэг өчигдөр хуралдлаа.
Хурлаар салбарын хууль тогтоомж, стандарт, шинэчлэн боловсруулах баримт бичгийн талаар хэлэлцлээ.Тодруулбал, цэвэр ус хэмнэх, саарал усны хэрэглээг нэмэгдүүлэх хүрээнд шинээр төлөвлөж байгаа орон сууцны хороолол болон инженерийн хангамж бүхий барилга байгууламжийн ундны усны шугамыг ахуйн хэрэглээний уснаас салгах чиглэл баримтлан ажиллах юм.
Мөн ахуйн хэрэглээний хаягдал усыг цэвэршүүлэн бохирын систем болон ногоон байгууламжийн усалгаанд хэрэглэх шийдлийг судлах, ухаалаг тоолуурыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм. Ухаалаг тоолуурыг нэвтрүүлснээр цахилгааны хэрэглээг 20-50 хувь хэмнэх, усны хэрэглээгээ гар утаснаасаа хянах боломж бүрдэнэ.
Эх сурвалж:www.polit.mn