Ч.ЗОТОЛ
Нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшил газарт хууль бусаар барьсан барилга, авто зогсоол, гараашийг буулгаж эхлээд байна. Хотын даргын 2021 оны 250 дугаар захирамжийн хүрээнд Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын алба өчигдөр Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн хойно хууль зөрчиж барьсан 59 тоосгон гараашийг буулгаж газрыг нь чөлөөллөө.
Энэ шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн гуравдугаар сарын 19-нд гаргасан юм. Хотын дарга тухайн үед ХСҮТ-д ажиллах үеэрээ дээрх нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан бөгөөд “Улаанбаатар хотын төлөвлөлтийн дагуу алдсан газруудаа сэргээн авах ажлын хүрээнд ХСҮТ-ийн ард хууль бусаар барьсан гараашнуудын газрыг чөлөөлөх асуудлыг мэргэжлийн байгууллага, газрын алба, ИТХ-аар оруулж, баталгаажуулан, Засаг даргын захирамж гаргана” хэмээн мэдэгдэж байв.
Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Д.Энхтөр хэлэхдээ “Гарааш эзэмшигч иргэдэд удаа дараа газар чөлөөлөх шаардах хуудас хүргүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл тухайн иргэд газраа чөлөөлөөгүй. Иймд гараашнуудыг албадан чөлөөлөх ажлыг эхлүүллээ” гэсэн юм. Чөлөөлсөн газарт ХСҮТ-ийн харъяа хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн төв барихаар төлөвлөжээ.
ХСҮТ-ийн Бодлого төлөвлөлт, хөгжил эрхэлсэн дэд захирал Л.Баярсайхан “ХСҮТ-ийн барилга 1982 онд ашиглалтад орсон. Тухайн үед Монгол Улсын хүн амын тоо болоод хавдар өвчний тохиолдол одоогийнхоос эрс бага байсан. Өнөөдөр ХСҮТ-д нэг өдөрт 5-6 мянган хүн үйлчлүүлдэг болсноор ачааллаа даахгүйд хүрсэн. Энэ нь хавдраас урьдчилан сэргийлэх, эрт оношлуулах хүсэлтэй иргэдэд хүндрэл чирэгдэл үүсгэж байна. Иймээс бид хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх төв байгуулах зайлшгүй шаардлага үүсээд байна” гэлээ. Монгол Улсын хэмжээнд цаашид хавдрыг эрт үед нь илрүүлж, урьдчилан сэргийлэх төвийг 21 аймагт байгуулах бөгөөд тэдгээрийг зангидах төв нь Хавдраас урьдчлиан сэргийлэх, эрт илрүүлгийн төв байх болно гэж ХСҮТ-ийн эмч нар хэллээ.
Эх сурвалж: www.polit.mn