А.НОМИНБИЛЭГ
“Баянзам тээвэрчдийн холбоо” ТББ нь Тавантолгойн бүлэг ордоос Чойр хүртэл 407 км экспортын замаар нүүрс тээвэр хийх “Эко, жишиг тээвэр” төсөл санаачлан хэрэгжүүлсэн. Гэвч уг төслийг Автотээвэр, Авто замын мэргэжлийн холбоод хууль бус гэрээ гэж үзэн эсэргүүцлээ илэрхийлсэн. Үүнийг “Баянзам тээвэрчдийн холбоо” нэр төрд халдсан гэж үзэн хэвлэлийн бага хурал хийсэн юм.
Эко, жишиг тээвэрлэлт төсөл хэрэгжиж эхлээд 90 хоногийн хугацаанд 450 мянган тонн нүүрсийг Цогтцэцийгээс Чойрын чиглэлд тээвэрлэн хүргэснээс 300 мянган тонн орчим нүүрс Замын-Үүд, Эрээн боомтоор экспортод гаргаж, улсад 76.950 ам ам.долларын орлого оруулсан байна. Энэ талаар “Баянзам тээвэрчдийн холбоо”-ны Удирдах зөвлөлийн дарга П.Энхбатаас тодруулахад “Бид энэ төсөл хэрэгжих хугацаанд төр, засгаас нэг ч төгрөгийн төлбөр аваагүй. Тээврийн компаниуд нэгдэж улсын чанартай авто замын засвар, арчлалтыг мэргэжлийн түвшинд тогтмол хийлгэж, тухайн сум орон нутгийн хөгжлийн санд мөнгөн хандив үзүүлэн хамтран ажиллаж байгаа. Бодит үнэнийг улс төрийн зорилгоор, гүтгэлэг үймээн дэгдээх санаа агуулж, нүүрсний экспортыг тасалдуулах үйлдэл гаргаж байгаад харамсаж байна” гэлээ.
Эко, жишиг тээвэрлэлт төслийн нэг сарын төсөв 1.3 тэрбум төгрөг байхаар тогтоосон бөгөөд уг зардлын 80 хувь нь зөвхөн 410 км замын засвар, арчлалтын зардалд гарч байна гэж мэдээллээ. Түүнчлэн тус төсөл дэлхий дахинд нүүрлээд буй цар тахлаас үүдэн эдийн засаг хүндэрсэн үед 159 компанийн 1500 орчим ажилтан, тээвэрлэлтийн 2000 жолооч, нөлөөллийн бүсийн 96 малчин, гэрээт харуул хамгаалалтын гурван компанийн 28 хамгаалагч, 60 орчим гэх мэт нийт 170 гаруй компанийн 3834 ажилтанг ашиг орлоготой болгожээ.
Эх сурвалж www.polit.mn