Т.САЙХАН

НҮБ-ын дэргэдэх  эрдэмтдийн зөвлөл дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн талаар судалгааны тайлангаа өчигдөр танилцуулжээ.  Судалгаанд хүн төрөлхтний үйлдэл дэлхийн уур амьсгалыг урьд өмнө байгаагүй хэмжээгээр өөрчилж, зарим тохиолдолд буцаах аргагүйгээр нөлөөлж байгааг  анхааруулжээ. Гэхдээ дэлхий нийтээрээ яаралтай арга хэмжээ авч чадвал сүйрлээс зайлсхийх боломжтойг өгүүлсэн байна.

“Хэрвээ бид яг одоо хүчээ нэгтгэвэл уур амьсгалын сүйрлээс аврагдах боломжтой. Өнөөдрийн тайлан бидэнд хугацаа байхгүй, хойшлуулах шалтгаан байхгүйг харууллаа. Дэлхийн улс орнуудын тэргүүнүүд COP26-г үр дүнд хүргэнэ гэдэгт би найдаж байна” гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш мэдэгджээ.

Тайланд өгүүлсэн гол тоо баримтууд:

  • 2011-2020 онд дэлхийн гадаргын температур 1850-1900 оны үеийнхээс Цельсийн 1.09 хэмээр нэмэгджээ.
  • Сүүлийн таван жил нь 1850 оноос хойших хамгийн халуун жилүүд байжээ.
  • Далайн түвшний өсөлт өнөөдрийн байдлаар 1901-1971 оны дунджаас гурав дахин нэмэгдсэн байна.
  • 1990-ээд оноос хойших уулсын мөнх цас, туйлын мөсний хорогдлын гол нөлөөлөгч нь хүн болохыг 90 хувийн магадлалтай тогтоожээ.
  • 1950-аад оноос хойш дэлхий даяар агаарын халалтаас үүдэлтэй гамшигт үзэгдлийн давтамж улам нэмэгдэж, хүйтрэлт буурсан нь статистик тоо баримтаар батлагджээ.

Эх сурвалж:www.polit.mn