Сэлэнгэ УРТНАСАН

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий баяжуулагч, Техникийн шинжлэх ухааны доктор, Төрийн соёрхолт гавьяат уурхайчин Ж.Баатархүүг онцоллоо. Төрж өссөн газар шорооноосоо уул уурхайтай холбогдож, уул уурхайгаас утга зохиол руу хөвөрсөөр буй түүний амьдралын түүхийг та бүгдэд хүргэж байна.

Дэлхий ертөнцийн хэвлийд бид хүний заяагаар амьдрахдаа түмэн олон дундаа тоосны адил бужигнасаар л байдаг. Гагцхүү хүн гэх хэлбэр дүрс, төрөл зүйлээрээ бид нэг адил боловч түүн дотроо хүсэл сонирхол, үзэл бодол, ажил мэргэжлээрээ хэчнээн ч янз юм бэ дээ. Хүн төөрөг тавилангаараа өөрт тохирсон ажил мэргэжлийг олж эзэмшин нэгэн биеийн нөгөө тал болгож түүнтэйгээ насан туршдаа холбоо хамраалтай байж өөрөө суралцаж, өөрийн сурсныг өрөөл бусдад зааж өгөн хамтдаа хөгжинө гэдэг хэчнээн бахдалтай вэ. Хүний орчлонд бид өгөх авах бус хэн нэгтэйгээ хуваалцаж чаддаг халуун дулаан сэтгэлтэйдээ л сайн сайхан амьдардаг гэдгийн баталгаа нь энэ удаагийн зочин Ж.Баатархүү байлаа. Ой ухааны сийрэгт хөдөлмөрлөхийг үлгэрлэсэн олон гавьяа шагналын эзэнтэй ярилцан суух нь сэтгүүлч надад нэр төрийн хэрэг байв.

“Эрдэс-чулууг хүмүүс чулуу л гэж ойлгодог, харин чулуу бол айхтар ой санамжтай амьтай, өөрийн амьдрах нас, орон зайтай бодгаль учир хэлийг нь ойлгож харьцах л чухал юм. Монголчууд чулуу байрнаасаа хөдөлбөл эвээ олох гэж гурван жил зовдог гэдэг энэ бол маш гүн ухаан, сэтгэлийн нарийн хөг эгшиг шүү” хэмээн ярих эрхэм Жамсранжавын Баатархүү нь 1958 онд Ховд аймгийн Буянт суманд төржээ. Тэрээр долоон настайдаа сумынхаа сургуульд элсэн орж 1975 онд Ховд аймгийн нэгдүгээр 10 жилийн сургууль, 1975-1981 онд ЗХУ-ын Ленинград хотын Уул уурхайн дээд сургуулийг тус тус онц сайн дүнтэй, улаан дипломтой төсгөж, аспирантурт суралцах урилгыг хүлээн авчээ.

1986-1989 тус сургуулийн аспирантурыг “Нунтаглалт, хөвүүлэн баяжуулалтын технологийг Эрдэнэтийн зэс молибдений хүдрийг боловсруулахад нэвтрүүлсэн судалгаа” сэдвээр, 2002 онд Москва хотын Өнгөт металлын хүрээлэнд Техникийн шинжлэх ухааны докторын зэргийг “Зэс порфирын орд хүдрийн үүсэл, хувиралтын онцлогийн судалгаанд үндэслэсэн баяжуулалтын эрчимт технологийн боловсруулалт, шинжлэх ухааны үндэслэлээр хамгаалж, мэргэжлээрээ Монгол улсдаа анхны доктор /Sc.D/. 2003 онд ШУТИС-ын Дэд профессор болж. Профессор болсноос хойш 2019 оноос эхлэн 60 гаруй бакалавр, магистр, доктор удирдаж төгсгөсөн байна.

Тэднийх ам бүл тавуулаа бөгөөд гэргий Г.Батгэрэл нь нягтлан бодогч мэргэжилтэй. Харин хүүхдүүд нь инженер, нягтлан, эдийн засагч мэргэжлүүдийг эзэмшсэн гэнэ. 1981-1983 онд Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикт хөвүүлэн баяжуулагч, бригадын дарга, мастер, Шинжилгээний төв лабораторид судлаач инженер улмаар 1984 оноос тэр үеийн Эрдэнэт үйлдвэрийн 22 цехүүдээс анхны монгол даргаар томилогдон 2002 он хүртэл ажиллажээ.

Мөн тэрээр 2002 оноос Үйлдвэр техникийн хэлтсийн орлогч дарга, анхны Монгол ерөнхий баяжуулагчаар 2020 он хүртэл хөдөлмөрлөж гавьяаныхаа амралтад гарч өнөөг хүртэл Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн дээд сургуульд зөвлөх профессор, Баяжуулалтын мэргэжлийн төгсөлтийн улсын комиссын даргаар ажиллаж байгаа гэсэн юм.

Тэрээр мэргэжлээрээ нэг сэдэвт таван бүтээл, шинжилгээ судалгаа, танин мэдэхүй, шинжлэх ухааны 100 гаруй өгүүлэл хэвлүүлсэн зохиогчийн таван патенттай юм. Түүний он удаан жилийн системийн суурь судалгаа, шинжилгээний бүтээлч ажиллагааны үр өгөөжийг үнэлж 1986-1989 онд Монгол Улсын “ШБОС”  үзэсгэлэнгийн хүрэл медаль хүртэж Монгол Улсын “Шилдэг зохион бүтээгч” болж байжээ. Цаашлаад  2004 онд Оросын холбооны улсын “Хүндэт уурхайчин”, 2005 онд “Алтангадас одон”, 2006 онд Монгол Улсын “Тэргүүн уурхайчин”, Монгол улсын “Зөвлөх инженер”, 2011 онд Монгол Улсын төрийн шагнал, 2017 онд гавьяат уурхайчин зэрэг шагналуудыг олгосон байна.

 

Химийн үелэх систем ирээдүйн эрдмийн ажлынх минь үндэс болсон

 

Аливаа хүн ямар явах нь удам угсаа, унаж төрсөн газар нутгаас гадна гарсан өдрийн гараг, төрсөн өдрийн төөрөг гэж бий. Алтайн уулсад төрсөн хүн ямар ч ажил эрхэлсэн хөдөлмөрч байхаас өөр аргагүй өсдөг. Санаа зөв, хөдөлмөрлөөд л явбал заяа нь зөв тийшээ залаад аваад явдаг гэж би боддог юм. Гэнэн нялхдаа онгоцны нисгэгч, цэргийн дарга болно гэж онгирч явлаа. Гэтэл ахлах ангидаа ороод химич болохоор эргэлтгүй шийдсэн. Есдүгээр ангид ороход Хонгорын Дашдондог гэгч Есенин найрагч шиг гоё буржгар үстэй, Д.Нацагдорж найрагч адил цайвар шаргал дээлэн дээр улаан шар дурдан ороож, нужигнасан орос хором жийсэн багш орж ирлээ. Химийн хичээл зааж эхлэхийн өмнө солгой гараараа самбарын баруун доод зүүн буланд ташуулдуулан гарын үсгээ зураад л сурагч бидэнтэй анх танилцаж байсан юм. Тэгэхэд би ийм л химийн багш болох юмсан гэж мөрөөдөж эхэлсэн юм даа. Химийн үелэх системийг бидэнд ёстой нэг өнгөт бодитоор нь заасан. Тэр үед энэ хичээл миний ирээдүйн эрдмийн ажлын үндэс болно гэж хэрхэн төсөөлөх билээ.

 

Эрдэмтдийн бүтээлийг төгөлдөржүүлэх энэ их аз завшаан надад тохиосонд баярладаг

Би социализмын үед Өрнөдийн шинжлэх ухаанд суралцсан. Харин хожим монгол хүнийхээ хувьд Дорнодын гүн ухааны “хоосон чанар”-тай холбон өргөжүүлснээр эрдсийн тухай материйн тогтсон ойлголтыг шинэчилж, химийн элементийн баяжуулалтын анхны Нано хувилбарыг боловсруулан улмаар баяжуулалтын онолын үндэс суурийг тавьсан юм. Геологи, химийн шинжлэх ухаанд домог болон амьдарч буй химич Менделеев Д.И, геологич, геохимич Вернадский В.И, Ферсман А.Е, Гольдшмидт, Шерман, петрограф Боуэн, хөрс судлаач Полынов, баяжуулагч Эйгелес нарын эрдэмтдийн бүтээсэн практик хандлага, хууль, дүрмийг онолын хувьд тайлбарлан, төгөлдөржүүлэх аз завшаан олдсонд би талархаж явдаг. Товчоор илэрхийлбэл баяжуулалтын шинжлэх ухааныг “Урлагийн” түвшнээс “Шинжлэх” ухааны хэлбэрт шилжүүлсэн билээ. Сансар огторгуй, хорвоо ертөнц, дэлхийн нэгдмэл нийтлэг үзэгдлүүдийг гео-энергийн нэгдсэн онолын үндэс дээр түшиглэн судалж хүн төрөлхтний хөгжлийн дараагийн Шинэ үе шат бол “Ноосфер-оюун ухааны-XX зуунаас Эмосфер-сэтгэлийн-XXI зуунд” шилжих хөгжил юм гэдэг үзэл санааг 20 гаруй жилийн өмнөөс анх дэвшүүлэн дэлгэрүүлж хөгжүүлж байна.

 

Хөдөлмөрийн үнэ цэнийг үнэлшгүй

ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийнхөнтэй.

“Чулуу бүхэн амьтай” гэж ярьдаг нь учиртай. Олон сая жил байгалийн хувиралд орж эрчим хүч энерги хуримтлуулсан учраас тэр юм. Эрдэнэтийн-Овооныхоо эрдэс түүхий эдийг баяжуулах технологийг оюутан ахуй цагаасаа судалж, боловсруулалцаж үйлдвэрийнхээ буян, Тослог бор хайрхныхаа хишгийг хүртсээр 45 жил болжээ. Үгүй, ер нь мэддэггүй юм аа гэхэд бидний үзсэн, харсан, дуулсан, туулсан нь хаа одов гэж дээ... Манай улс нэг үеэ бодоход бас ч гэж хүний оюуны хөдөлмөрийг үнэлдэг болж байна. Гэхдээ шинжлэх ухааны салбарт зарж буй хөрөнгө үнэхээр хомс байна. Тэр тусмаа нүүдэлчин монголчуудын хүүхдээ нялхаас нь таарч тохирсон хөдөлмөрөөр хөхүүлж урамшуулан хүмүүжүүлж ирсэн амьдралын арга барилыг өнөөдөр хүн төрөлхтөн судалж эхлээд байгаа нь сайшаалтай.

“Замбуулин хорвоогийн аливаа үзэгдэл, хууль гэдэг тооны зангилаа, үгний учиг дээр тогтдог. Өөрөөр хэлбэл тооны зангилаа буюу томьёо, үсгийн нэгдэл хэлбэр, агуулга болох шүлэг найраг ид шидтэй” гэх үсгээс Ж.Баатархүү гуайг Монголын зохиолын эвлэлийн 519 дэх гишүүн гэдгийг мэдсэн юм. Амжилтад хүрсэн хүмүүс утга зохиол, урлаг соёлын өндөр мэдрэмжтэйг баталсан нь түүний бичсэн эсээ яруу найргийн номуудаас илт байлаа.

 

Балчир наснаасаа үлгэр туульсаар “угжигдан” өсчээ

 

Орчлон хорвоо гэдэг нь ердөө энергиэр илэрхийлэгдсэн олон хэлбэрүүд. Харин тоон утга нь шинжлэх ухааны хаан математик, үгээр үзүүлэх арга нь урлаг, утга зохиол онцолбол яруу найраг. Ертөнцийн төгс гоо сайхан маш энгийн хялбар байдаг. Бид л хэт гүнзгийрүүлэн ойлгож төөрөлдөөд байдаг болохоос бус. Өөрөөр хэлбэл томьёо болон шүлгийн мөр адил. Ийм болохоор гоо сайхныг танин мэдэх эн тэнцүү, ижилхэн л хоёр арга гэж боддог юм. Бид эхийн бүүвэйгээр амлуулж, баруун Монголын үлгэр, туульс, домгоор угжиж өсгөсөн нүүдэлчин ард түмэн. Одоо үлгэр, туульс, домгийн номуудыг харж байхад тэр үед сонсож байсан нь алга юм. Тэр үед бичээд, хадгалаад үлдэх минь ч яалаа гэж өөртөө харуусах юм даа.

 

Анхны шүлгээ 1980 оны дундаас л бичгийн хэлбэрт хэлхсэн санагдана

 

Анхны шүлгүүд цээжин дотор минь л хөвж явсан байх. Яагаад гэхээр монголчууд онч хэллэг, мөр, шадаар л ярьдаг шүү дээ. Цаасан дээр буулгаж бусдаас ялгарах юм надад тэр үед байгаагүй юм чинь. Аспирант байхдаа Санкт-Петербургийн Салтыков Щедрины нэрэмжит номын сангийн босгыг элээж, цайны газрын хоолыг ч мөн их хороосондоо. Өглөө есөн цагт орж орой 21 цагт гэрэл унтраагаад эхлэхээр л гардаг байлаа. Шинжлэх ухаан болон утга зохиол хүний тархины өөр өөр ундаргаас тэжээгддэг болохоор эрдэмтэн хүний хувьд яруу найраг бол амралт байснаас зорилго биш байлаа. Алтан хэвлийдээ хөвөх үр, алаг огторгуйд хөвөх эрхэс адил зүйл гэж боддог. Цаг хугацааны шүүлт, орон зайн шүүрэнд торсон нь л үлддэг хорвоо гэж ойлгодог юм.

 

"Болор цом"-ын тайзан дээр “Торой банди” шүлгээ уншиж байлаа

 

Эрдмийн ажил хөөсөөр байгаад яруу найрагт би их хожуу орсон. Ахмад үеэс Зандраабайдий гуай, дунд үеэс Д.Төрбат ах, залуу үеэс Х.Эрдэнэбаатар нараас суралцаж ойр дотно явдаг. Хөвсгөлийн Мягмаржав ч бас л сайн шүлэгтэй шүү дээ. Анх 2001 онд Д.Төрбат ахыг дарга байхад Монголын зохиолчдын өргөөнд Д.Цоодол найрагчаас МЗЭ-н гишүүний 519 дугаартай батлах гардан авч магнай тэнийн гарч ирэхэд хань минь нэг давхарт байсан номын тасгаас 108 ботийг бүтнээр нь авч өгч мялааж байлаа. Миний албаны утас 71519, гишүүний батлахын номер 519, үүнд их бэлгэшээж явдаг. 2005 онд Болор цом тэмцээнд анх орж, тэр тэнгэрлэг тайзнаас “Торой банди” шүлгээ сурагч адил номхон зогсож дуудан мултарч, үзэгчдийн суудалд шилжчихээд эргээд тайз руу харж суухад үнэхээр бишрэл төрж байж билээ.

- 2008 онд Эрдэнэтийн үйлдвэр ашиглалтад өгсний 30 жилийн ойд зориулан улс орон даяар зарласан хөрөг найрууллын уралдааны тэргүүн шагналыг зохиолчдын өргөөнд гардан авахад өргөөний хананд залраатай Алтан үеийн суутнуудын хөргүүд ажиглаад ч байгаа юм шиг, асуугаад ч байгаа юм үнэхээр сүртэй санагдаж, хурдтай, мэдрэмжтэй, гүн сэтгэлгээтнүүдийг уран яруу зурж дээ гэж бодогдож байсан шүү... Мөн 1998 онд “Галын үнэр”

1999 онд “Алтан хөхийн унага”

2008 онд “Заяа зангидсан уяа”

2010 онд “Баяжуулагч эрдэмтэн найрагч”

2015 онд “Сэтгэлийн учиг”

2020 онд “Хотгойд Мянгадын одонт өвөө” зэрэг яруу найраг болон эсээний номуудыг хэвлүүлсэн.

 

Шинжлэх ухааны орон зайд л жинхэнэ ардчилал байдаг

 

“Мэргэжил бүхэн сайхан” гэдэг. Үнэхээр ч тийм билээ. Харин нэг мэргэжлийг ул суурьтай, эргэлт буцалтгүй эзэмшсэн тохиолдолд байгаль ертөнцийн гоо сайхан, төгс төгөлдрийг бишрэн баясаж сэтгэл дүүрэн амьдрах болно. Ийм боломж чадварыг бурхан бидэнд харамгүй тэгш хайрласан бөгөөд биеэ дайчлан ажиллах нь ч бидний үүрэг, хувь заяаны асуудал. Тэр тусмаа шинжлэх ухааны орон зайд л тэгш эрх, эрх чөлөө, шударга ёс зүй, жинхэнэ ардчилал байдаг болохоор насны бага, ой ухааны сийрэгт энэ сайхан бүхэн, гэрэл гэгээ рүү тэмүүлж тэмцэж амьдрах хэрэгтэй. Гадаад хэл, компьютерын хэрэглээ нь хэрэгсэл болохоос мэдлэг биш. Өвөг дээдсийнхээ арга ухаан, соёл, ёс суртахуун, зан заншил уламжлалыг өвлөн, “Эх оронч, хоёргүй зүрх сэтгэлээр” тэмцэн амьдрахыг ерөөе. Эх орныхоо хөгжил дэвшлийн хөдөлгүүр, эд эс нь болсон залуучууд та бүгд л хийхгүй бол хэн хэзээ хийх юм” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 10. ДАВАА ГАРАГ. № 43 (7539)