Б.ЯЛГУУН
Японд ажиллаж, амьдарч байгаа монгол залуусын төлөөлөл болох М.Насанжаргалыг энэ удаагийн “Залуус” булангийн зочноор урилаа.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Баярлалаа. Намайг М.Насанжаргал гэдэг би 22 настай. 2019 онд Япон улсад Фүжи хэлний сургалтаар зуучлуулж ирсэн. Энд ирээд хэлний бэлтгэлд хоёр жил сураад одоогоор үндсэн ажилтнаар ажиллаж байгаа. Цаашид Японд магистрын зэрэг хамгаалах төлөвлөгөөтэй байна.
-Яагаад заавал Япон улсыг сонгох болсон юм бэ?
-Фүжи хэлний сургалтаар зуучлуулахад Японы давуу болон сул талыг танилцуулсан сургалт ордог байсан. Япон улсыг сонгох болсон шалтгаан нь мэдээж өндөр хөгжилтэй, аюулгүй мөн хүний хөдөлмөрийг сайн үнэлж чаддаг учраас сонгосон.
-Гадаадад ажиллаж, сурдаг залууст чөлөөт цаг зав хомс байдаг. Таны хувьд чөлөөт цагаа яаж өнгөрөөдөг вэ?
-Гадаадад сураангаа төлбөрөө олдог залууст чөлөөт цаг тэр бүр гардаггүй. Хэрэв найз нөхөдтэйгөө уулзах, ийш тийш зугаалахаар бол хоёр долоо хоногийн өмнө, бүр сарын өмнөөс төлөвлөх шаардлагатай байдаг. Мөн өндөр хөгжилтэй улсын залуустай хөл нийлүүлэн алхахын тулд өөрийгөө их дайчлах хэрэгтэй учраас чөлөөт цаг бага гардаг. Харин өөртөө сард нэг удаа чөлөөт цаг төлөвлөөд тэр үедээ аялал, зугаалгаар явдаг.
-Эх орноосоо хол амьдрахад ямар хүндрэл бэрхшээл, давуу талтай вэ?
-Анх Японд ирэхэд хамгийн том асуудал нь хэлний асуудал байсан. Таньж мэдэх хүн байхгүй учраас ажил олоход хүндрэлтэй байсан. Харин одоо хэлээ сайн сураад, орчиндоо дассан учраас эх орноо санахаас өөр хүндрэл бэрхшээл байхгүй. Залуу хүнд хийе, бүтээе гэсэн хүсэл эрмэлзэл байгаа цагт асуудлыг даваад л гардаг. Давуу тал гэвэл хүнтэй харьцах тал дээр сайжирсан. Мөн Монголд байснаас илүү хүсэл тэмүүлэлтэй, бие даах чадвартай аливаа зүйлийг хийхдээ өөртөө итгэлтэй болсон.
-Цар тахлын үед ямар нөхцөл байдалтай байна вэ?
-Цар тахал эхэлж байх үед хөл хорионд байсан. Гэхдээ огт тэг зогсолт хийгээгүй, дандаа богино цагаар ажиллаж байсан. Мөн гадаад, дотоодын иргэн гэлтгүй ажил нь зогссон хүмүүст Япон улсаас тэтгэмж өгсөн. Харин одоо том ресторан, дэлгүүрээс бусад бүх газар ямар ч асуудалгүй хуучин цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллаж байгаа.
-Цаашид гадаадад сурч, ажиллаж, амьдрах залууст хандаж юу гэж зөвлөх вэ?
-Би Японд ирээд хэлний бэлтгэлийнхээ хажуугаар ажил хийсэн. Учир нь хэлээ сайн мэддэг ч бай мэддэггүй ч бай ажил хийхэд хүн их зүйл сурдаг юм шиг санагдсан. Хэрэв гадаадад сурч, ажиллаж, амьдаръя гэж бодож байвал эх орондоо тухайн улсынхаа хэлийг сайн сурах хэрэгтэй. Ингэснээр сайн ажил олдоно, бага хугацаанд бага зардал гарах учир ачаалал, хүндрэл бага гардаг. Мөн сэтгэл зүйгээ сайн бэлдээрэй гэж хэлмээр байна.
Учир нь Монголд байх үед Япон гэлтгүй гадаадын орон их сайхан санагддаг. Гэхдээ бодит байдал дээр хүндрэл бэрхшээл их тулгардаг. Хэл мэдэхгүйгээсээ болж ажил дээрээ загнуулна, хүнд хэцүү ажил хийнэ гэх зэрэг асуудал их тохиолдоно. Төсөөлснөөс өөр байх үед залуус сэтгэл санаагаар унаж, шантрах гээд байдаг. Тиймээс зорьж ирэх гэж байгаа улсынхаа сайн, муу талыг сайн судлаад, хэцүү байсан ч “Би чадна” гэсэн сэтгэл зүйтэй ирээрэй. Хамгийн сүүлд Монголдоо байгаа хугацаанд эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаад, эрүүл мэнддээ сайн анхаарсан байх хэрэгтэй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.8.10 МЯГМАР № 155 (6632)