Ч.ҮЛ-ОЛДОХ

 

Засгийн газар Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал өссөн, далд уурхайн ашиглалтад орох хугацаа хойшилсон асуудлаар дүгнэлт гаргуулахаар хөндлөнгийн шинжээчдийг ажиллуулжээ. Шинжээчдийн багт Америк, Канад, Австрали, Монголын нийт найман хүний бүрэлдэхүүнтэй бие даасан шинжээчид багтжээ. Тэд таван сар гаруйн хугацаанд ажиллаад дүгнэлтээ гаргасан байна. Дүгнэлтийн ерөнхий агуулгыг Оюутолгойн асуудлаар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийх Ажлын хэсгийнхэн өчигдөр нийтэд танилцууллаа.

Ажлын хэсгийн ахлагч, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар энэ талаар “Оюутолгойн төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал нэг тэрбум 450 сая ам.доллараар хэтэрсэн. Мөн далд уурхайн ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшилсон. Энэ асуудлаар Монгол Улсын Засгийн газраас Оюутолгойн ТУЗ-д удаа дараа хүсэлт тавьсан. Оюутолгойн төслийн менежментийн багаас “Оюутолгойн гүний уурхайн хөрөнгө оруулалтын зардал их хэмжээгээр өсөж, бүтээн байгуулалтын ажил бараг хоёр жилээр хойшилж ашиглалтад орж байгаа нь геотехникийн нөхцөлөөс болж байгаа” гэсэн тайлбарыг Засгийн газарт удаа дараа ирүүлж байсан.

Эцэст нь дэлхийн нэр хүндтэй хөндлөнгийн шинжээчдийн багийг ажиллуулъя, дээр дурдсан хоёр асуудал дээр дүгнэлт гаргуулъя гэсэн. Хөндлөнгийн шинжээчид 2021 оны гуравдугаар сард томилогдон өнгөрсөн таван сар гаруйн хугацаанд ажиллаад өнөө өглөө дүгнэлтээ ирүүллээ. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтээр далд уурхай ашиглалтад орох хугацаа хойшилж, хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэн нь ямар нэгэн геотехникийн асуудлаас болоогүй гэсэн дүгнэлт гаргажээ.

Ямар ч байсан эхний шатанд бидэнд ийм дүгнэлт ирлээ. Энэ нь хэлэлцээрийг цааш урагшлуулж ахиулахад тодорхой хувь  нэмэр оруулах байх. Өнөөдөр Оюутолгойн хэлэлцээрийг цааш нь урагшлуулах, ахиулах явц үргэлжилж байгаа.

...Ер нь бол Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойшх 12 жил, далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг баталснаас хойшх зургаан жил гаруйн хугацаанд Монгол Улсын Засгийн газрын зүгээс “Рио Тинто”-д ийм хэмжээний хариу үйлдэл үзүүлж байгаагүй юм.

Дуулгавартай, томоотой, хэлсэн үгийг нь ёсчлон биелүүлж ирсэн Монгол Улсын Засгийн газар хоёр жилийн өмнөөс “өрвөлзөж” эхэлсэн байдаг...

Бид хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг аваад “Рио Тинто”-гийн Монгол дахь захирал Х.Амаржаргал болон “Рио Тинто”-д  тодорхой албан  тушаал хашдаг С.Мөнхсүх захиралтай уулзалт  хийсэн. Энэ үеэр хоёр зүйлийг  онцолж хэллээ. Нэгдүгээрт, хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд  албан ёсоор тайлбар хийгээч. Хоёрдугаарт, далд уурхайн олборлолтоо яаралтай эхлүүлээч. Та бүхний хүсч байгаачлан Монгол Улсын Засгийн газар далд уурхайн бүтээн байгуулалтын ТЭЗҮ-ийг батлах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, шинжээчдийн дүгнэлт ийм байдалтай гарчихаад байхад бид далд уурхайн зардлын хэтрэлтийг хүлээн зөвшөөрч батлах боломжгүй. Иймд өмнө батлагдсан ТЭЗҮ-гийн хүрээнд, өнөөдөр алт, зэсийн үнэ өндөр байгааг бодолцож, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг  хамгаалах үүднээс далд уурхайн олборлолтыг эхлүүлээч гэсэн шаардлагыг  тавьсан” гэлээ.

Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Энэ төслийн хамгийн гол нөөцийг бүрдүүлж байгаа далд уурхайн бүтээн байгуулалтын ажлууд тодорхой шалтгаануудын улмаас хугацаа хойшилж, зардал хэтэрсэн асуудлыг 2019 оны долдугаар сард “Рио Тинто” болон  “Оюутолгой” компанийн зүгээс Монголын Засгийн газарт анх танилцуулсан байдаг. “Энэ нь урьдчилан тааварлаж болзошгүй геотехникийн нөхцөл байдал, гүний уурхайн чулуулгаас болж зардал хэтэрлээ” гэдэг асуудлыг Монголын талд тавьж байсан. Тухайн үедээ зардал 1.2-1.9 тэрбум ам.доллараар хэтэрч, бүтээн байгуулалтын ажил 30 хүртэлх сарын хугацаагаар хойшиллоо гэсэн асуудлыг ярьж байсан.

Ингээд сая хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гарлаа. Үүнд зардал хэтэрсэн, хугацаа хойшилсон нь  геотехникийн асуудалтай шууд хамааралгүй  гэдгийг тодорхойлчихсон байна.

Хөндлөнгийн шинжээчдийн ажлын хэсэгт “Рио Тинто”-той ашиг сонирхлын зөрчилдөөнгүй шинжээчдийг томилох асуудал  Засгийн газрын хувьд эхэндээ нэлээд хүндрэлтэй байсан. Гэсэн хэдий ч зэсийн  томоохон төслүүд дээр 20-40 жил ажиллаж байсан маш туршлагатай шинжээчдийн багийг бүрдүүлж чадсан. 

Дээрээс нь “Хөндлөнгийн шинжээчдийн энэ дүгнэлт хэр зэрэг бодитой вэ” гэдэгт бид өөр нэг дүгнэлтийг бас  гаргуулсан.  Ийм дүгнэлтийг “Оюутолгой” төслийг хэрэгжүүлж байгаа “Рио Тинто” компанид төслийн менежерээр ажиллаж байсан мэргэжилтэн,  туршлагатай хүмүүс давхар дүгнэлтийг  гаргасан. Тэд  Монголын Засгийн газрын зүгээс хамтран ажиллах гэрээ байгуулсан хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг  үндсэндээ хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр хэлэлцээр цаашид энэ нөхцөл байдалд тулгуурлаад явагдана гэсэн үг” гэж ярив.

Түүнчлэн “Оюутолгой” компанийн  ТУЗ-ийн гишүүн З.Ган-Очир  “Оюутолгойн  төслийн хувьцаа эзэмшигч Монгол Улсын Засгийн газар, “Эрдэнэс  Оюутолгой” компанийн хүсэлтээр 2020 оны арваннэгдүгээр  сард “Оюутолгой” компанийн  ТУЗ-өөс  бие даасан шинжээчдийн багийг гаргаж, далд уурхайн бүтээн байгуулалтын талаар  дүгнэлт гаргуулах ажил эхэлсэн. Энэ ажлын хүрээнд тусгай хороог байгуулсан. Үүнд  Монгол Улсын талаас “Эрдэнэс  Оюутолгой”  компанийн хоёр, “Туркойз  Хилл” команиас хоёр төлөөлөл  орсон. Тусгай хороо нийтдээ найман гишүүнээс  бүрдсэн бие  даасан шинжээчдийг томилсон.

Бие даасан шинжээчид бол уул уурхайн төлөвлөлт, барилга  угсралт  төслийн менежмент, геотехникийн гэсэн чиглэлээр 35-40 жил  ажилласан туршлагатай ажилтнууд юм. Америк, Канад, Австрали, Монголоос бүрдсэн нийт найман гишүүн ажиллаж,  дүгнэлтийг өнгөрсөн долоо хоногт тусгай хороонд хүлээлгэн өгч, улмаар “Оюутолгой” компанийн  ТУЗ-д хүлээлгэн өгсөн.

Энэ дүгнэлтийн хүрээнд гарсан асуудлыг хувьцаа эзэмшигчид болон “Оюутолгой” компанийн ТУЗ авч хэлэлцэнэ. Мөн цаашид далд уухайн бүтээн байгуулалтад дахин зардлын хэтрэлт, төслийн менежментийн алдаа гаргахгүй байх талаас ямар арга хэмжээ авах вэ. Засаглалыг сайжруулах талаас ямар арга хэмжээ авч ажиллах вэ. Төслийн хувьцаа  зэмшигч “Эрдэнэс Оюутолгой”, “Эрдэнэс Монгол” компанийн зүгээс мөн яаж ажиллах вэ  гэсэн цаашдын арга хэмжээг аваад явах байх” гэлээ.

Ажлын хэсгээс ийм албан ёсны мэдээлэл өгч байна.

Ер нь бол Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойшх 12 жил, далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг баталснаас хойшх зургаан жил гаруйн хугацаанд Монгол Улсын Засгийн газрын зүгээс ийм хэмжээний хариу үйлдэл үзүүлж байгаагүй юм.

Дуулгавартай, томоотой, хэлсэн үгийг нь ёсчлон биелүүлж ирсэн Монгол Улсын Засгийн газар хоёр жилийн өмнөөс “өрвөлзөж” эхэлсэн байдаг.

Үр дүнд нь өнгөрсөн хавар татварын актаар ногдуулсан 648.9 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг “Оюутолгой” ХХК-аар бүрэн төлүүлсэн. Ингэж Оюутолгойгоос гарвалтай мөнгөнөөс хөл хорионы үеэр хүн бүр 300 мянган төгрөг хүртсэн.

Харин энэ удаагийн хэлэлцээрийн явцад хөндлөнгийн шинжээчид Оюутолгойн гэрээг “ном ёс”-ны болгоход маш чухал нөлөө үзүүлэхүйц дүгнэлт гаргасан байна.

Гагцхүү “Рио Тинто” хэрхэн хандах вэ гэдэг л үлдэж байгаа юм.

Жил гаруйн өмнө Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-ын ажлын хэсэг ЭЗБХ-нд тайлангаа тавьж байсан. Тэгэхэд тэрхүү ажлын хэсгийн дүгнэлтээр Монголын талын хүртэх ашиг 2055 он хүртэл 31 хувь байх тооцооллыг гаргасан байв. Түүнээс гадна “Оюутолгойн төсөл барьцаанд тавигдсан байна” гэсэн маш ноцтой дүгнэлтийг гаргасан. Өөрөөр хэлбэл, Монгол Улс Оюутолгойн төслийн 34 хувийг эзэмшдэг атлаа тухайн үед буюу жил хагасын өмнө 1.79 тэрбум ам.долларын өрөнд орчихсон. Үүнээс гашуун нэг дүгнэлт нь “Хувьцаа эзэмшигчид 2038 оноос ногдол ашгаа хүртэж эхэлнэ гэж тооцоолсон ч бодит байдалд 2050 оноос ашиг хүртэж эхэлнэ” гэж гарсан байв.

Харин өнөөдөр “Рио Тинто” компани дэлхийн зах зээлд дээрх том тоглогч гэдгээ харуулж, хэм хэмжээг бариад хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг хүлээж авбал Оюутолгойн төслийн 34 хувийг эзэмшигч Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулалтын өр хуваахгүй болж, ашиг хүртэх хугацаа наашлах “хаалга” нээгдэнэ. Товчхондоо “Хонь бүрэн, чоно цатгалан” болж, өнөөг хүртэл бугшиж ирсэн үл ойлголцол дуусах юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.10 МЯГМАР № 155 (6632)