12 настай Э.Ринчинлхамын шүлгийг толилуулж байна.
 

Хөлгүй далайн гүнд аварга том араатан нуугдана
Хүний айх, үзэн ядах, бусдыгаа харгислах сэтгэлээр хооллоно.
Аварга том араатан далайтайгаа адилхан том учир
Тийнхүү тэр далайд нуугдсаныг чи өөрөө ч мэдэхгүй.
Аварга том араатан эхлээд чиний ухааныг түрэмгийлэн эзэлнэ
Тэгээд цадахгүй, цаашилж бүр дотроос чинь хэмхэлж иднэ.
Чи эсэргүүцнэ, цохино, хашгирна, зугтах гэж оролдоно
Чи түлхэнэ, татна, байдгаараа тийчлэнэ.
Ямар ч нэмэргүй
Чи аварга том араатантай биш өөртэйгөө тэмцэлдэж байгаа болохоор
Яаж ч үзэлцээд аварга том араатныг хэзээ ч дийлэхгүй.
Нөр их тэмцэл өрнөнө, харин чи ялагдана,
Нүдний чинь гал бөхнө, эр зориг чинь мохно.
Дотор болж байгаа тулалдаан хамгийн хэцүү тэмцэл байдаг
Бүх хүчийг чинь шавхаж дээд зэргээр туйлдуулдаг.
Дахин шинээр эхлэе дээ гэдгээс өөр аргагүй болгодог
Бууж өгье энэ удаад гэж шийдэхээс өөр гарцгүй болгодог.
Чи шинэ гарц хайж олохыг оролдоно, шинэ боломж олдохыг хүлээнэ
Чи гуужиж буй арьс лугаа адил өнгөрснөөсөө салахыг хүснэ.
Чи оюун ухаандаа бүрэн залгигдана
Чиний амьдрал оюун ухааны оролцоогүй өрнөнө.
Чи гаднаа инээмсэглэх, ярих, хөхрөх боловч
Чи дотроо хов хоосон болсон байна.
Чиний сэтгэл, зүрхний аль аль нь шатаж үнс болжээ
Чи хорвоогий өдрийг гайхаж эргэлзсэн харцтайгаар өнгөрөөнө
Чи өнгөрснийгөө эргүүлэн авчирахыг бодож байна уу?
Гэтэл чи өөрөө өнгөрснийгөө нэг ч удаа эргэж харалгүй алдчихсан шүү дээ
Гэнэхэн чи өөрийгөө амьдарч байна гэж бодож байна уу?
Гайгүй байлгүй, чи зүгээр л зүүдэлж байна.
Чиний алхам бүр хяналтан дор байна, уг нь чи өөрөө амьдралаа хянах ёстой
Чамайг бүгд өөр өөр рүүгээ чангаана
Чи бүгдэд нь ая тал засахаас өөр аргагүй байдалд оржээ
Чи толгой дохино, инээмсэглэнэ, хөхрөнө
Үнэн хэрэг дээрээ чамаас ямар ч дуу авиа гарахгүй.
Үзэгдэхгүй хананы ард нуугдаж өдөр хоногийг өнгөрүүлнэ.
Харанхуй шөнүүдийг ганцаараа уйлж өнгөрөөнө
Харамсах, ичихийн нулимс асгарна.
Чи минут, цаг, бүр бүхэл бүтэн жил өнгөрсөн ч
Чиний зовж тарчлах үргэлжилсээр байхыг ухаарна.
Цаг явахын дуу чимээ гарна, чиний үхэл ойртож байгаа нь тэр.
Чи орон дээрээ хэвтэж үхэл ирэхийг хүлээнэ
Хэсэг нүдээ анихад сүүлчийн бодлууд тархи руу уралдан цутгана.
Чи: “Амьдралаа арай өөрөөр өнгөрөөх байжээ.
Хэн нэгний төлөө биш өөрийнхөө төлөө чөлөөтэй амьдрах байжээ” гэж бодно.
Алдсаныгаа өөрөө засах бололцоо олдоно гэж найдна
Халуун зүрх, уужуу сэтгэлийн аль аль нь эдгэрч илааршина гэж бодно
Аймшигт амьдрал, аюултай үхлийн алиных нь ч золиос болохгүй гэж итгэнэ.
Гэхдээ юутай ч байсан чи нэг юмыг баттай мэдэж байна.
Гэнэт юу ч тохиолдсон одоо чи бууж өгөхгүй үзэлцэнэ.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2021.8.10 МЯГМАР № 155 (6632)