Т.САЙХАН

Хүннүгийн язгууртны булш, оршуулга бүхий томоохон дурсгалт газар нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэр Бэлхийн амны эхэнд оршдог. Тэгвэл НЗДТГ-аас тус дурсгалыг малтан судалж, онцлог, он цагийн хамаарлыг тогтоон, соёлын өв, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох олон талт ажлыг хэрэгжүүлж эхэлжээ. Төслийн судалгааны ажил 70 хувьтай явагдаж байгаа ажээ. 

Тус судалгааны баг дурсгалын агаарын зургийг авч, нарийвчилсан хэмжилт, тодорхойлолтыг хийж, язгууртны зургаан булш, дагуул дөрвөн булшны дэвсгэр зургийг хийж байна. Судалгааны үр дүнд одоогийн байдлаар баруун урагш чиглэсэн дөрвөн метр урт үүдэвчтэй, 6.5х5 метр хэмжээтэй тэгш өнцөгт дөрвөлжин хэлбэрийн оршуулгын нүх, 3.5 метр гүнд язгууртны хэрэглэж байсан тэрэгний эд ангиуд болох хүрэл тоноглолын хэсгүүдийг илрүүлжээ. Цаашид хамгийн том хэмжээтэй булшийг ил үзмэр болгохоор төлөвлөж байгаа бөгөөд уг булшны гаднах нүсэр бүтэцтэй чулуун хүрээний баруун урд хэсгийг цэвэрлэж байна. 

Малтлага судалгааны үр дүнд Туул голын саваар нутаглаж асан Хүннүгийн язгууртан, ихэс дээдсийн талаарх олон талт мэдээлэл өгөхүйц олдвор хэрэглэгдэхүүн, он цаг тогтоох материал илэрч байгаа юм.  Нийслэлийн Засаг даргын дэргэдэх ажлын хэсэг уг дурсгалын хамгаалалтын бүсийг тогтоосон бөгөөд дурсгалын хадгалалт хамгаалалт, ил үзмэр, мэдээллийн төв, үйлчилгээний хэсгийг харуулсан төлөвлөлт бүхий аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох урьдчилсан эскиз зураг хийж эхэлжээ.   

Эх сурвалж:www.polit.mn