Ч.ЗОТОЛ
Монгол Улсын хэмжээнд жил бүр ярьдаг нэг том сэдэв нь хүүхдээр хурдан морь унуулахгүй байх тухай. Ийм уриалга, тэмцэл хөдөлгөөн ч байнга өрнөж ирсэн. Энэ удаа нийгмийг хамарсан цар тахлын нөлөөгөөр Засгийн газраас наадмыг хойшлуулах шийдвэр гарч нийгмийн хэлэлцүүлэг түр намжсан ч сүүлийн хэдэн өдөр бүсийн уралдаанууд эхэлдгээрээ эхэлж, нуруун дээрээ салхинаас бусдыг тогтоомгүй эмнэг хурдан хүлгүүдийн нуруун дээр хүүхэд уначихсан дэрвэж яваа зургууд цахим орчинд хуйлруулж, дор нь уухай хадааж, гийнгоо өргөсөн сэтгэгдэл, коментуудаар ташуур өгчээ.
Монголын нийгэм гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийлэл хоёроор дэлхийд дээгүүрт орж байна гэж байнга сануулж, ярьж бичдэг. Цагаа тулахаар ярьдаг шигээ хэрэгжүүлдэггүй. Бага насны хүүхдээр хурдан морь унуулж томчууд найр наадам хийх нь зэрлэг зугаа цэнгэл гэхээр нэг хэсэг нь уламжлалт соёл гээд дайрчихдаг, нөгөө хэсэг нь “энэ хүүхэд л морь унаж ар гэрээ тэжээдэг юм” гэж тэс хөндлөн зүтгэчихдэг. Эцэст нь өнөөх хэлэлцүүлэг нь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай болж 360 градус эргээд, ард нь унаач хүүхдийг бүртгэх, хамгаалалтын хувцас, даатгал гэхчлэн салбар “бизнес”-үүд үржчихдэг. Хүүхэд хамгаалах уриа дэвшүүлсэн төрийн бус болон ТББ олон ч цагаа тулахаар цөөхөн нь л энэ чиглэлд чин сэтгэлээсээ ажилладаг. Хүүхдээр хурдан морь унуулахгүй байх эцсийн шийдвэр гаргуулах хүртэл тэмцэхэд тэдний эрх мэдэл хүрдэггүй. Дуу хоолой нь ч хүрдэггүй. Яагаад гэвэл шийдвэр гаргах түвшинд ажилладаг УИХ-ын гишүүн, сайд нарын олонх нь алдарт уяач байдаг. Бид “Монголын үрс маш олон болтугай” гэж их Д.Нацагдоржийн хэлснийг ерөөл болгож давтдаг ч хүүхдийнхээ төлөө ганц шийдвэр гаргуулахад нийтээрээ тэмцэж чаддаггүй ард түмэн юм. Хэдий болтол ийм байх вэ. 2017 оны байдлаар хурдан мориноос унаж нас барсан 25 хүүхэд байна гэсэн эмгэнэлт тайлан ил болж байв. Үүн дээр хөдөө орон нутагт бүртгэлд ороогүй нуусан дарсан тохиолдол олон бий . Хүндээр гэмтэж бэртэж, хөгжлийн бэрхшээлтэй болсон хүүхэд ч цөөнгүй бий.
Бага насны хурдан морь унуулахгүй байя гэж тэмцээд, уриалаад шийдүүлж чаддаггүй юм бол өөр нэг гарц байгааг сануулъя, нийтээрээ уриалаад өгөөрэй гэх байна. Энэ бол “Мэргэжлийн жоккейчидтой болъё” гэсэн санаа юм. Монголоос бусад улс оронд хурдан морины бооцоот уралдаан, тэмцээнийг мэргэжлийн түвшинд зохион байгуулдаг. Хурдан морь унаачдыг мэргэжлийн болгож хөгжүүлсэн нь жоккейчид юм. Аль ч орны морин тойруулгын газраар ороход хэн дуртай нь бус зөвхөн жоккейчид л хурдан морийг унаж уралдуулна. Цалин нь ч өндөр. Дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг жоккейчдын зорьж очдог газар бол Португалийн Каскай хэмээх аялал жуулчлалын бүс нутаг. Тэнд хурдан морины уралдааны уламжлалыг хадгалсан мэргэжлийн клубууд олон байхын зэрэгцээ унаач, жоккейчдын ур чадварыг сорьсон бооцоот уралдаан, тэмцээн олноор зохиогддогоороо алдартай. Америк, Японд алдартай морин тойруулгууд нь ийм л дүрмээр хөгжиж байна.
Монгол Улс бага насны хүүхдээр морь унуулж, эрэмдэг зэрэмдэг болгож зэрлэг зугаа цэнгэл хийж байхаар дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэхэд болохгүй юм байхгүй. Морин тойруулгатай байсан туршлага ч бий. 1956 онд МАХН-ын төв хороо, Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Биеийн тамир, спортын хэрэг эрхлэх газрын харъяанд Морин тойруулга байгуулж ажиллах шийдвэр гарч одоогийн Их тэнгэрийн хойно Туул голын харалдаа бий болгож, 1962 он хүртэл улсын чанартай уралдаануудыг амралтын өдрүүдэд зохион байгуулж байсан түүхтэй. Түүнчлэн Морин тойруулгыг Ардын цэргийн хэрэг эхлэх яаманд хариуцуулж, армийн морин цэргийн сургуулийн уламжлалд үндэслэн морин спортыг хөгжүүлэхийн зэрэгцээ монгол адууны үүлдэр угсааг сайжруулах ажлыг явуулж ирсэн байдаг. Тэр нь яваандаа хурдан удмын адууг үржүүлэх зорилго бүхий байгууллага болон хөгжиж иржээ. 1968 оны улсын наадамд морин тойруулгын адуу хурдалж байсан гээд үзэхэд бидэнд олон жилийн туршлага бий гэдэгт эргэлзэх зүйл алга. Харин сэтгэл, санаачилга дутсан жишээ л арвин байна.
Өнөөдөр монгол адууны цусыг сайжруулж, уралдаанч чанарыг дээшлүүлж байна хэмээн адуу сонирхогчид, уяачид гаднаас Англи, Америк, Францаас эрлийз адуу авчирч үржүүлэгт оруулж шинэ үүлдэр гаргаж авч байна. Үүнээс болж хэл ам гаргах ёсгүй, утга бэлгэдэл, өлзий дэмбэрэл дүүрэн наадах ёстой хэмээн эртнээс нарийн ёс дэгтэй хийж ирсэн Төрийн наадам ч утгаа алдсан. Эрлийз, монгол адуу хольж уралдуулсан гэх байнгын хэл ам, хэрүүл тэмцэлтэйгээр наадмаас наадмын хооронд явж ирсэн. Үүнийг дагаад хамгийн гашуун нь унаач хүүхэд амь насаа алдсан тоо эрс өссөн. Монгол адууг бодвол чац өндөр, хөлийн тавил хол, хэдэн машины хүчээр довтолгох эмнэг догшин адууны нуруун дээрээс унасан нялх балчир үрс амьд үлдэнэ гэхэд эрсдэлтэй. Бараг л найдлагагүй.
Хэдийгээр төрийн наадамд монгол адуугаа уяж уралдуулна гэдэг ч завсраар нь булхай орж эрлийз адуу давхиулсан, айраг түрүү авахуулсан гэсэн хэл ам намжихгүй байгаа нь нь бид нэгэнт монгол адуугаа нэг мөр уралдуулж наадахаа больсон гэсэн үг. Үүнийг ялгахын тулд эрлийз адууг тусад нь уралдуулдаг болсон ч нэмэр болсонгүй. Ийм учраас хурдан морины уралдааныг морин тойруулгад шилжүүлж, мэргэжлийн унаачдаар унуулдаг болчихвол асуудал шийдэгдэх биш үү. Монгол залуус 1990-ээд онд Япон руу гэрээгээр явж морин тойруулгад жоккейчноор ажиллаж, морь сургаж, морин үзүүлбэр үзүүлж, морин тойруулгын уралдаануудад амжилттай оролцож байв. Одоо ч тэдний зарим нь АНУ-ын алдартай морин тойруулгад ажиллаж байна. Зарим нь аймаг, сумын алдар уяач болжээ. Тэгэхээр энэ чиглэлд уламжлалт туршлага ч байна, зааж зөвлөх мэргэжилтнүүд ч байна.
Монгол орон адууны соёл, өвөрмөц онцлогоор Азид гайхагддаг. Гэвч орчин цагт хурдан морины уралдаан зохион байгуулахдаа намар, өвөл уралдахгүй байх өвгөдийн тогтоосон дэгийг зөрчиж, уламжлалт монгол адуугаа эрлийзжүүлж, нялх балчир үрсийнхээ амиар дэнчин тавьж зэрглэг зугаа цэнгэл хийдэг хамгийн харанхуй бүдүүлэг орон болж хувирчээ. Үүнд цэг тавихын тулд мэргэжлийн жоккейчидтой болъё.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.8.7 ДАВАА № 154 (6631)