Б.ДАМДИН-ОЧИР

 

Элэгний сайн эмч, ХСҮТ-ийн ерөнхий захирлаар ажиллаад мандаж явсан Жигжидсүрэнгийн Чинбүрэн 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн. Сонгогдож гишүүн болсон. Ямар гишүүн болсныг сонгогчид нь дүгнэх биз.

Харин бид энэ хүний АТГ-т хөрөнгө орлогоо хэрхэн мэдүүлдгийг судалж үзсэн юм.

АТГ саяхан албан тушаалтнуудын 2020 оны хөрөнгө орлогын тайланг нийтэд мэдээлсэн. Түүгээр Ж.Чинбүрэн өөрөө 185.6 сая, гэр бүл нь 20 сая төгрөгийн орлого олсон гэж мэдүүлсэн байна.

Тэрбээр нийтийн орон сууц, зуслангийн байшин, тус бүр нэгтэй. Нийт үнэлгээ нь 155 сая төгрөг гэжээ.

Бас Nissan Patrol, Nissan Murano машинуудтай. Үнэ нь 379 сая төгрөг гэсэн байна.

Хурдан удмын гурван адуу, бас 20 тооны адуутай. Мөн гурван үхэр, 160 хоньтой гэж мэдүүлжээ. Малаа 101.6 сая төгрөгөөр үнэлсэн байна.

Түүнчлэн 630 мкв, 700 мкв гэсэн эзэмших эрхийн гэрчилгээтэй хоёр газартай. Эдгээр нь 55 сая төгрөг, 125 сая төгрөгөөр үнэлэгдсэн үнэт эдлэлтэй. Хадгаламждаа 29 сая орчим төгрөгтэй, 60 сая төгрөгийн авлагатай, 269 сая төгрөгийн өртэй гэдгээ мэдүүлжээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1616 ширхэг хувьцаатай гэсэн байна.

Тэгвэл дөрвөн жилийн өмнө ХСҮТ-ийн ерөнхий захирал байхдаа жилд 75.1 сая төгрөг олсон. Гэр бүл нь 240 мянган төгрөгийн орлоготой өнжсөн байна. Тэгэхэд өнгөрсөн 2020 онд мэдүүлсэн 155 саяар үнэлсэн хоёр байртайгаа байжээ.

Мөн 220 сая төгрөгийн үнэ бүхий Landcruiser 200, Subaru Forester машинтай байжээ. Мөн 630, 700 мкв талбай бүхий хоёр газартай байсан байна. Үнэлгээ нь 55 сая төгрөг гэжээ. 44 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлтэй. Хадгаламждаа 15.8 сая төгрөгтэй байжээ. 310 сая төгрөгийн зээтэй байсан. “КАБ Мед” ХХК-ийн хувьцааг эзэмшдэг гэж мэдүүлсэн байна.

Дараа  жил нь 2018 онд ХСҮТ-ийн ерөнхий захирал байхдаа жилд 101.4 сая төгрөг олсон байна. Гэр бүл нь 8.4 сая төгрөгийн орлого олжээ. 155 сая төгрөгийн нийтийн орон сууц нэг, зуслангийн байшин нэгийг эзэмшдэг гэжээ. Автомашинууд нь хэвээрээ, 220 сая төгрөгөөр үнэлсэн Landcruiser 200, Subaru Forester машинтайгаа байжээ. Тэр жил малтай болж, ганц ганц үхэр, адуу, 20 хоньтой болсон байна. Тэднийгээ найман сая төгрөгөөр үнэлж байжээ. 55 сая төгрөгийн үнэтэй хоёр газар эзэмшиж, 44 саяын үнэт эдлэлтэй хэвээрээ байжээ. Харин хадгаламж нь өсч, 22 сая төгрөгт хүрсэн байна. Гэхдээ өр нь хэвээрээ, 310 сая төгрөг байв. Түүнчлэн “КАБ Мед” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг эзэмшдэг гэсэн байна.

Ж.Чинбүрэн УИХ-ын гишүүн болсныхоо өмнөх 2019 онд 72.6 сая төгрөг олсон гэж АТГ-т мэдүүлсэн байна. Харин гэр бүл нь 15.2 сая төгрөг олжээ. 180 саяын үнэтэй Landcruiser 200, Subaru Forester машинтай гэсэн байна. Мал нь өсч, 120 хонь, 20 адуу, гурван үхэр, хурдан удмын гурван адуутай болсон байна. Малаа 84.6 сая төгрөгөөр үнэлжээ.Нөгөөх 630, 700 мкв талбай бүхий эзэмших эрхтэй, 55 сая төгрөгийн газар нь хэвээрээ. Харин үнэт эдлэлийнх нь дүн өсч, 114 сая төгрөгт хүрсэн байна. Хадгаламж нь 19.9 сая төгрөг болсон байна. “Хаан банк”, “Жей Траст кредит” ББСБ-д 220 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ. Тэр жил “КАБ Мед” ХХК нь алга болж, оронд нь “Си Эй Би Эм И Ди” ХХК-ийг мэдүүлсэн байна. Энэхүү “Си Эй Би Эм И Ди”/5874599/  ХХК-ийг 2014 оны наймдугаар сарын 28-нд байгуулжээ. Тус компани гадаад худалдаа, бизнесийн чиглэлээр зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

ХСҮТ-ийн захирал байхдаа эзэмшиж байгаад УИХ-ын гишүүн болсноос нь хойш “алга болчихсон” “КАБ Мед” ХХК нь Ж.Чинбүрэнгийн хувьд түүх өгүүлдэг. Учир нь Ж.Чинбүрэн эмч байхдаа 2014 онд “Каб Мед” ХХК-иараа дамжуулан М.Билэгтийн “Ачлал трейд” ХХК-тай Эмнэлгийн менежментийн багийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж байжээ. Нэг жилийн хугацаатай уг гэрээг сар бүр 10 мянган ам.доллар төлөх нөхцөлтэйгөөр байгуулсан байдаг. Тэр гэрээний дагуу Ж.Чинбүрэн эмч гаднаас менежментийн баг оруулж ирэх, шаардлагатай тоног сонгох, байршуулахад туслалцаа үзүүлэх зэрэг үүрэг хүлээсэн байгаа юм. Улмаар гэрээний дагуу“Ачлал трейд” ХХК-иас Ж.Чинбүрэн рүү нийт  80.000 ам.доллар шилжүүлж байжээ.

Ж.Чинбүрэнгийн АТГ-т мэдүүлээгүй ч хувь эзэмшдэг, үүсгэн байгуулсан хэд хэдэн байгууллага, аж ахуйн нэгж байдаг байна.

“Элэг нэгт Монголчууд сан” /8206821/ санг 2016 оны дөрөвдүгээр сарын 4-нд үүсгэн байгуулалцаж байжээ. Энэ сан нь  Оюуны өмч, зохиогчийн эрх болон түүнд хамаарах асуудлын шийдэл, олон улсын зохицуулалтыг судлах, сурталчлан таниулах, зөвлөмж аргачлал боловсруулах, төсөл хөтөлбөр боловсруулах, ижил зорилготой байгууллагатай хамтран ажиллах, Нийгмийг эрүүлжүүлэх хөдөлгөөнд нэгдэж, нийгэмд ялгаварлан гадуурхах үзлийг арилгах, хүн бүр ижил тэгш эрхээ эдэлж хариуцлагатай нийгмийг бий болгоход хувь нэмэр оруулах, ижил төсөөтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтран ажиллах чиг үүргээр үйл ажиллагаа явуулдаг.

“Эх нутгийн газар” /5478332/ Ашгийн төлөө бус хоршоог 2011 оны тавдугаар сарын 9-нд үүсгэн байгуулалцаж явсан. Энэ нь жимс жимсгэнэ тариалах, газар тариалан эрхлэх үйл ажиллагаа явуулдах зөвшөөрөлтэй.

“Монголын элэг цөс нойр булчирхайн нийгэмлэг” /8167494/ Ашгийн төлөө бус Гишүүддээ үйлчлэх ТББ –ыг 2015 оны хоёрдугаар сарын 27-нд үүсгэн байгуулалцсан байна. Энэ ТББ нь дуудлагын жолоочийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авчээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.7 ДАВАА № 154 (6631)