Ч.ҮЛ-ОЛДОХ
Физикч, ардчилагч, Монголын Социал Демократ намыг үүсгэн байгуулагчдын нэг гэдгээр олны сайн мэдэх Монгол Улсын гавьяат багш Лосолын Бямбажаргалыг “Амьдралын тойрог” булангийн зочноор урилаа.
Холын цэнхэр Говь-Алтайгаас холхи алсад
Хол, ойрын хэнд ч үлгэрийн орон мэт төсөөлөгдөж, хэн хүний дотор очиж үзэхсэн гэх хүслийн галыг нууцхан өрдөж магад зүүдэнд нь мөнх сэрүүн өндөлзөж оршдог нутаг бол Алтайн цэнхэр хязгаар. Арга ч үгүй биз. Эртний домогт Засагт ханы хөх эрчүүдийн түүхтэй зар нь хамт түгэж, хожим Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Санжийн Пүрэв агсан “Цал мөнгөн Алтай”, “Азын цэнхэр уул” гээд олон зохиол бүтээлдээ өсч төрсөн нутгаа яруу сайхнаар мөнхлөн дүрсэлсэн нь хэдэн зуун дамнан хүний сэтгэлийг соронздон татах их ид шидийг оршоожээ.
Ийнхүү онцлон дурдахын учир нь “Амьдралын тойрог”-ийн зочин маань холын цэнхэр Алтайн уугуул, айлын тав дахь хүүхэд юм. Аав, ээж нь Чандмань сумын уугуул, нэг голын хүмүүс бөгөөд эхний дөрвөн хүүхэд нь Чандмань суманд мэндэлсэн бол отгон хүү Л.Бямбажаргал нь Говь-Алтай аймгийн төв Алтай хотод төрж өсчээ. Тухайн үед аймгийн төвд орос эх баригч ажиллаж байсан тул ээж нь “Хэл мэдэхгүй хүний ээлжин дээр төрөхгүй” гэж хичээж байсан түүхтэй. Гэтэл Октябрийн баяраар орос эмч нь жижүүрт гарч таарч отгон хүүгээ төрүүлсэн гэдэг. Тэрбээр дөрөв таван настайгаас тоо бодож, уншиж сурсан болохоор орсон гарсан хүмүүс өхөөрдөн “Сургуульд орох болж” гэсээр зургаан настайдаа сургуулийн босгоор алхсан. Гэвч даахьтай бор хүүгийн үснээс зүггүй хүүхдүүд чангааж уйлуулаад байсан тул аав ээж хоёр нь сургуулиас гаргаж, найман настайд нь оруулжээ. Тэр жил Зөвлөлтийн бэлгийн анхны сургуулиуд байгуулагдаж эхэлсэн тул Л.Бямбажаргал түүнд орсон анхдагчдын нэг болсон байна.
Сурагч болсон хөөр баяр удалгүй ээжийгээ алдсан гашуун нулимстай холилдож, орсон ч гарсан ч аавыгаа дагах болсон хүү алхам алхмаар амьдралыг таньж хэрсүү суув. Түүний аав сургууль төгсөөгүй ч аймгийн төвд худалдаа бэлтгэлийн удирдах газар, бөөний бараа баазын нягтлан бодогчоор ажиллаж, тэтгэвэрт гарахдаа Модны үйлдвэрт нягтлан хийсэн нутгийнхан нь ня-бо Лосол гэлцдэг. Ээж Д.Чойжмаа нь хүүхдүүдээ өсгөхийн зэрэгцээ цэцэрлэгийн эрхлэгч, худалдагчаас өөр ажил эрхлээгүй. Хожим Говь-Алтай аймгийн төвд “Үнэ хямдарсан барааны дэлгүүр”-т ажиллаж байгаад бурхан болжээ. Хүүхдүүдийн хамгийн том эмч, нь дараагийнх нь зоотехникч, генетикч, нягтлан бодогч мэргэжил эзэмшсэн бол отгон хүү нь физикч Л.Бямбажаргал юм.
Улаан бүчтэй багш

Говь-Алтай аймгийн 1-р 10 жилийн сургуулийн сурагч
Л.Бямбажаргал/хувийн архиваас/
Түүний хувьд дунд сургуулиас физикийн шинжлэх ухаанд шимтэн суралцсан бөгөөд тухайн үе \1960-1970 он\-д Монгол даяар сургуулийн захирал, эсвэл хичээлийн эрхлэгч нь физик, математикийн багш байдаг бичигдээгүй дүрэм үйлчилж байв. Математикийн хичээлд сайн хүүхдийг бусад багш нар шахахгүй. Тухайлбал, манай нийтлэлийн зочин дуу хөгжмийн хичээл дээр онц сурах хүн биш \өөрийнх нь хэлснээр\ солгой хоолойтон. Гэсэн ч багш нь “Хичээлдээ сайн юм” гээд онц тавиад өгнө. Өөрөөр хэлбэл, нийгэм нь фикик, математикийн шинжлэх ухааныг шүтсэн цаг үе байв. Монгол Улсад шинэ техник, технологи асар хурдтай орж ирж байсан учраас тухайн мэргэжлийн нэр хүнд ч өндөр байсан хэрэг. Түүнийг дагаад физик, математикийн багш нар мөн хүндтэйд тооцогдоно. Тэд машины мотор цохисон байвал жолоочид нь учрыг хэлээд өгчихнө, нар сар хиртэхэд ямар учиртайг тайлбарлачихдаг нэг талаас фикизийн, нөгөө талаас байгалийн ухааны суурьтай болохоор нийгэмдээ хүндлэгдэхээс ч яах билээ. Физик, математикийн шинжлэх ухаанд арын хаалга гэгч зүйл тэр үед байсангүй. “Идэвхтэй юм” гээд онц тавиад өгөх боломж байхгүй. Багш нар хүүхдүүдийг нам суулгаж байгаад тоог нь бодуулна. Чадсан нь онцсайн, чадаагүйнх нь авдаг дүн бас бий. Тийм болохоор энэ төрлийн хичээлд ямар нэгэн хөндлөнгийн нөлөө байсангүй. Хожим энэ нь 1990-1996 онд тодорхой харагдсаны бодит жишээ нь Б.Даш-Ёндон, П.Нямдаваа Р.Гончигдорж, Н.Алтанхуяг гээд багш, эрдэмтэд анхны парламентын гишүүн болж байв.
Математик өөрөө шинжлэх ухааны хэл гэж энэ салбарынхан үздэг бол одоо хэрнээ түүнийг шинжлэх ухаан, мөн эсэхэд эрдэмтэд маргадаг. Гэвч энэ хэлийг эзэмшихгүйгээр ямар нэгэн шинжлэх ухааны мэдлэгийг эзэмшихэд учир дутагдалтай. Гадаадын улс орнуудын жишигт тухайн шинжлэх ухаанд суралцахад математик хэдий чинээ хэрэглэж байна тэр мэдлэг илүү шинжлэх ухаанч чанартай болж байна гэж үзэх нь бий. Хамгийн их тоо, томъёо ордогоос үзвэл физик шинжлэх ухаанч чанараараа тэргүүлдэг. Энэ бүхнийг дурдахын учир физикч болох нь авьяасын хэрэг бөгөөд сайнхан бичихийн тулд хэн нэгнийг дууриаж бичсээр байгаад сурахтай огт адилгүйг хэлэх гэсэн юм. Харин одоо дээрх санаагаа товчлон Л.Бямбажаргалын физикч болсон түүхийн эхнээс сөхвөл тухайн үед тоонд сайн улаан бүчтэй хүү багш нартайгаа зэрэгцэн үеийнхэндээ багшилсаар аравдугаар ангиа төгсч конкурс өгөөд Эрхүү хотын улсын их сургуульд физикч мэргэжлээр гадаадад суралцах хуваарийг авчээ. Түүнээс өмнө ч, хойно ч Говь-Алтайгаас энэ мэргэжлээр гадаадад суралцсан хүн байхгүй. Тийм болохоор тэрбээр энэ нутгаас төрсөн цорын ганц физикч бөгөөд тухайн үед хэлний бэлтгэлийг дамжилгүй үндсэн ангидаа шууд орж, өдрийн ангийг онолын физикч, оройн ангийг философич мэргэжлээр тус, тус төгсчээ.
Эрхүүг зорьсон эрх хүү
Айлын отгон хүүхэд учраас түүнийг ах эгч нараас нь гадна олон хүн эрхлүүлнэ. Дөнгөж найман нас хүрэх үед ээж нь бурхан болсон тул өвөө, эмээ хоёр нь түүнийг харах гэж Чандмань сумаасаа аймгийн төв рүү нүүж иржээ. Хүүхдүүд нь бага байсан учир хань түшиггүй аавд нь ч хэцүү байсан нь мэдээж. Л.Бямбажаргал багаасаа амьтанд хайртай, юу л бол авчраад тэжээчих санаатай. Нэгдүгээр ангид байхдаа хашаандаа тахиа тэжээж үзэв. Өөрийн идэхээс илүүчлэн боорцогны өөдөс, шар будаа өгнө. Намар хамаатны ах нь тарианд явж ирэхдээ шуудай будаа бэлэглэснээр гэнэт баяжсан хүү модон дээр гарч суугаад тахиандаа будаа цацаж өгөөд байтал азарган тахиа нь үхчихэв. Анхнаасаа өлөн зэлмүүн байж ирсэн тахианууд гэнэт цадах аюултайг яаж мэдэх вэ. Ингээд үлдсэн хэдийг нь тахианы аж ахуй руу өгч орхив. Дараа нь нохой тэжээв. Эхэндээ энд тэндээс тэнэмэл гөлөг чирж ирээд байсан тул аав нь Говь-Алтайн Дэлгэр сум руу ажлаар явахдаа хүүдээ монгол банхарын гөлөг авчирч өгчээ. Тэгээд “За миний хүү чи хэлийг нь мэдэхгүй амьтан тэжээж байгаа учраас өөрөө хоолоо идэхээсээ өмнө нохойныхоо хоолыг өгч бай” гэж сургажээ. Харин хүү дотроо нохойндоо гоё нэр өгнө дөө гэж бодоостой. Гэтэл жижигхэн биетэй хариугүй амьтныг хүн болгон “Наад муу хар гөлөг чинь нохой болж чадах нь уу” гэж ярьсаар нэг мэдсэн “Муу хар” гээд нэршчих нь тэр. “Муу хаар” гэж дуудсаар тэр нь сунжирч сүүлдээ “Муар” болж хувирчээ.
Ах, эгч нар нь амьдралын салаа замаар таран одож, аавтайгаа хоёулхнаа үлдээд байсан болохоор Л.Бямбажаргал аравдугаар ангиа төгсч Эрхүү хотын улсын их сургуулийг зорихдоо сэтгэлийн ихээхэн хямралтай явсан гэдэг. Тухайн үед аав нь ах дүү нартайгаа хамтран үдэлтийн бяцхан “банкад” хийж жаахан халамцуу хүүгээ онгоцонд суулгаж өгчээ. Цонхоор харахад онгоцны сэнс эрчээрээ эргэлдэж байхад аав нь ойртож хэд алхаад гараараа даллаад зогсч байгаа харагдаж. Тэрийг харсан хүүгийн дотор эрдэм сураад ирнэ гэхээс илүүтэй “Аав минь халамцуу байна даа, гэртээ харина байгаа. Ширээн дээр овоолоостой аяга тавагнууд үлдсэн, тэр юу болох бол. Аав миний банхарын хоолыг тааруулж өгнө байгаа. Хол ойр явахдаа хоолыг нь өгөхөө мартах вий” гэсэн бодол төрж насны сүүдэрт дарагдаж яваа аавыгаа өрөвдөхийн зэрэгцээ банхартаа хоргодон нулимс дуслуулж байжээ. Гэвч “Муар” түүнийг оюутан болсон он жилүүдэд ч мэнд сайнаар барахгүй сургуулиа төгсөөд ирэхэд нь Алтайхан андахгүй том биетэй хоточ банхар болчихсон байсан гэдэг. Өдгөө Говь-Алтайн Дэлгэр суманд Муарын удам тасраагүй, энэ нутгийг жинхэнэ монгол банхарын орон хэмээн мэдэх хүмүүс нь ярилцдаг юм билээ.
ЗХУ-ын Перестройкийн үеийн оюутан
Оюутан Л.Бямбажаргалын он жилүүд тун сонирхолтой өнгөрчээ. Орост очоод удаагүй байтал төр, засаг нь өөрчлөгдөв. Леонид Брежнев нас барж, дараагийн удирдлагууд ч удалгүй солигдов. Тэр үеийнхэн “Брежнев байхгүй бол АНУ маргааш нь л дайраад орно” гэж дайны байдлыг ярих. Түүний дараа Андропов, Черненко гээд удирдлагууд нүд ирмэхийн зуур солигдов. Удалгүй Горбачев гарч ирж өөрчлөн байгуулалтын үе эхэлжээ. Хаалттай байсан хэвлэл, хэлмэгдүүлэлт гэхчлэн олон зүйл ил гарав. Гэвч бүх үйл явц эдийн засгаасаа түрүүлээд явчихсан учраас хүмүүсийн эрэлт хэрэгцээ доголдсон тал бий. Тэр үйл явдлын давалгаа Монголд 1990-ээд онд эхэлсэн нь Цагаан морин жилийн хувьсгал байсан юм. Түүний хувьд Эрхүүгийн улсын их сургуулийг физикч мэргэжлээр төгсөхдөө оройгоор Намын дээд сургуулийн философийн ангийг дүүргэж, 1987 онд хоёр дээд сургууль онц төгсөөд Монголдоо иржээ. Физикийн шинжлэх ухаанд түүний хийсэн судалгааны сэдэв нь “Сансрын туяаны хэт их энергитэй неитрино бөөмийн урсгалыг судлах” юм. Энэ сэдэв өнөөдөр ч шинэлэг, сонирхолтойд тооцогддог. Энгийнхээр бол орчлон хорвоо хэрхэн үүссэн бэ, юунаас тогтов, бид түүнийг бүрэн таньж мэдэж чадаж байна уу, үгүй юу гэдэгт хариу өгөх учраас хүн төрөлхтний мөнхийн сэдэв байхаас ч яах вэ. Тухайн үед түүнийг ЗХУ-ын дээд боловсролын хорооноос аспирантурт үргэлжлүүлэн суралцуулахыг хүссэн ч арын хаалга, танил талгүй хөдөөгийн бор хүүгийн талаар Монголын дээд боловсролын хороо хариу өгөөгүй учир төгсөөд шууд ирж, Ховд дахь УБДС-д багшлах томилолт өвөртлөн баруун хязгаарыг зорьжээ. 1989 оноос ШУА-ийн Физик-техникийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ирж мэргэжлээрээ ажиллахаар зориг шулуудаад байтал Ардчилсан хувьсгал гарч өөрийн найз, физикч Д.Орлохын хамтаар босогчдын эгнээнд татагдан орсноор ардчиллын замд шуударчээ.
Босогчдын эгнээнээс Социал демократ үзэл рүү

Тухайн үед МУИС-ийн хуулийн багш байсан хамаатны ах Р.Нямдоржийнхоо өрөөнд очиж туг, лоозонгоо нууж тавина. “Малыш” Б.Энхтүвшин туслах нь гээд үүдэнд нь сууж байх. Р.Нямдорж өөрөө физикийн анги төгссөн хүн бөгөөд “Хойд байраар хэдэн гайгүй хүн байх шиг байна, тэдэнтээ нийлбэл зүгээр юм” гэхэд нь очсоноор Д. Ламжав, А. Хашбааатар нарын багш нартай уулзаж, Социал демократ хөдөлгөөнийг анх байгуулжээ. Мөн тэдний хажууд хоёр хүн сууж байсан нь С.Цацралт, Д.Цэнддоо нар байсан бөгөөд “Бид та нарын хажууд сууж ер нь болох юм болов уу” гэж асуухад нь “Нуух юмгүй” гэснээр Их сургуулийн гуравдугаар байранд хамтдаа сууцгааж байжээ. Физикч Л.Бямбажаргал энэ үеэс хөдөлгөөнийхний бичиг баримт дээр нэлээд сууж ажилласан байна. Социал Демократ үзэл санааны гол удирдагч Баабар, Д.Ламжав, Р.Гончигдорж, П.Улаанхүү нарын бичсэн материалууд тус тусын онцлогтой. Баабар бол төгс бичнэ, нэг үг солиход түүнийх биш болчих гээд ярвигтай. Д.Ламжав, Р.Гончигдорж хоёрын бичсэн материал өвөрмөц. Р.Гончигдоржийнх өгүүлбэр нь дуусдаггүй, тийм болохоор засч болдоггүй. Д.Ламжав багшийнх нэг үг, эсвэл нэг өгүүлбэр засахад логик нь алдагдчих гээд хэцүү.
1990-1991 онд Л.Бямбажаргал “Үг” сонины редакцид хэсэг ажиллав. 1992 онд Социал демократ намын дэд даргаар сонгогдож, түүнээс хойш дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж, 1996 он хүртэл гадаад харилцааг нь хариуцан ажиллав. Нам, улс төрийн ажил руу орсноос хойш тэрбээр төрийн албанд нэг ч ажиллаагүй. Хамтран зүтгэгчид нь сайд, дарга болсон ч мань хүн намын гал тогоонд үлдэж 1999 онд ажлаа хүлээлгэн өгснөөс хойш Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын зөвлөхөөр ажилласан. 2000 оны сонгуульд ардчиллынхан навс ялагдаж гудамжинд гарсан тул судалгааны ажил руугаа эргэн орж Байгаль дахь шугаман бус үзэгдлийн судалгааны багт орж, Монгол дахь цөлжилтийн эсрэг судалгааг 2003-2012 онд хийжээ. Дараа нь Баабар толь бичиг хийх ажилд урьж, энэ чиглэлд хэсэгтээ хамтран зүтгэв. 2015 оноос Физик-Технологийн хүрээлэнд мэргэжлээрээ ажиллаж, батлан хамгаалах салбарын зарим ажлуудад ч оролцжээ.
Физикч Л.Бямбажаргалын тухайд “Ардчилалд булаагдчихаагүй бол Монголын Шинжлэх ухааны салбарт ихийг хийж бүтээх байсан хүн дээ” гэсэн үгийг зарим хүний амнаас сонсч байв. Түүний зэрэгцээ “Ардчилалд үнэнч байж тууштай зүтгэсэн” гэж олон хүн дүгнэдэг юм билээ. Үүнийг батлах мэт тэрбээр “Хүмүүсийг сонсоод байхад социализмын үед хиам ямар сайхан байв аа” гэлцэх юм. Миний хувьд тэр нь хөдөө ирэхдээ чулуу шиг юм болоод ирдэг байсныг мэдэх юм. Зарим хүн “Дээр үед керолин ямар гоё байв аа, малыг ч мөн сайн угааж байсан шүү” гэх бололтой. Социализмын үед ийм байсан, тийм байсан хэмээн санагалзаж сайхан байсныг муухай болгосон мэтээр ардчиллынхныг муу хэлэх нь ч байна. Зарим нь ардчиллын 30 жилд улс орон сүйрсэн гэж харааж зүхэх ч энүүхэнд. Сүүлийн үед хүмүүсийн ойлголт ч бараг л тийм байсан гэх болжээ. Гэтэл ардчиллын 30 жилд улс орны ч, монгол хүний амьдрал ч өөрчлөгдсөн. Монгол хүний сэтгэхүй өөр болсон. Тэгсэн хэрнээ байнга ардчиллыг муу хэлж байх ёстой мэт. Үүнд би гомддог” хэмээн ярьж сууна лээ. Засаг ханы хөх эрчүүдийн нэг физикч Л.Бямбажаргал гэж элдэв чимэггүй, эгэл бөгөөд энгийн ийм л хүн бидний дунд алхаж явна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.8.7 ДАВАА № 154 (6631)