Ч.ЗОТОЛ
“Зууны мэдээ” сонин Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарын багш, Баянгол спорт хорооны боксын дасгалжуулагч, ОУХМ Б.Энхтайваныг “Ярилцах цаг”-ийн зочноор урьж ярилцсан юм. Түүний хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
-Оросын тамирчинтай учраа таарсныг хараад “Цэндээ бол Оросын тамирчныг ялна, харин ялалтаа луйвардуулчих вий гэж айж байсан. Гэтэл яг тийм зүйл боллоо”.
-Сая Цэндээ маань эхний хоёр үе хожсон. Гуравдугаар раундад битүү хамгаалаад, эсвэл зайнаас тоглох ёстой байсан. Үүн дээр авч явсан дасгалжуулагчдын алдаа гарсан. Монголын боксын холбоо алдаа гаргасан.
-Хоёр дахь тоглолтынх нь орой А.Гантулга дасгалжуулагчийг Б.Чинзоригийн хамт буцаачихсан юм билээ. Багшгүй тамирчин үлдэнэ гэдгийг би ойлгохгүй байгаа.
-Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөрийн хувьд сүүлийн 20 жил Монголын боксоос хол байсан хүн.
- Сүүлийн үед хэдэн залуус Монголын боксын холбоог авчихлаа. Залуу хүн авч байгаа нь болж байна. Гэхдээ ахмадуудаа сонсохоо байчихаж.
-Монголын боксын шигшээ багт боксын спортод ид хүчээ сорьж байгаа тамирчдынхаа хэнийг нь ч танихгүй, мэдэхгүй залуучуудыг оруулаад ирсэн.
-Тоолуулахаар цохилт аваагүй байхад тоолж байгаа нь “но”-той. Харж байгаа хүмүүст үзэмж алдуулах гэсэн муу арга хэрэглэв үү гэж бодогдсон.
-Оросын тамирчин бол маш муу ажиллагаатай байсан. 60 кг-аас жин хассан юм билээ, гэхдээ л тоглолтын хувьд маш муу байсан, сэргэлтийн хувьд ч тэр.
- 1988 онд Цэрэндоржийн Амаржаргал рингэн дээр ялалтаа авсан ч маргааш нь ялалтыг нь буцаачихсан тохиолдол гарсан. Тэр бол олимпод гарсан маш том луйвар.
- Оросууд манайхныг луйвардаад бүр сурчихсан. 1997 онд Т.Үйтүмэн ОХУ-ын тамирчинтай тоглоод ялсан атал ялалтаа луйвардуулчихсан. 2005 онд Э.Бадар-Ууган Оросын тамирчинтай, 2015 онд Г.Ган-Эрдэнэ мөн ОХУ-ын тамирчинтай таараад ийм юм болсон.
- Ази тивийн хошой аварга Х.Алтанхуяг багш над руу яриад “Харамсалтай юм болж байна” гээд уйлж байна лээ, би ч уйллаа. Тийм ялалт авчихаад ялалтаа алдана гэдэг харамсалтай шүү дээ.
--Цэндээгийн хувьд 57, 60 кг-д тоглоход өөрөө бол нуруугаар тийм ч өндөр биш. Тэгсэн хэрнээ тэр хүүхдийн сэтгэл зүрх асар өндөр.
-Ирэх 10-11 дүгээр сард Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Сербид болно. Гэхдээ жин бол 60 кг-д байгаа.
-Би амьд сэрүүн телевиз хараад сууж байхад Монголын боксын холбооны зарим түшмэл “Цэндбаатарын багш бол О.Батхүү” гээд ярьж байна лээ.
- Монголын боксынхон хоорондоо асуудлаа ярьдаггүй нь алдаа. Хэдэн хүн хоорондоо яриад шийдчихдэг.
- Өнөөдөр Монголын боксдод дутагдаж байгаа зүйл бол дасгалжуулагчдын зөвлөл гэж алга. Түүнийг нарийн бичиг нь шийддэг буруу тогтолцоотой болсон.
Эх сурвалж: www.polit.mn