Төрийн албаны 2025 оны нэгдүгээр улирлын ерөнхий шалгалтад улсын хэмжээнд 4041, үүнээс нийслэлд 1703 иргэн бүртгүүлжээ. Бүртгэгдсэн иргэдийн тооноос хамаарч төрийн албаны ерөнхий шалгалтыг нийслэлд гуравдугаар сарын 12-14-нд, есөн аймагт 12-13-нд, 12 аймагт 12-ны өдөр зохион байгуулах юм. Нийслэлд Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт, аймгуудын хувьд төрийн албаны салбар зөвлөлөөс товлон зарласан газарт шалгалт авна. Шалгалтад оролцогч иргэний үнэмлэхтэйгээ шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирж, танхимд суудлаа эзлэх шаардлагатай. Иргэний үнэмлэхээ шалгуулж танхимд нэвтэрнэ. Товлосон өдөр, цагаас хоцрохгүй байхыг анхааруулж байна. Шалгалтад орох иргэд exam.csc.gov.mn цахим системийн "БҮРТГЭЛД ХАМРАГДСАН ИРГЭД" цэс рүү орж, хаана, хэдний өдрийн хэдэн цагт шалгалт өгөх товоо мэдэх боломжтой.

Хэрвээ нэвтрэх эрх, нууц үгээ мартсан бол шалгалтын цахим системд ДАН-аар нэвтрэн нууц үгээ солино.