М.ОЮУНТҮЛХҮҮР

Хөл хорионы үе өсвөр насныхны сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж байгаа талаар сэтгэлзүйч, Үлгэрийн сэтгэц засалч С.Хулантай ярилцлаа.

 

-Хөл хорио хүүхдүүдийн амьдрал, сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Бид бие биенийхээ инээмсэглэсэн царайг харахгүй, хоорондоо гар барихгүй, тэврэлдэхгүй, баяр наадам тэмдэглэлт өдрүүдээр зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглээд хоёр жилийн нүүр үзэж байна. Энэ нь хүүхдийн нийгэмшил, бусадтай дасан зохицох, бусдыг ойлгох чадварт сөргөөр нөлөөлж байна. Өмнө нь бид хүүхдүүдээ аль болох гадаа гарч олон хүүхэдтэй тоглоосой найзлаасай гэж хүсдэг байсан бол одоо “Гэртээ бай, хүмүүсээс хол бай, хүүхэдтэй битгий тогло, маскаа зүү” гэх мэт шаардлагыг тавих болсон. Мэдээж хүүхдийн эрүүл мэнд аюулгүй байдал чухал байгаа ч том болоод бие биенээ ойлгох чадвар дутмаг бүхэл бүтэн нэг үе бий болох вий гэж мэргэжлийн хүний хувьд санаа зовниж байна.

-Хүүхдийн нийгэмших үйл явц хаана илүү сайн өрнөдөг вэ?

-Хүн нийгмийн амьтан болохоор бусдаар хүрээлүүлж, хайрлуулж, хүндлүүлж байж л сэтгэл хангалуун амьдардаг. Харин нийгэмших чадварт аль болох л багаасаа суралцвал сайн төлөвшинө. Ялангуяа 0-3 настай хүүхдийн ээнэгших, өөртөө болон бусдад итгэх, өөрийгөө илэрхийлэх, бусдыг ойлгох, асуудлыг даван туулах зэрэг сэтгэлзүйн үндсэн суурь чадварууд хөгжиж, таван нас хүртэл нийгэмшихүйн үндсэн суурь тавигддаг гэж үздэг.  Харамсалтай нь сүүлийн үед ковидын хөл хорионоос үүдээд цэцэрлэгт хамрагдах насны хүүхдүүд цэцэрлэгт орж чадахгүй гэртээ байж, нийгмийн харилцаа зөвхөн гэр бүлийн гишүүдтэй хязгаарлагдаж байна. Энэ нь хүүхдийн нийгмийн хэрэгцээнүүд хангагдахгүй,  хүүхдийн сэтгэлзүйн суурь чадварууд хөгжих боломжийг хязгаарлаж байна.

Жишээ нь, Цэцэрлэгт анх орж байгаа хүүхдүүд бол олон янзын зан ааштай хүүхэдтэй харилцаж, тэднийг ойлгож өөрийгөө зөв илэрхийлэх, багшийн хичээлд сууж үзэх, цэцэрлэгийн дүрэм журамд захирагдахаас өгсүүлээд маш олон зүйлд суралцаж өөрийгөө шинээр нээж, саад бэрхшээлийг даван туулж, нийгэмшиж байдаг. Энэ нь хожим  нийгмийн хэм хэмжээнд захирагдахын зэрэгцээ өөрийн хүслээ зөв зүйтэй илэрхийлж, зохицуулж сурахад тус дөхөм болдог.  Сургуулийн насны хүүхдийн хувьд сэтгэн бодох сурч хөгжих суурь бага ангид тавигдана. Энэ жил 3-р ангид орох хүүхдүүд бол 1-р ангиасаа эхлээд сургуульд суугаагүй хүүхдүүд байгаа. Хичээл орж эхэлвэл багш эцэг эх хүүхэд гурвууланд нь маш их ачаалал үүсэх болов уу.  Зарим эцэг эх хүүхдээ хоцрох вий гэж санаа зовж стандартаас илүү хичээл зааж өгсөн байхад, зарим хүүхэд бол цахим теле хичээлдээ бүрэн хамрагдаж чадаагүй очиж болно. Ингэхээр нэг ангийн хүүхдүүдийн дунд нэлээд ялгаатай байдал үүсч магадгүй. Иймээс хэн хэн нь сэтгэлзүйн хувьд бэлтгэлтэй байхыг зөвлөж байна.

Өсвөр насны хүүхдүүдийн хувьд найз нөхөдтэйгөө харилцах хэрэгцээ хангагдахгүй болохоор хэт их дэлгэц сошиал хэрэглээ өндөр байна.  Энэ насны хүүхдүүд бусдаар хүлээн зөвшөөрүүлэх хэрэгцээ их байдаг болохоор ойр тойрны хүмүүс нь аль болох сонсох ойлгохыг хичээх хэрэгтэй. Гэтэл энэ насны хүүхдийг эцэг эхчүүд том болчихсон гээд бүр тоохоо больчихдог нь хамгийн буруу гэж боддог. Миний бодлоор бол бага насны хүүхдээс дутахгүй анхаарал тавьж асууж ярилцах хэрэгцээ тэдэнд байдаг.

-Хөл хорионы улмаас сэтгэл зүйн хувьд асуудалтай тулгарсан хүмүүсийн тоо нэмэгдсэн үү? Тэдэнд ихэвчлэн ямар асуудал бэрхшээл тулгарч байна вэ?

-Хөл хорионоос үүдээд нийт хүн амын гурван хүн тутмын нэг нь сэтгэлзүйн тулгамдсан асуудалтай болоод байна.  Насанд хүрэгчдийн сэтгэл түгшилт хөл хорионы өмнө 11 хувь байсан бол 41 хувь болж, үндсэндээ дөрөв дахин ихэссэн гэсэн тоо баримт бий. Тэгэхээр эцэг эхчүүд өөрсдөө сэтгэлзүйн тогтворгүй байдалд орохоор хүүхдүүдээ анхаарахад хүндрэлтэй болж байна. Мөн саяхны нэг судалгаанд “Өмнө нь эцэг эхчүүд зав муутай ч оройдоо ч юмуу эсвэл амралтын өдрүүдээр хүүхдүүддээ чанартай цаг зарцуулж хамтдаа цагийг зугаатай өнгөрүүлж байсан бол хөл хорионы үеэр эцэг эхчүүд гэртээ хүүхэдтэйгээ өдөржин байсан ч хүүхэдтэйгээ хамт байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэхгүй, гар утас зурагт үзэх гэх мэтээр өөр зүйлд анхаардаг болсон” гэж хүүхдүүд дүгнэж байна.

-Өсвөр насныхны сэтгэл зүй олон зүйлээс хамааралтайгаар тогтворгүй болж, стресстэж, сэтгэл гутралд өртдөг байх. Үүнээс зайлсхийхийн тулд эцэг эхчүүд юун дээр анхаарах нь зүйтэй вэ?

-“Хүүхэд юм чинь өлсөхгүй даарахгүй л байвал болоо.   Хүүхэд байж юундаа стресстдэг юм” гэсэн ойлголтууд эцэг эхчүүдийн дунд анзаарагддаг. Хүүхэд ч бас стресст орно сэтгэл санаа нь хямарна, айна түгшинэ гомдоно. Гэхдээ том хүн шиг сэтгэл хөдлөлөө ойлгож илэрхийлж дадаагүй байдаг. Тийм болохоор шийдэгдэхгүй байгаа сэтгэлзүйн асуудлууд нь үйл хөдлөл, зан үйл болж илэрдэг. Иймээс хүүхэд өөрөө ч ойлгохгүй, илэрхийлж мэдэхгүй байгаа тэр сэтгэл хөдлөлийг нь эцэг эхчүүд ойлгож мэдэрч, дэмжиж өгөөсэй.  Үүний тулд өдөрт багахан цагийг хүүхэддээ гаргаад, анхааралтай сонсоод сурчихвал уг нь асуудалгүй.  Жишээ нь үлгэр. Манай ард түмэн эртнээсээ л үлгэр домог зүйр үгээр хүүхэд багачуулаа хүмүүжүүлж ирсэн уламжлалтай. Үлгэр бол гэр бүлийн хүрээнд хүүхдэд тохиолдож буй асуудлыг эерэгээр шийдэх боломжтой хүмүүжлийн хамгийн үр дүнтэй бас хамгийн энгийн арга юм. Мөн гэр бүлийн уур амьсгал аав ээж ах эгчийн хооронд халуун дулаан харилцааг бий болгоод зогсохгүй монгол хэл соёл, ёс уламжлал, зан заншлаа ойлгуулчихна. Олон давуу талтай л даа. Үнэхээр ойлголцохгүй өөрөө ч өөрийгөө ойлгохгүйд хүрвэл мэргэжлийн хүнд хандаж болно. Одоо үед бол харьцангүй ийм төрлийн үйлчилгээ элбэг болсон байна.

-Сэтгэл хямрах эмгэгтэй хүүхдүүдэд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Ууртай болох, шөнө унтахгүй байх, хумсаа мэрэх, гар хуруугаа ородох, бүр хүндэрвэл нүдний доогуур хөхрөх, огцом ууртай болдог. Бид нар стресст орохоор ууртай болдог шиг хүүхдүүдийн хувьд аав ээжийнхээ үгэнд ормооргүй санагдах, хэлсэн үгнээс нь зөрөх шинж тэмдэг илэрдэг. Сэтгэл тавгүйтээд бүр их удвал их хөлрөмтгий болдог. Тиймээс хүүхдээ их сайн ажиглах хэрэгтэй.

-Сэтгэл гутралд өртсөн хүүхэд эмчилгээ хийлгэхгүйгээр зүгээр болох боломжтой юу?

-Сэтгэл хямралын дараа сэтгэл гутрал үүсдэг. Өөртөө итгэх итгэл буурах, хүмүүстэй харьцахаас зайлсхийх, ганцаараа баймаар санагдах, улам дотогшоо болох буюу юм асуухаар ганц нэг үгээр хариулах, найз нөхөдтэйгээ нийлэхээ болих, залхуу болдог. Эмгэгтэй хүүхэд өөрөөрөө шууд эдгэрнэ гэсэн зүйл байхгүй. Тухайн хямрааж буй асуудал нь шийдэгдчихвэл яваандаа өөрөө зүгээр болчихож болдог. Жишээ нь, өөрөө ямар үед зүгээр болох уу гэх аргыг олох буюу ном унших, шинэ хоббитой болох, орчин солигдох гэх мэт. Хөл хорионы үеийн хүүхдүүдийн хувьд хичээл орчихвол тэр асуудал нь шийдэгдэх, түгшүүртэй байдал нь багасчихна.

Эх сурвалж: www.polit.mn