Т.БАТСАЙХАН
УИХ өнгөрсөн тавдугаар сарын 6-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Өмнөх Хоршооны тухай хуулийг 1998 онд баталж, 2002, 2004, 2005, 2011 онд тус тус зургаан удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байжээ.
Хоршоо гэж юу вэ?
Хоршоо нь өрхийн жижиг бичил бизнесээр хязгаарлагдахгүй, бүс нутаг, тухайн сум, баг, аймаг, дүүргээрээ нэгдэж, хөдөлмөрөөрөө хоршин, орлого, ашгаа нэмэгдүүлэх боломж бөгөөд хүн амын ядуурал, ажилгүйдэл, ялангуяа, хөдөө орон нутгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулах боломжтой салбар юм.
Хоршооны тухай хуульд оруулсан онцлох найман өөрчлөлт
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагч нь хоршоог үүсгэн байгуулах тухай шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ”
Анхан шатны хоршоог есөөс дээш иргэн байгуулах, дундын хоршоог хоршоо, хуулийн этгээд хамтран байгуулах, Хоршоод холбоо байгуулах, Нэгдсэн хоршооллын холбоо байх зэрэг асуудал тусгагдсан. Ингэснээр хоршооны гишүүдийн тоог тодорхой болгож, хоршоод хоршиж үйл ажиллагаа явуулах, суралцах, хамтран хөгжих боломж бүрдэнэ гэж үзжээ.
Хоршооны өөрийн хөрөнгийг тодорхой болгож, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулахаар заасан. Ингэснээр хоршоо эдийн засгийн харилцаанд идэвхтэй оролцох, эд хөрөнгийн эрхээ хэрэгжүүлэх, банкнаас зээл авах олон боломж бүрдэнэ.
Хоршоо гишүүддээ ашиг хувиарлах зохицуулалтгүй байсныг өөрчилж, гишүүддээ ашиг хувиарладаг байхаар тусгасан. Ингэснээр хоршооны гишүүд хоршооны үйл ажиллагаанд илүү идэвхтэй оролцоно. Хоршооны гишүүнийг сургалтад заавал хамруулах, хоршоодод үйл ажиллагаагаа явуулахад туслах сургалтыг мэргэжлийн холбоод, Нэгдсэн холбоо зохион байгуулах гэх мэтчилэн дэмжих чиглэлийн зохицуулалтууд орсон.
Хоршоод компани, аж ахуйн нэгжтэй адил хэмжээгээр орлогын татвар төлж байгаа нь хоршоог хөгжүүлэхэд бас нэг саад болж байсан. Хоршооллыг дэмжих зорилгоор татварын ялгаатай, хөнгөлөлттэй бодлого барина.
Хоршооны эрхлэх үйл ажиллагааны хүрээг нэмэгдүүлсэн. Хуулиар хориглоогүй, дүрэмдээ заасан бүх л үйл ажиллагааг эрхлэх боломжтой болсон.
Хоршоо, хоршооны гишүүдийг эрсдэлээс хамгаалах зорилгоор Хоршоонд хөрөнгө оруулалт хийх, Хоршооны хөгжлийн сан, Болзошгүй эрсдэлийн санд хөрөнгө төвлөрүүлэх, зарцуулах зэрэг нарийвчилсан зохицуулалтууд тусгагдсан.
Хоршооны эрх, үүрэг, хоршооны гишүүний эрх, үүргийг нарийвчлан зааж мөн төр ямар чиг үүрэгтэй оролцохыг тодорхой болгосон. Бүх гишүүдийн хурал, хяналтын зөвлөлийн хурал гэх мэт хоршооны үйл ажиллагаа болон удирдлагатай холбоотой процессын үйл ажиллагааг мөн нарийвчлан зохицуулсан байна.
Экспертийн үг
УИХ-ын гишүүн С.Чинзориг: Хоршоог төрөөс бодлогоор зайлшгүй дэмжих шаардлагатай
-Өмнөх хуулиар хоршоод өөрийн гэсэн хөрөнгөгүй явж ирсэн. Гишүүдийн оруулсан хөрөнгө тухайн гишүүдийнх нь нэр дээр бүртгэлтэй байдаг учраас тэр. Харин хуульд хөрөнгөтэй байх заалтыг суулгаж өглөө. Мөн хоршооны зуучлалын үйлчилгээнээс нэмэгдсэн өртгийн албан татвар авдаггүй байх зохицуулалт хуульд орсон. Ноолууртай холбоотой асуудал бий. Ченжүүдэд зарчихаар татвар авдаггүй, хоршоо аваад зуучлаад үйлдвэрт борлуулахаар дамжуулан борлуулалт гэж тооцоод НӨАТ авдаг асуудлыг цэгцлэх ёстой. Цаашид хоршоог төрөөс бодлогоор зайлшгүй дэмжих шаардлагатай. Энэ хүрээнд өмнөх хуульд байгаагүй шинэ зүйл нь хоршооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу одоогийн ХХААХҮЯ-ны бүрэн эрх, нутгийн өөрөө удирдах байгууллага ямар чиглэлээр хоршоог дэмжих вэ гэдэг асуудал мөн хуулиар тодорхой болж байна.
Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан: Хоршоо өөрийн хөрөнгөө барьцаалж зээл авч болно
-Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар хоршооны талаарх төрийн байгууллагууд болон хоршооны дээвэр байгууллага, мэргэжлийн холбоодын үйл ажиллагааны чиглэл, эрх хэмжээ, чиг үүрэг тодорхой болсон. Нэгдүгээрт, татвар ногдох орлогыг тодорхойлох бүртгэлийн аргачлалд хоршооны үйл ажиллагааны онцлогийг тусгахаар зохицуулсан. Хоёрдугаарт, Хоршоо өөрийн хөрөнгөтэй болж санхүүгийн байгууллагаас зээл авах боломж бүрдсэн. Хоршоонд хөрөнгө оруулснаар үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой болсон. Гишүүдийн амьдралд бодит өсөлт, дэвшил гаргах, хуримтлал үүсгэх боломж нээгдсэн байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.8.5 ПҮРЭВ № 152 (6629)