С.УЯНГА

 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон улсад тав хоног айлчлаад ирлээ. Түүний гадаад дахь анхны айлчлал олимпийн нээлттэй давхцсан юм. Энэ удаагийн айлчлалын үр дүнгийн талаар Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогостой ярилцлаа.

 

-Ерөнхий сайд Токиогийн олимпийн нээлтэд оролцонгоо тус улсад айлчлаад ирлээ. Энэ удаагийн айлчлалын ач холбогдол, үр дүнг хэрхэн харж байна вэ?

-Ерөнхий сайдын айлчлал Монгол-Японы харилцаанд чухал үйл явдал боллоо. Айлчлалын ач холбогдлыг дараах хэдэн зүйлээр тодотгож, тодорхойлж болно гэж үзэж байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд Япон Улсад айлчилж байгаа нь гуравдагч хөршийн бодлогыг хэрэгжүүлэх үүднээс чухал ач холбогдолтой гэдгийг эхэлж онцлох нь зүйтэй. Хоёрдугаарт, Монгол-Японы харилцаа  онцлог, динамик харилцаа байдаг. Ер нь сүүлийн үед тогтоод байгаа уламжлалаас харахад жилд нэгээс доошгүй удаа төрийн гурван өндөрлөгийн түвшинд мөн Гадаад харилцааны сайд нар жилд хоёроос доошгүй удаа уулздаг болсон. Харамсалтай нь, ковидын цар тахлын эрсдэлтэй үед сүүлийн хоёр жилд манай хоёр улсын хооронд дээд түвшинд уулзалт, яриа хэлэлцээ явагдаагүй байсан.

Ер нь аль ч улс орны харилцаанд улс төрийн харилцаа, итгэлцэл их чухал байдаг. Улс төрийн итгэлцэл, улс төрийн харилцааг өндөр түвшинд авч явахад улс орны лидерүүдийн хоорондох харилцаа нөхөрлөл, манлайлал юугаар ч орлуулашгүй ач холбогдолтой. Тийм ч учраас сүүлийн хоёр жилд бид ковидоос болоод хэрэгжүүлж чадаагүй олон сэдвээр дээд түвшинд хоёр улсын гүйцэтгэх засаглалын тэргүүн нар уулзаж, албан ёсны уулзалт хийсэн нь Монгол-Японы харилцааг ойрын болон урт хугацаанд хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой зүйл болж байна.

Хоёр улсын Ерөнхий сайд нар  өргөн хүрээтэй асуудлаар ярилцсан. Мэдээж улс төрийн харилцаагаа улам идэвхжүүлье, айлчлалын давтамжаа бүх түвшинд нэмэгдүүлье, “Ковид-19” цар тахлын эрсдэл буурах үед эдийн засаг, хөрөнгө оруулалт, худалдааны хамтын ажиллагаагаа илүү их хөгжүүлэхээр ярилцсан. Ер нь, хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар ойрын бөгөөд хэтийн төлөвийн асуудлаар хоорондоо чиглэл, зорилтуудаа тодорхойлно гэдэг нь цаашдын харилцааны бүх салбарт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тааламжтай хөрс суурийг бүрдүүлж байгаа юм.

-Хоёр орны гүйцэтгэх засаглалын тэргүүн нарын уулзалтыг удаан хугацаанд үргэлжиллээ гэдгийг гадны хэвлэл онцолсон байсан. Цар тахалтай тэмцэх болон түүний дараах хамтын ажиллагааны талаар айлчлалын хүрээнд юу яригдсан бол? 

-Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлалын бас нэгэн чухал ач холбогдлыг тэмдэглэж хэлэх ёстой. Монгол-Японы харилцаа зөвхөн хоёр талын хүрээнд өрнөдөггүй. Энэ харилцааны чухал тулгуур баганын нэг нь яах аргагүй олон улс, бүс нутгийн тавцан дахь Монгол-Японы хамтын ажиллагаа юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон улсын Ерөнхий сайд Сүга Ёшихидэтэй уулзах үеэрээ олон улс, бүс нутгийн тавцан дахь Япон улсын гүйцэтгэж буй үүргийг Монгол Улс өндрөөр үнэлж, энэ чиглэлд цаашид хоёр улс бие биенээ үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа онцолсон. Японы тал мөн үүнийг талархан хүлээж авч, энэ чиглэлд хоёр тал идэвхтэй хамтын ажиллагаагааг үргэлжлүүлэхээр болсон нь энэ удаагийн айлчлалын заавал тэмдэглэх ёстой нэг ач холбогдол гэж бодож байна.

Ковидын эрсдэл хэвээр улс орны хүн ам, эрүүл мэндэд үзүүлж байгаа сөрөг нөлөөлөл бүх улс оронд адил тусаж байгаа. Тийм учраас энэ эрсдэлийг бид дэлхийн,бүс нутгийн улс орнуудтай хамтарч даван туулахаас өөр гарц байхгүй. Тийм учраас энэ удаагийн Ерөнхий сайдын Япон улсад хийж байгаа айлчлалаар ковидын дараах “new normal” хамтын ажиллагаа ямар байх вэ, ямар тэргүүлэх чиглэлд  хамтран ажиллах ёстой вэ. Аль болох хурдан ковидын өмнөх үеийн хамтын ажиллагаандаа эргэж очих, яавал бид илүү хурдан хамтын ажиллагаагаа сэргээж, хөгжүүлж болох вэ зэргээр хоёр тал ярилцаж байгаа. Цар тахлын дараах хамтын ажиллагааг чухалчилсан нь цаг үеэ олсон, энэ удаагийн айлчлалын ач холбогдлыг өндөрсгөж өгч байгаа бас нэг чиглэл гэж үзэж байгаа юм.

-Ирэх жил болох Монгол, Японы дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойгоор Японы эзэн хааныг Монголд урьсан. Ойтой холбоотой сэдвүүд хөндөгдсөн байх?

-Ирэх онд манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаа. Энэ ойг тэмдэглэхдээ өнгөрсөн 50 жилийн хугацаанд бид ямар амжилтад хүрэв, ямар зорилтуудыг хангав. Монгол-Японы харилцаа өнөөдөр ямар өндөр түвшинд хүрэв, юуны ачаар өндөр түвшинд хүрэв гэдгээ дүгнэхийн сацуу цаашид ирэх 50 жилд бидний харилцаа хамтын ажиллагаа ямар байх ёстой вэ гэдгийг эргэцүүлэх, хэлэлцүүлэх, хоорондоо ярилцах, тодорхойлох ач холбогдолтой жил болгохыг зорин ажиллаж байгаа.

Япон улсын Ерөнхий сайд Сүга Ёшихидэ манай Ерөнхий сайдтай уулзах үеэр их сайхан санаачилга дэвшүүлсэн. Монгол-Японы залуучуудын солилцоог дэмжье, ирэх 50 жилд хоёр орны харилцааг манлайлж, хошуучилж авч явах залуучуудыг хооронд нь нөхөрлүүлье, танилцуулъя гэсэн. Энэ үүднээс 2022 оныг “Хүүхэд залуучууд найрамдал солилцоо”-ны жилээр зарлах санал дэвшүүлсэн. Манай Ерөнхий сайд саналыг талархан хүлээж авсан. Тэгэхээр ирэх онд манай хүүхэд, залуус Монгол-Японы харилцаанд идэвхтэй оролцох нь байна. Энэ солилцооны ачаар олон япон найз нөхөдтэй болох нь гэж найдаж болохыг тэмдэглэн хэлэхийг хүсэж байна.

Бас нэг сайхан үйл явдлыг тэмдэглэж хэлэх нь зүйтэй байх. Монгол Улсын Ерөнхий сайд Япон улсын Цог Жавхлант Эзэн хаанд бараалхсан. Цог Жавхлант Эзэн хаан Нарухито Монгол Улсад маш элгэмсэг ханддаг. 2007 онд угсаа залгамжлагч хунтайж байхдаа манай улсад сайхан айлчлал хийж байсан. Энэ удаагийн айлчлалын үеэр Цог Жавхлант Эзэн хаанд бараалхах боломж манай Ерөнхий сайдад олдсон. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.7.27 МЯГМАР № 145 (6622)