Т.САЙХАН
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсад ажлын айлчлал хийх үеэр Япон Улсын Ерөнхий сайд Ё.Сүгатай албан ёсны уулзалт хийсэн юм.
Энэ үеэр Ерөнхий сайд Ё.Сүга Олимпийн наадмыг зохион байгуулах түүхэн сорилттой үед Монгол Улсын Ерөнхий сайд Япон Улсад биечлэн хүрэлцэн ирсэнд, мөн гадаад улс оронд хийж буй анхны айлчлалаа Япон Улсаас эхлүүлсэнд талархаж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд найрамдал, нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болгож акита үүлдрийн нохой бэлэглэжээ. Нохойг цар тахал намжих үед илгээхээ уламжилжээ.
Акита үүлдрийн нохой нь Японы Акита муж орчмоос гаралтай бөгөөд эр зориг, үнэнч сэтгэлийн бэлгэдэл гэдгээрээ алдартай. Эзнээ 10 жил хүлээсэн домогт Хачико нохой нь акита үүлдрийнх бөгөөд түүний үнэнч сэтгэлийг алдаршуулж Японы Токио хотын Шибүя дүүргийн төмөр замын өртөөнд Хачико хөшөөг босгосон байдаг билээ.
Эх сурвалж:www.polit.mn