Т.САЙХАН

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олимпод эх орноо төлөөлөн оролцохоор Япон улсыг зорьсон тамирчдад мэндчилгээ дэвшүүлснийг хүргэж байна.

Монголын олимпын баг, тамирчид аа!

Хүн төрөлхтний эв нэгдлийн илэрхийлэл, спортын цэнгэлийн манлай зуны XXXII олимпын наадам энэ өдрүүдэд тохиож байна.

Монголын баг тамирчид зуны олимпод оролцож эхэлснээс хойших 57 жилийн дотор “Токио-1964”-гоос “Токио-2020” хүртэлх замыг туулж, зуны 13 удаагийн олимпод оролцон 2 алт, 10 мөнгө, 14 хүрэл медаль хүртэн, олимпын тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлж, алтан соёмбот далбаагаа мандуулсан түүхтэй.

Дэлхий дахиныг хамарсан цар тахлын амаргүй цаг үед Монголын баг тамирчид идэвхтэй бэлтгэл сургуулилтаа базааж, цуцалтгүй хөдөлмөрлөж спортын 10 төрлөөр 43 тамирчин эрхээ аван оролцож байгааг онцлон тэмдэглэж байна.

Манай баг тамирчид туурга тусгаар Монгол орныхоо нэр хүндийг олимпын тавцанд өндөрт өргөнө гэдэгт итгэлтэй байна.

Дэлхий дахинаараа хүсэн хүлээсэн олимпын энэ наадамд “Хурднаас хурдан, өндрөөс өндөр, хүчтэйгээс хүчтэй, хамтдаа” уриан дор нэгдэж амжилт ялалтаар дүүрэн оролцохыг баг, тамирчид Та бүхэндээ хүсэн ерөөе!

Токиогийн тэнгэрт Монгол Улсын Төрийн далбаа олонтоо мандах болтугай гэжээ. 

Эх сурвалж:www.polit.mn