Т.САЙХАН

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар ирэх мягмар гаригт БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ.

Өнгөрсөн хоёрдугаар сард манай хоёр улсын гадаад харилцааны сайд нар утсаар ярьж Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа Ковид-19 цар тахлын амаргүй нөхцөл байдалд ч идэвхтэй өрнөж буйд сэтгэл хангалуун байгаагаа онцлон тэмдэглэж, хоёр талын хамтын ажиллагааг улам бүр идэвхжүүлэхийн төлөө цаашид ч нягт хамтран ажиллахаа илэрхийлж байсан билээ.

Түүнчлэн эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд онцгой ач холбогдол өгч, худалдааг дэмжих, томоохон төслүүдийн хэрэгжилтийг урагшлуулах чиглэлээр хоёр талын үйл ажиллагааны уялдаа, мэдээлэл солилцоог идэвхжүүлэхээр тохиролцсон байдаг. 

Дашрамд дурдахад, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2021 оны тавдугаар сарын 31-нээс зургадугаар сарын 4-ний өдрүүдэд сайд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар тус улсад айлчлал хийсэн билээ. 

Эх сурвалж:www.polit.mn