Т.БАТСАЙХАН

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уржигдар Японыг зорив. Энэ нь Л.Оюун-Эрдэнийн Ерөнхий сайд болсноосоо хойш хийж буй анхны гадаад дахь ажлын айлчлал нь бөгөөд олимпий̆н наадамтай давхцаж байгаа юм. Мэдээж хэрэг, тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар олимпий̆н наадмын нээлтэд оролцоно. Олимпий̆н наадам болж буйтай холбоотойгоор Японд бөмбөрцгийн өнцөг булан бүрээс нэр нөлөө бүхий хүмүүс цуглаад байгаа юм байна. Ялангуяа Японы эзэн хааны урилгаар дэлхийн улс орнуудын угсаатнууд олноороо очсон байна. Харин Японы Ерөнхий сайд Суга Ёшихидэгийн урилгаар Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, АНУ-ын Тэргүүн хатагтай Жилл Байден нар очжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэхүү ажлын айлчлалынхаа хүрээнд Япон болон бусад улс орнуудын удирдлагуудтай хэд хэдэн томоохон уулзалтуудыг хийх юм байна. Уулзалтууд нь өчигдрөөс эхэлсэн байна. Тэрбээр Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэтэй уулзжээ.

 Ерөнхий сайд Суга Ёшихидэгийн хувьд өмнө нь манайхаар ЗГХЭГ-ын даргын албыг хашиж байсан. Хөдөө орон нутгаас ажлын гараагаа эхэлсэн. Өнөөгийн эрх баригч Либерал ардчилсан намын төв аппаратад ажиллаж байсан. Өдгөө тус намын даргын албан тушаалтай. Японы Ерөнхий сайдын хувьд Монгол Улсын Ерөнхий сайдын анхны гадаад айлчлал өөрийнх нь улс болсонд таатай байгаа аж. Энэ нь манай тамирчид, зочдыг хүлээж авч байгаа байдлаас харагдаж байгаа юм. Ер нь бол Японы тухайд Монгол Улстай байгуулсан харилцаанд илүүтэй анхаарал тавьдаг. Энэ удаад олимпийн наадмын зэрэгцээ Монгол Улсад илүүтэй ач холбогдол өгч байгаа нь хэд хэдэн шалтгаантай гэхэд болно. Хоёр улсын харилцаа тогтоод 50 жил өнгөрсөн. Одоо дараагийн 50 жилийн өнгийг тодорхойлох чухал яриа хэлэлцээр энэ үеэр болно гэсэн үг. Нөгөөтэйгүүр аливаа улсын гүйцэтгэх засаглалын тэргүүн анхны айлчлалаараа сонгоно гэдэг очсон улсынхаа НҮБ дахь статуст нөлөө үзүүлдэг юм байна. Түүнчлэн ирэх есдүгээр сард Сүга Ёшихидэ Ерөнхий сайдын тэргүүлдэг Либерал ардчилсан намын их хурал болно. Тэр хурлаар нь нам л болсон хойно нэлээд асуудал яригдахаар зэхэж байгаа гэнэ. Ийм цаг үед Монголын эрх баригч намын дарга айлчлал хийж буйг дэмжлэг хэмээн үзэж буй аж.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий сайд Сүга Ёшихидэ нарын уулзалтаар хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд нэлээд чухал асуудлуудыг хөндлөө. Тухайлбал,

-Хөшигийн хөндийн Эдийн засгийн бүс болон нисэх онгоцны буудлын зэрэглэлийг ахиулах,

-Мэдээллийн технологийн чиглэлийн хамтын ажиллагааны хүрээнд IT салбарын 1000 инженер бэлтгэх, энэ чиглэлийн компаниудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх,

-Нийслэл Улаанбаатар хотыг тойрсон 71 км хурдны зам,

- “Богдхаан” төмөр зам,

-Нүүрсний ордыг түшиглэн Устөрөгчийн цахилгаан станц байгуулах, ТЭЗҮ дээр ажиллах

- Хөнгөн галт тэргийн ТЭЗҮ боловсруулах зэргийг ярьж удахгүй хэрэгжүүлж эхлэхээр албан ёсоор тохирлоо.

Энэ үеэр Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Хүн төрөлхтөний туулж буй энэ хүнд цаг үед зохион байгуулж байгаа олимпий̆н наадамд биечлэн ирж, хамт байгаад талархаж байна” гэсэн байна. Мөн өдөр Ерөнхий сайд Японы парламет дахь Япон Монголын бүлгийн гишүүдтэй уулзалт хийжээ. Үүнээс гадна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр орой Японы эрх баригч Либерал ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Никай Тошихиротой уулзалт хийжээ.

 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Японы 126 дахь эзэн хаан Нарүхитод бараалхана. Бас Ерөнхий сайд Японд айлчилж буй Францын ерөнхийлөгч Эммануэль Макронтай уулзах юм байна. Франц улс сэргээгдэх эрчим хүч, барилга, хот байгуулалт, уул уурхай, төмөр зам, байгаль орчны салбарт хамтран ажиллах боломжтойг хоёр тал тодорхойлсон. Тэгэхээр энэ уулзалтаар эдгээр чиглэлээр хамтран ажиллах талаар яригдах бололтой. Ерөнхий сайдын энэхүү ажлын айлчлал энэ сарын 25-ныг дуустал үргэлжилнэ. Богцыг нь харж сууя.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.7.23 БААСАН № 143 (6620)