Б.БАЯР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон улсад ажлын айлчлал хийхээр өнөөдөр /2021.7.21/ эх орноосоо мордлоо. Энэ нь түүний Ерөнхий сайдаар томилоглсоноос хойшх анхны гадаад айлчлал бөгөөд 25-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм. Тэрбээр Токиогийн зуны XXXII Олимпийн нээлтийн ажиллагаанд оролцоно. Үүний зэрэгцээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх өдрүүдэд Японы төр, засгийн удирдлагуудтай хэд хэдэн уулзалт хийхээр төлөвлөсөн байна. Ерөнхий сайд Японы 126 дахь эзэн хаан Нарүхитод бараалхана.
Мөн Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэтэй уулзаж, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд нэлээд чухал асуудлуудыг хөндөнө. Тухайлбал, Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалт, IT салбарын 1000 инженер бэлтгэх, нийслэл Улаанбаатар хот тойрсон дэд бүтэц зэрэг томоохон асуудлыг ярих юм байна. Үүнээс гадна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ айлчлалынхаа үеэр Японы эрх баригч Либерал Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Никай Тошихиротой уулзалт хийх юм байна. Түүнчлэн Ерөнхий сайд Японд айлчилж буй Францын ерөнхийлөгч Эммануэл Макронд бараалхах юм байна. Монгол, Франц улсууд сэргээгдэх эрчим хүч, барилга, хот байгуулалт, уул уурхай, төмөр зам, байгаль орчны салбарт хамтран ажиллах боломжтойг хоёр тал тодорхойлсон. Тэгэхээр энэ уулзалтаар эдгээр чиглэлээр хамтран ажиллах талаар яригдах бололтой.
Эх сурвалж: www.polit.mn